Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 39

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох 2030000080055 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр баг “Ц” гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй, Б.Г

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч  Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газарт иргэн Н.Хыг машины кабинаас татаж унагаан, улмаар зодож, эрүүл мэндэд нь “баруун гарны шуу ясны далд хугарал, зүүн талын 3 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Н.Х гэдэг хүн хөдөө байдаг манай эмээгээс мөнгө дээрэмдсэн байсан. Манай эмээ 80 нас гарч байгаа, хоёр нүд нь юм хардаггүй настай хүн байдаг юм. Мөн 40 нас хүрч байгаа группд байдаг эгчийг маань хүчиндсэн байсан. Би тэрийг сонсоод уур хүрсэн юм. Манай эгч сэтгэцийн өвчтэйн улмаас группд байдаг.  Н.Х нь эмээгээс мөнгө авсан байна,энэ мөнгийг нь гаргаж өг гэж хэлэхэд Ө дуугарахгүй байсан. Өмднийх нь халаасыг уудлаад үзэхэд мөнгө нь гарч ирсэн. Өөрийнхөө үйлдлийн улмаас гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Н.Хтой уулзаад уучлалт гуйсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэж хэлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэв.

- Яллагдагч Б.Гийн: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед ээж, эхнэр, хүүхдийн хамт эмээгээ эргэхээр очсон юм. Тэгээд бид нарыг очиход аавын дүү С байхгүй байсан. Гэрт нь нэг хүн унтаж байсан. Бид нар С ахынд очоод удаагүй байтал С ах Ө гэх хүний машинтай ирээд гэртээ унтаж байсан хүнийг сэрээгээд аваад явсан. Гэрт унтаж байсан хүнийг гэрээс аваад гарсны дараа манай эмээ “энэ надаас 20.000 төгрөг булааж авсан. Мөн охин Эг бархируулаад байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд машинтайгаа Өын араас очиж зогсоогоод Ө ахаас “та юун хүн авч яваа юм бэ” гэж асуухад дуугараагүй. Тэгээд би машины буруу талаар нь очиж арын хаалгыг онгойлгож дотор нь сууж байсан үл таних хүн буюу Н.Хыг кабинаас татаж буулгаад Ө гэх хүнд хандан “ тантай хамт яваа энэ хүн чинь эмээгээс 20.000 төгрөг булааж авсан, дээрээс нь Э эгчийг бархируулаад байсан “ гэсэн. Энэ хүнийхээ халааснаас авсан мөнгийг нь гаргаад аль гэтэл Ө ах хөдлөхгүй байхаар нь би Х гэх хүний өмдний халаасыг өөрөө уудалтал халаасанд нь хоёр ширхэг 10.000 төгрөг байсан. Тэгээд би үүнийг хар гэж Ө ахад мөнгийг нь харуулаад Хын дээрээс нь 2-3 удаа өшиглөөд Хыг бос гэж хэлтэл босохгүй болохоор нь хоёр мөрөн дээрээс нь татаж Ө ахтай хамжиж машинд нь суулгаад С ахыг гэр рүүгээ явъя гэж хэлээд дагуулаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

- Хохирогч Н.Хын: Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө найз Өын хамт Наран сумаас гарч хөдөө айл дээр очсон юм. Бид хоёрыг тэр айлд ороод цай хоол идээд байж байтал манай найз Ө нь уг айлын эзнээс шинэ оны нэг шил архи гаргаж өгөхгүй юм уу гэсэн. Тэгтэл тэр айлын эзэн бид хоёрт дээрээс нь задалсан байсан нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг бид гурав хувааж уугаад Ө нь машинаа халаахаар гараад кабинаасаа 1.2 литрийн ундааны савтай монгол архи оруулж ирсэн. Уг архинаас бид хэд дээрээс нь ганц нэг татаад уулгүй болиод унтсан юм. Өглөө 09 цагийн үед босоод Ө нь “ Дарьганга сум явж хүүхэд авч ирж хөдөө айл дээр хүргэж өгнө “ гэхээр нь би хамт явах уу гэтэл “ чи наанаа амарч бай “ гэсэн. Тэгээд би Ө, С хоёрыг гэрээсээ гараад явахаар нь араас нь цуг явах гээд гараад очтол тэр хоёр хөдлөөд явсан байсан. Тэгэхээр нь би эргэж Сгийн гэрт орж ирээд сууж байтал түрүү шөнө уусан шилтэй архины үлдэгдэл 2 хуруу орчим архи байхаар нь тэр архийг уугаад, мөн монгол архи савныхаа ихэнхээр байхаар нь уг архийг уусан юм. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, би тасарсан байна. Нэг мэдсэн Ө нь ирээд намайг явах уу гэж хэлж байсан. Тэгээд машинд нь суугаад жаахан явж байтал нэг танихгүй залуу намайг татаад байх шиг байсан. Тухайн үед мөн юу болсныг санахгүй байна. Сүүлд намайг айлд очсоны дараа Ө нь надад хэлэхдээ намайг “ С гэх хүний дүү нь ирээд эмээгээс нь мөнгө авсан байна гэж зодсон" гэж байсан. Машинаас гараас татаж буулгаад газар ойчуулж байсныг санаж байна. Түүнээс хойш хаашаа хэдэн удаа юугаар цохисныг мэдэхгүй байна. Харин энэ талаар хамт явсан Ө нь ярихдаа тэр үл таних залуу буюу Г гэх залуу миний зоо нуруун хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан гэсэн. Чухам хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

- Гэрч М.Мын: Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байхад манай хадам дүү болох Мөг Дарьганга сумаас Ө гэдэг хүн өдөр 13 цагийн үед хүргэж ирсэн юм. Тэгээд манай хадам дүүг гэрт оруулж өгөөд цай ууж сууж байснаа машины ард нэг хүн байгаа зүгээр байгаа гэж байсан. Тэгэхээр нь би яасан хүн юм бэ гэж асуухад хүнд зодуулаад гэсэн. Ө нь гараад машиныхаа арын хаалгыг онгойлгоод нэг хүн сугадаж буулгаад манай малчин болох Мишигийн Эрдэнэбатын гэр лүү оруулсан. Би араас нь малчных руугаа ороод хартал нэг хүн баруун талынх нь орон дээр ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь Өад хандан түргэн дуудаж үзүүл гэж хэлтэл тоохгүй зүгээрээ гээд суугаад байсан. Нөгөө зодуулсан хүн бүр бархираад болохгүй болохоор нь би шөнө 23 цагийн үед Онгон сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь түргэн ирээд уг хүнийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13/

- Гэрч Ч.Сгийн: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө манайд Г.Ө нь 00 цаг өнгөрөөгөөд нэг үл таних хүнтэй ирсэн. Шинэ оны юм байна уу гэхээр нь би гэрт байсан, дээрээс нь задалсан байсан “Соёрхол” нэртэй архийг гаргаж өгөөд уг архийг Ө болон түүнтэй хамт явсан хүн бид гурав хувааж уусан юм. Ө нь машинаа халааж ирнэ гэж гараад машинаасаа 1.2 литрийн саванд хийсэн монгол архи оруулж ирсэн. Тэр монгол архийг мөн бид гурав хувааж уугаад унтсан юм. Өглөө 10 цагийн үед Ө нь босоод “ намайг хамт Дарьганга сум явах уу, айлаас хүүхэд авч ирэх ёстой “ гэсэн. Тэгээд хамт явахаар болтол Өтай хамт ирсэн хүн нь цуг явна гэтэл Ө уг хүнийг авч явахгүй чи наанаа унтаж бай гээд орхиод явсан юм. Ө бид хоёр Дарьганга сум руу 10 өнгөрөөж яваад сумын төв орж айлаас хүүхэд аваад өдөр 13 цагийн үед манай гэрт ирсэн. Бид хоёр сумаас ирээд манай гэр лүү ортол Өтай хамт ирсэн хүн нь манай авдарны өмнө унтаж байсан. Тэгтэл Ө нь уг хүнийг сэрээгээд явах уу гээд аваад гарсан. Бид нарыг гэрт ирэхэд манай ах Борхүүгийн эхнэр Оюунчимэг нь хүү Г, эхнэр Н нарын хамт ирсэн байсан. Ө, би хамт явсан үл таних хүн болох Х, Дарьганга сумаас авч ирсэн хүүхэд бид дөрөв манайхаас хөдлөөд зүүн хойш 2-3 км газар явж байтал араас манай ахын хүү болох Г нь машинтай ирж зогсоогоод Өад хандаад “та ямар хүн дагуулж яваа юм, наад хүн чинь эмээ, эгч хоёрыг айлгаад мөнгө авсан байна” гэж хэлээд машины буруу талаар ирээд арын хаалгыг онгойлгоод дотор нь сууж байсан Хыг татаж буулгахад Х нь газар ойчоод өгсөн. Манай дүү Хыг эмээгээс авсан мөнгө хаана байна гэтэл Х нь дуугарахгүй байхаар нь ар нуруун хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Ө бид хоёр машинаас буугаад очиход манай дүү Г нь Өад хандан “та энэ хүний халаасыг уудлаад эмээгийн мөнгийг гаргаад ир” гэтэл Ө нь хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь манай дүү Г уг хүний өмдний хажуу талын халаасыг уудалтал халаасанд нь 2 ширхэг 10.000 төгрөг байсан. Тэгээд мөнгийг аваад Хыг бос машиндаа суу гэтэл босохгүй байхаар нь Г нь хоёр мөрөн дээрээс нь өргөөд машинд суулгаад намайг гэр лүүгээ явъя гээд дагуулаад явсан. Г нь Хын нурууны ар хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Х нь Гд зодуулаад машинд суухдаа элгээ тэврээд тонгойгоод сууж байсан. Гар нь хөдөлж байсан үгүйг ажиглаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

- Гэрч Г.Өын:.2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө дунд 02 цагийн үед найз Сгийндаа өөрийн найз Н.Хыг дагуулаад очсон. Манай найз С нь баярын юм гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг Х, С бид гурав хувааж уусан юм. Уг архиа ууж дуусаад би гарч машинаа халаагаад кабиндаа байсан 1.2 литрийн ундааны савтай монгол архийг задалж мөн бид гурав уусан. Тэгээд уг архийг ууж дуусаад унтсан. Өглөө 09 өнгөрөөгөөд босоод цай уугаад Дарьганга явах ажилтай байсан тул С найзыгаа хамт явах уу гэтэл тэгье гэсэн. Тэгээд би Хыг наанаа үлдээд амарч бай гэж хэлээд орхиод явсан. С бид хоёр Дарьганга сум ороод айлаас хүүхэд аваад өдөр 13 цагийн үед Сгийнд ирэхэд Х нь авдарных нь өмнө унтаж байсан. Бид хоёрыг гэрт орох үед Борхүүгийн эхнэр болох Оюунчимэг, түүний хүү Г нь эхнэртэйгээ байсан. Тэгээд би Сгийнхаас Хыг сэрээгээд Дарьганга сумаас авч ирсэн хүүхдээ айлд буулгаж өгөөд цааш Онгон сум орж мөс ачиж ирэх ёстой байсан тул Сг мөн хамт аваад гарсан юм. Бид хэд Сгийнхаас хөдлөөд зүүн хойш 2-3 км газар явж байтал араас машин давхиж ирээд зогс гэж дохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоосон чинь Г нь бууж ирээд надад хандаад “ та чинь ямар хүн дагуулж яваа юм бэ? Наад хүн чинь эмээг дээрэмдэж Э эгчийг элэг барьсан байна “ гээд машины буруу талаар очиж арын хаалга онгойлгоод Хыг татаж буулгаад эмээгийн мөнгийг гаргаж өг гэж хэлээд өшиглөж байсан. Тухайн үед хаашаа өшиглөсөн эсэхийг харж амжаагүй. Би машинаасаа буугаад тойроод очиход Г нь надад хандан “ та наад хүнийхээ халаасыг уудлаад мөнгийг нь гаргаж өг “ гэж хэлж байсан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй зогсож байтал Г нь өөрөө Хын өмдний халаасыг уудлаад хажуу талын халааснаас нь хоёр ширхэг 10.000 төгрөг гаргаж ирээд “энэ авсан мөнгө нь байна, та ийм л хүн дагуулж явж байна ш дээ” гэж хэлээд Хыг бос машиндаа суу гэж хэлтэл Х нь босохгүй байсан. Тэгэхээр нь Г бид хоёр хамжаад Хын хоёр гараас нь түшиж босгоод машинд суулгасан. Г нь ах Сг надтай хамт явуулахгүй гээд гэр лүүгээ дагуулаад явсан. Тэндээсээ би Х болон Дарьганга сумаас авч ирсэн хүүхдээ хүргэж өгөхөөр Онгон сумын иргэн М.Б гэх айлд хүргэж ирсэн. Уг айлд ороод цай уугаад гарч ирэхэд Х нь машины арын суудал дээр ёолоод хэвтэж байхаар нь машинаас түшиж буулгаад М.Бгийн хажуу талын айлд оруулаад баруун орон дээр нь хэвтүүлсэн. Н.Х нь тухайн айлд ёолоод болохгүй болохоор нь М.Бд хэлээд Онгон сумаас түргэн дуудаж үзүүлэхэд эмч нь ирж үзээд ямар ч байсан сум авч явахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд аваад явсан. Тэгээд би тэр айлдаа үлдээд Дарьганга сум явсан юм. Г нь яг хаана нь өшиглөж байсныг харж чадаагүй, 3-4 удаа өшиглөж байгаа харагдсан. Х нь Гд зодуулаад босохгүй байхаар нь машинд суулгахад ёолоод байсан. Тухайн үед сайн ажиглаагүй. С бид хоёр өглөө нь босоод архи уугаагүй харин Алтан овооны баруун хойд талд нэг шил архи задлаад овоонд өргөөд дээрээс нь нэг нэг жижиг аягаар татаад буцаагаад хийсэн юм. Тиймээс бид хоёр бараг эрүүл байсан. Харин Сгийнд ирэхэд Х нь нэлээд согтуу байсан. Сүүлд Хоос яагаад согтуу байсан талаар асуухад түрүү шөнө уусан монгол архины үлдэгдэл архийг өглөө босоод бид хоёрыг явсны дараа ганцаараа уусан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

- Хүний их эмч У.Баатарын “Эмчийн тодорхойлолт” /хх-ийн 23/

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай: 1 Н.Хын биед баруун гарны шуу ясны далд хугарал, зүүн талын 3 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20/,

-Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020.01.07-ны өдрийн 08/010 дугаартай тодорхойлолт /хх-ийн 41/

-Б.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42/

- Б.Гийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 43-44/

- Б.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51/

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний прокурорын санал /хх-ийн 53/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ц” гэх газарт иргэн Н.Хыг машины кабинаас татаж унагаан, өшиглөн зодож эрүүл мэндэд нь “ баруун гарны шуу ясны далд хугарал, зүүн талын 3 дугаар хавирганы хугарал ” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Н.Х гэдэг хүн хөдөө байдаг манай эмээгээс мөнгө дээрэмдсэн байсан. Манай эмээ 80 нас гарч байгаа, хоёр нүд нь юм хардаггүй настай хүн байдаг юм. Мөн 40 нас хүрч байгаа группд байдаг эгчийг маань хүчиндсэн байсан. Би тэрийг сонсоод уур хүрсэн юм. Н.Х нь эмээгээс мөнгө авсан байна,энэ мөнгийг нь гаргаж өг гэж хэлэхэд Ө дуугарахгүй байсан.Өмднийх нь халаасыг уудлаад үзэхэд мөнгө нь гарч ирсэн. Өөрийнхөө үйлдлийн улмаас гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх,
хохирогч Н.Хын “ Тэгээд машинд нь суугаад жаахан явж байтал нэг танихгүй залуу намайг татаад байх шиг байсан. Тухайн үед мөн юу болсныг санахгүй байна. Сүүлд намайг айлд очсоны дараа Ө нь надад хэлэхдээ намайг С гэх хүний дүү нь ирээд эмээгээс нь мөнгө авсан байна гэж зодсон гэж байсан. Машинаас гараас татаж буулгаад газар ойчуулж байсныг санаж байна. Түүнээс хойш хаашаа хэдэн удаа юугаар цохисныг мэдэхгүй байна. Харин энэ талаар хамт явсан Ө нь ярихдаа тэр үл таних залуу буюу Г гэх залуу миний зоо нуруун хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан гэсэн. Чухам хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна....гэх,
гэрч М.Мын “ Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед Дарьганга сумаас Ө гэдэг хүн манай хадам дүү Мөг хүргэж ирсэн. Тэгээд цай ууж сууж байснаа машины ард нэг хүн байгаа зүгээр байгаа гэж байсан. Би яасан хүн юм бэ гэж асуухад хүнд зодуулаад гэсэн. Ө нь гараад машиныхаа арын хаалгыг онгойлгоод нэг хүн сугадаж буулгаад манай малчин болох Мишигийн Эрдэнэбатын гэр лүү оруулсан. Тэгээд би араас нь малчных руугаа ороход баруун талынх нь орон дээр нэг хүн ёолоод хэвтэж байсан. Би Өад хандан түргэн дуудаж үзүүл гэж хэлтэл тоохгүй зүгээрээ гээд суугаад байсан. Нөгөө зодуулсан хүн бүр бархираад болохгүй болохоор нь би шөнө 23 цагийн үед Онгон сумын эмнэлэг дуудаж үзүүлсэн чинь түргэн ирээд уг хүнийг аваад явсан ” гэх,
гэрч Ч.Сгийн “ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө манайд Г.Ө нь 00 цаг өнгөрөөгөөд нэг үл таних хүнтэй ирсэн юм. Өглөө нь  Ө, бид явахдаа уг хүнийг үлдээгээд явсан. Бид нарыг гэрт ирэхэд манай ах Борхүүгийн эхнэр Оюунчимэг нь хүү Г, эхнэр Н нарын хамт ирсэн байсан. Тэгээд Ө би хамт явсан үл таних хүн болох Х, Дарьганга сумаас авч ирсэн хүүхэд бид дөрөв манайхаас хөдлөөд зүүн хойш 2-3 км газар явж байтал араас манай ахын хүү болох Г нь машинтай ирж зогсоогоод Өад хандаад “та ямар хүн дагуулж яваа юм, наад хүн чинь эмээ, эгч хоёрыг айлгаад мөнгө авсан байна” гэж хэлээд машины буруу талаар ирээд арын хаалгыг онгойлгоод дотор нь сууж байсан Хыг татаж буулгахад Х нь газар ойчоод өгсөн.Манай дүү Хыг эмээгээс авсан мөнгө хаана байна гэтэл Х нь дуугарахгүй байхаар нь ар нуруун хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Ө бид хоёр машинаас буугаад очиход манай дүү Г нь Өад хандан “та энэ хүний халаасыг уудлаад эмээгийн мөнгийг гаргаад ир” гэтэл Ө нь хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь манай дүү Г уг хүний өмдний хажуу талын халаасыг уудалтал халаасанд нь 2 ширхэг 10.000 төгрөг байсан. Тэгээд мөнгийг аваад Хыг бос машиндаа суу гэтэл босохгүй байхаар нь Г нь хоёр мөрөн дээрээс нь өргөөд машинд суулгаад намайг гэр лүүгээ явъя гээд дагуулаад явсан. Х нь Гд зодуулаад машинд суухдаа элгээ тэврээд тонгойгоод сууж байсан” гэх,
гэрч Г.Өын “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө дунд 02 цагийн үед найз Сгийндаа өөрийн найз Н.Хыг дагуулаад очсон.Бид хэд Сгийнхаас хөдлөөд зүүн хойш 2-3 км газар явж байтал араас машин давхиж ирээд зогс гэж дохисон. Би машинаа зогсоосон чинь Г нь бууж ирээд надад хандаад та чинь ямар хүн дагуулж яваа юм бэ? Наад хүн чинь эмээг дээрэмдэж Э эгчийг элэг барьсан байна гээд машины буруу талаар очиж арын хаалга онгойлгоод Хыг татаж буулгаад эмээгийн мөнгийг гаргаж өг гэж хэлээд өшиглөж байсан. Тухайн үед хаашаа өшиглөсөн эсэхийг харж амжаагүй. Би машинаасаа буугаад тойроод очиход Г нь надад хандан та наад хүнийхээ халаасыг уудлаад мөнгийг нь гаргаж өг гэж хэлж байсан. Г нь өөрөө Хын өмдний халаасыг уудлаад хажуу талын халааснаас нь хоёр ширхэг 10.000 төгрөг гаргаж ирээд “энэ авсан мөнгө нь байна, та ийм л хүн дагуулж явж байна ш дээ” гэж хэлээд Хыг бос машиндаа суу гэж хэлтэл Х нь босохгүй байсан. Г нь яг хаана нь өшиглөж байсныг харж чадаагүй, 3-4 удаа өшиглөж байгаа харагдсан. Х нь Гд зодуулаад босохгүй байхаар нь машинд суулгахад ёолоод байсан. Харин Сгийнд ирэхэд Х нь нэлээд согтуу байсан. Сүүлд Хоос яагаад согтуу байсан талаар асуухад түрүү шөнө уусан монгол архины үлдэгдэл архийг өглөө босоод бид хоёрыг явсны дараа ганцаараа уусан гэж байсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 50 дугаартай “ Н.Хын биед баруун гарны шуу ясны далд хугарал, зүүн талын 3 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
хүний их эмч У.Баатарын “Эмчийн тодорхойлолт” зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Г нь “ эмээг нь дээрэлхэж мөнгө авсан, сэтгэцийн өвчтэй эгчийг нь элэг барьсан “ гэх шалтгаанаар Н.Хыг машины кабинаас татаж унагаан, нуруу руу нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн асуудлаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Тухайн хэрэг гарахад хохирогч Н.Хын согтуурсан үедээ шүүгдэгч Б.Гийн “нүд хараагүй, 80 нас гарсан эмээг нь дээрэлхэж 20.000 төгрөг авсан, сэтгэцийн өвчтэй эгчийг нь элэг барьсан ” гэх хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
        
Шүүгдэгч Б.Гийн, хохирогч Н.Хыг зодож хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Б.Гийн үйлдлийн улмаас хохирогч Н.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр эмчилгээний болон бусад зардал нэхэмжлээгүй талаараа “Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ /хх 04-05/.  
Иймд шүүгдэгч Б.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г нь, хохирогч Н.Хын “ нүд хараагүй, 80 нас гарсан эмээг нь дээрэлхэж 20.000 төгрөг авсан, сэтгэцийн өвчтэй эгчийг нь элэг барьсан “ хууль бус, зүй бус асуудлын улмаас түүнийг зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

Б.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Б.Гд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
    
    
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шатанд ялтан Б.Гд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Х өөрт учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН