Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1749

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох

Хохиролд 9 072 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Р.*******ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн захирал Р.*******той “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан хөнгөн ган карказаар 148 м.кв талбайтай байшин бариулахаар тохиролцож, уг ажлыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгаж, гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний өдрөөс эхлэн дээврээс ус гоожиж эхэлсэн. Дээврийн хөндий дотор орж үзтэл дүүрэн мөс, цан 5-8 см тогтсон байсан бөгөөд би яаралтай арга хэмжээ авч цас, мөсийг цэвэрлэсэн. Энэ хохирлыг арилгахын тулд би ямар хэмжээний хохирол учирсаныг хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-д хандаж үнэлгээ хийлгэхэд 9 072 000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг 100 хувь хийнэ гэж хэлсэн. Ажлыг хийх явцдаа дээврийн фасад хийж чадахгүй өөр хүнээр хийлгэсэн. Энэ хооронд ажил 10 хоног зогссон. Р.******* өөрөө *******ыг олж ирсэн, өөрөө мөнгөө өгнө гэсэн гэрээ хийсэн гэж байсан. ******* надад хэлэхдээ “...******* ХХК гүйцэтгэгчээр ажиллуулахаар гэрээ хийчихээд мөнгөө өгөхгүй байна. Бид нарт мөнгө байхгүй ажилчдын хөлс, хоол хүнсний мөнгө байхгүй. Би таньтай гэрээ хийгээд мөнгө авъя...” гэхээр би за гэсэн. “*******” ХХК ажлаа хийхгүй болохоор би зөвшөөрсөн. ******* дээврийн ажил хийгээгүй гадна фасад хийсэн. Би *******т 4 000 000 төгрөг өгсөн. “*******” ХХК-ийн өгөх ёстой 4 000 000 төгрөгийг би өгсөн. “*******” ХХК ажлаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл мөнгөө ч нэхээгүй алга болсон. ******* ажлаа хийгээд хүлээлгэж өгсөн. Иймд эд хөрөнгөнд учирсан хохирол 9 072 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ж.*******той 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 148м.кв талбайд хөнгөн карказ угсралт, гадна фасад дээвэр, дулаалгын ажлын хамт хийхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан нөхцлийн дагуу хөнгөн ган карказ угсралтын ажил явагдсан бөгөөд гадна фасад болон дээврийн ажлыг мэргэжлийн хүмүүсээр “туслан гүйцэтгэх гэрээ” байгуулан гүйцэтгүүлсэн. Иргэн Ж.*******ын нэхэмжлэл дэх үүсээд буй асуудал нь гадна фасад гүйцэтгэхтэй холбоотой буюу агааржуулалтын системийг зохих ёсоор хийж өгөөгүйгээс үүссэн асуудал бөгөөд дараах шалтгааны улмаас ийм байдал үүсээд байна. Үүнд: Ж.*******ын нэхэмжлэлд дурдсан “гэрээнд заасны дагуу төлбөрийг төлсөн болно” гэдэг нь үнэнд үл нийцэж байна. Гэрээний дүн 26 000 000 төгрөг, 2 удаагийн гүйлгээгээр нийт 19 600 000 төгрөг авсан бөгөөд гадна фасад гүйцэтгэх гэрээний дүн болох 4 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болох 2 400 000 төгрөгийг тус компани авах ёстой юм. Тус компани нь иргэн Ч.*******тай гадна фасад гүйцэтгүүлэхээр “туслан гүйцэтгэх гэрээ” байгуулсан байтал Ж.******* нь Ч.*******тай давхар гэрээ байгуулж тухайн ажлыг гүйцэтгүүлсэн юм. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 6 400 000 төгрөгийг тухайн компани авах ёстой байтал Ж.******* нь Ч.*******т уг мөнгийг өгсөн гэж ярьдаг. Ж.*******ын нэхэмжлэлд гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн болно гэсэн боловч санхүүгийн баримтаар нотлоогүй байгааг анхаарна уу.

...*******оос 6 400 000 төгрөг авах байсан. ******* *******т 4 000 000 төгрөг өгсөн гэсэн учраас энэ мөнгийг хасаад 2 400 000 төгрөг авна гэсэн боловч бидний мөнгийг өгөөгүй. Бригад ажил хийхдээ агааржуулалтын системыг хийгээгүй байсан. Агааржуулалт хийгээгүйн улмаас цан, мөс тогтох нөхцөл бүрдсэн. Үлдсэн төлбөрөө өгчихвөл засаад өгч болно. Цан, мөс тогтсон асуудал дулаалгаас болоогүй агааржуулалттай холбоотой үүнийг ******* сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч санхүүгийн баримтаар 26 000 000 төгрөг барагдуулсан гэдгийг нотлож чадахгүй. Ажлаа хүлээлгэж өгөөгүй нь үнэн, үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас хүлээлгэж өгөөгүй” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлиийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-иас 9 027 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160 102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасан “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэснийг гол үндэс болгон маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд “...Ч.******* нь надтай гэрээ хийгээд мөнгөө авья гэхэд нь би зөвшөөрсөн” гэж хэлснийг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Ж.******* нь Ч.*******тай давхар гэрээ байгуулсан байсан нь өөрийнх нь хэлснээр нотлогдож байгаа бөгөөд ингэснээр хуулийн дээрх зүйл заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 9 072 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид хоорондоо 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу 148 м.кв талбайд хөнгөн ган карказ, гадна фасад дээвэр, дулаалгын ажлын хамт /шатны марш, бүс бетон/ 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс болох 26 000 000 төгрөгийг гэрээнд зааснаар ажлаа эхлэхэд 60 хувь, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа 40 хувийг төлөх үүргийг харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 9-11, 39, 40, 61-63/ Иймд шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...доголдолтой ажил гүйцэтгэсэн, ...ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, ...шаардсан хугацаанд доголдлыг арилгаж өгөөгүй, ...хохирлыг арилгаж өгөөгүй...” гэж, хариуцагч нь “...бид ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн, ...гадна фасадыг Ч.*******аар хийлгэсэн, фасадыг хийхдээ агааржуулалтын системийг зохих ёсоор хийгээгүй..., Ч.******* тусдаа гэрээтэй учир бид хариуцахгүй..., ажлын хөлс 2 400 000 төгрөгийг гүйцээгээд өгвөл ажлыг хийгээд өгөхөд бэлэн байна...” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар талууд ажлын хөлсийг тохиролцож, ажил гүйцэтгэж эхлэхэд 60 хувь, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсний дараа 40 хувийг төлөхөөр гэрээндээ тохирсон, гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд нийтдээ 19 600 000 төгрөг буюу 75.4 хувийг нь төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заажээ. Ажил гүйцэтгэх гэрээний явцад хариуцагч “*******” ХХК нь иргэн Ч.*******тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, 120 м.кв талбай бүхий гадаргууг OSB хавтан, ус чийг тусгаарлагч, хөөсөнцөр /ам бүхийн хөөсдөг/, гадна фасад, цонхны амалгаа, хөмсөг, усны хаялага зэрэг ажлыг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс 4 000 000 төгрөг, гүйцэтгэх ажлыг 100 хувь дууссан тохиолдолд төлөхөөр тохиролцсон байна. /хх 44-46/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг би хариуцахгүй, Ч.******* хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч иргэн Ж.*******, Ч.******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, “*******” ХХК-ийн Ч.*******тай байгуулсан гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 4 000 000 төгрөгийг Ж.******* төлсөн нь шинээр ажил гүйцэтгэх гэрээг Ч.*******тай байгуулсан гэж үзэх үндэс болохгүй тул туслан гүйцэтгэгчийн хүлээвэл зохих үүргийг үндсэн гүйцэтгэгч хүлээх тухайд хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчид хандсан боловч арга хэмжээ аваагүй, хохирлоо тогтоолгохоор “Мөнх-Оргил трейд” ХХК-д хандсаны дагуу тус компанийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №23 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар Ж.*******т 9 072 000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлжээ. /хх 15-28/ Хариуцагч нь уг үнэлгээний тайланд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй тул шүүх хариуцагч “*******” ХХК-иас 9 072 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан туслан гүйцэтгэгч болон үндсэн ажил гүйцэтгэгч нарын хоорондын харилцааг тодорхойлсон заалтыг тогтоох хэсэгт баримтласан нь оновчгүй байгаа хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

           

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН