Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0061/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                          Б.С нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С холбогдох 1939007780005 дугаартай хэргийг 2020 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Б.С нь 2019 оны  11 дүгээр сарын 21-ний  өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров   сумын  7 баг Бэрх хотын 58 дугаар байрны 2-10 тоотод  оршин суух иргэн Д.П хүн байнга  амьдрах зориулалттай  орон байрны цонхоор  хууль бусаар нэвтэрч  эрэгтэй хүний богино  түрийтэй гутал, 17 кг  үхрийн мах зэргийг  авч  бусдад 319.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Х.Г  эзэмшлийн  тусгайлан хамгаалсан агуулах болох  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 916 тоот хашаанд  байрлах амбаарт  нууцаар, хууль бусаар  нэвтэрч хонины гуя ширхэг,   хаа хоёр ширхэг, ямааны гуя 2 ширхэг, хаа хоёр ширхэгийг хулгайлж бусдад нийт 220.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Б.С нь:...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо төлсөн...гэжээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.П өгсөн:..Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын  хөдөө хэсэгт Хүнхэр хад гэх газарт  хувийн  мал маллаж  амьдардаг юм...Манайх Бэрх хотын төвд 58 дугаар байрны 2 дугаар орцны 10 тоотод байртай учраас бага хүү Б.Энхдөл маань  тус хотын  төвд ирж төвийн байранд байгаа хөлдөөгчинд цагаан өнгийн гялгар уутанд үхрийн цул мах 10 килограмм орчмыг  бусад  эвдэж  жижиглэсэн махны хамт  хийж хөлдөөчихөөд тэр өдөртөө буцаж хөдөөх гэр лүүгээ явсан юм. Энэ махыг тэгээд Улаанбаатар хотод их сургуульд суралцдаг хүүдээ явуулах гэж хөлдөөгчинд авчирч хийсэн юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой  Улаанбаатар хот руу  машин явна гэхээр нь  хүүдээ мах өгч  явуулах гэж орой 20 цаг 30 минутын  орчимд  хөдөөх  гэрээсээ  манай нөхөр  Болд  бид  хоёр  машинтайгаа  Бэрх хотын төвд байдаг байрандаа  ирэхэд байрны  хаалга  цоожтой байсан тул өөрт  байдаг  түлхүүрээрээ цоожоо  онгойлгож  гэрт орж  ирээд  том өрөөнд  байсан хөлдөөгчнөөс  махаа авах  гэхэд  хөлдөөгчний дээд  талын тагны хойд  талын нэг  таг онгорхой, дотор нь хийсэн цагаан өнгийн  гялгар  цаасан ууттай  үхрийн цул мах, шулаагүй махтайгаа  байсан 1 ширхэг  далны  хамт  байхгүй болсон байсан. Гэтэл энэ үед  гэр дотор  салхи  нэвт  үлээж  голын  тасалгааг нь нурааж  буулгаад  хооронд нь  нийлүүлж нэг  том өрөө болгож засвар хийж байсан урд талын  өрөөний хаалга салхинд сэвэлзэж  хөдөлсөн учраас засвар хийж  байсан өрөөнд  орж харахад  тус өрөөний вакум цонхны дээд талын салхивч  нь түгжээгүй хагас онгойсон, балконы  хаалга мөн  түгжээгүй хагас  онгорхой байдалтай байсан.  Мөн гал тогооны  өрөөнд  цонхны  наад  талын хэсэгт  шалан дээр  зэрэгцүүлж  тавьсан байсан эрэгтэй  хүний богино  хагас  түрийтэй, нэхий  дотортой, Дархан нэхийд  үйлдвэрлэсэн 42 размерийн 1 ширхэг хос  гутал  алга болсон байсан...хүү маань гэртээ ирээд би орой 17 цаг болж байхад гэрээ цоожлоод сурууль явсан. Намайг явахад хөлдөөгчинд мах байсан, мөн гал тогооны өрөөнд гутал байсан гэж хэлсэн... Миний бодлоор  хэн нэгэн  хүн урд  талын  өрөөний  цонхны салхивчны  түгжээг  гаднаас нь онгойлгож гэрт  орж  мах, гутал хулгай хийчихээд буцаж  тус өрөөний  балконы  хаалганы  түгжээг  дотроос  нь онгойлгож  гарч явсан болов уу гэж  үзэж байгаа...Би тэр гутлыг гэрээс хулгайд алдахын өмнө Бэрх хотын иргэн Амгаланбаатар гэдэг хүнд зарах гэж гэртээ оруулж гутлаа үзүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Хохирогч А.Г өгсөн:....Б.С  гэх залууг  танихгүй манай эд зүйлийг захиран зарцуулах  болон гэр  бусад  газарт нэвтрэх ямар нэгэн  эрх байхгүй... Махныхаа мөнгийг гаргуулж авмаар байна. Би 220.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99 хуу/

Гэрч М.Ганчулууны өгсөн:...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой  Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг  Бэрх хотын төвд байдаг  Бэрх тоонот ХХК-ий хүнс барааны дэлгүүрийн  хойд талын  өрөөндөө  байдаг билльярдан дээр тоглох гэж  орой 20 цагийн орчимд  очиход тэнд С  түрийтэй  хар өнгийн  шинэ хос гутлыг зарна гээд  хажуудаа  тавьчихсан  тоглож байсан.  С архи  уучихсан халамцуу  байсан.  Гэхдээ  тийм ч  их согтолттой  биш байсан... С надад  гутал зарахдаа  Онцгой байдлын албаны  хангалтанд өгдөг  гутал байгаа юм би ажилд өмсөх гэж өөртөө авсан чинь  томдоод байгаа болохоор  зарах гэж  байгаа юм гэж  хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

Гэрч Я.Очирсүхийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын 1 дугаар баг Бэрх хотын төвд 59 дүгээр байрны 3-21 тоотод амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих  шөнө би гэртээ  унтаж  байхад  үүрийн 04 цагийн орчимд манай найз  Саматбек манай гэрт  орж ирж унтсан...С  Хэнтий аймгийн Бор-Өндөр  сумаас 2019 оны 11 дүгээр сарын 20-нд ирж  манай гэрт 3 хоносон.  Бэрх хотод өөөрийн гэсэн гэр орон байхгүй....С манай гэрт 3 хонохдоо  ямар  нэгэн эд зүйлийг  авчирч  байгаагүй... Манай гэрт шөнө орж  ирж унтдаг байсан... 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой айлын гэрээс мах,  шинэ гутал алга  болсон. Гэтэл  тэр шөнө  С айлын  цоожтой  гэрээс хулгайд  алдагдсан  гутлыг  зарна гээд  бариад явж байсан гэдгийг  хүмүүсийн  ярианаас сонсож мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/

Гэрч Ө.Амгаланбаатарын өгсөн:..Би Хэнтий аймгийн  Батноров сумын 7 дугаар баг Бэрх  хотын төвд гэртээ  2019 оны 11 дүгээр сарын 21-ний  орой байж байхад  манай гэрт  Сгэх залуу  хонины нэхий дотортой  богино хагас  түрийтэй, түрийнийхээ дээд  талд  хоёр гогцоо  чихтэй  арзгар  ултай 42 размерийн  хар өнгийн  эрэгтэй хүний 1 ширхэг хос арьсан гутлыг  гялгар уутанд  хийчихсэн махны  хамт  барьж  орж  ирээд  мах,  гутал  хямдхан зарна гэж  хэлсэн.  Энэ үед  С  архи уусан бололтой  амнаас  нь архи  үнэртэж байсан.  Түүнийг  гутал,  мах  зарна  гэж хэлэхээр нь би  тийм ч их  тоож харьцаагүй юм. Надад Схэлэхдээ  чанар хийцийн  хувьд сайн чанарын нэхий гутал байгаа юм, үнэ нь 150.000 төгрөг гэдэг  танд 50.000  төгрөгөөр өгчихнө гэж  хэлэхээр нь би  авахгүй гэхэд  тэр манай  гэрт сууж  байгаад  удалгүй  авчирсан мах, гутлаа аваад  буцаад  гараад явсан.  Манай гэрт ганцаараа орж ирсэн.  Мах нь гялгар уутанд  хийчихсэн овор  ихтэй  ойролцоогоор  арав гаруй  килограмм  болов уу гэмээр  хэмжээтэй  харагдсан. Би махны  уутыг  нь  онгойлгож хараагүй юм.  Тэр гутлыг урьд нь би П  гэрт  харж байсан гутал  байна лээ учир  нь П гэдэг хүүхэн  нөхөртөө  гутал  авсан чинь  түрийг нь  богино гээд  өмсөхгүй байна чи худалдаж авах уу гэж надад  харуулж байсан юм.  Гэтэл С тэр  гуталтай адил шинэ гутлыг  зарна гээд  аваад  явж  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

Насанд хүрээгүй гэрч А.Азжаргалын  өгсөн....Би аав ээж дүүгийн хамт  Бор-Өндөр сумын 4 дүгээр баг  Жаргалантын 918 тоотод  оршин суудаг юм. 2019 оны 12 дугаар сарын 12-ны  өдөр байсан цагийг нь  сайн  санахгүй байна  манайх  аарц буцалгаж уух гээд аарц, шар тос авах гээд  тус сумын 1 дүгээр багт байрлах зах дээр очиж  Green mart хүнсний дэлгүүрээс  цагаа  авчихаад  шар  тосоо авах гээд  гартал манай хажуу айлын ах эгч  хүүхдүүдтэйгээ  машинтайгаа цагаан  идээ зараад зогсож байсан.  Тэгэхээр нь тэндээс шар тос худалдаж аваад  буцаад гэр лүүгээ орох  гээд  явж  байтал  манай хажуу талын  айлын хашаанд  цэнхэр өнгийн  цагаан канттай  куртиктэй, ногоон эрээн өнгийн өмдтэй  нэг ах гэрийнх нь  баруун талын  хоёр амбаарын үүдэнд  зогсож байсан тэгээд  гэртээ орж  аарц,  шар тосоо тавиад  куртикээ  тайлаад  гэрээсээ гараад  овоолгоостой  нүүрсэн дээрээ гараад  харсан чинь манай хажуу айлын амбаарын  хажуу талд  махнууд тавьчихсан байж байсан нөгөө ахыг дуудаад та  юу хийж байгаа юм бэ  гэтэл намайг  сонсоогүй тэгэхээр нь  гэр лүүгээ орж  гар утсаа  авчираад  бичлэгийг нь хийсэн юм.  Нөгөө ахыг явсаны дараа  зах руу очиж  хажуу айлын ах эгч  хоёрт хэлсэн. Тэгээд хөрш ах  эгчийн машинд суугаад  гэр лүү нь очоод  цагдаа дуудья гээд  гудамжнаас зүүн тийшээ гараад явж байтал  усны  худагны  хажуу талд  нөгөө  махыг  нь авдаг  ах явж байсан тэгэхээр нь хөрш  айлын  ахад энэ  ах мөн байна гээд зааж  өгсөн.  Хөрш айлын ах мах авдаг ахыг  машиндаа суулгах гэтэл  би танайхаас юм аваагүй гээд  ноцолдоод суухгүй нэлээд  байж байгаад  машиндаа суулгаад  цагдаа руу явах гээд  хөдөлтөл  хаалгыг нь онгойлгоод  зугатаачихсан хөрш айлын ах  араас нь гүйсэн боловч  гүйцээгүй алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/

 

Б.С яллагдагчаар өгсөн:...би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний  өглөө  10 цагийн үед Хэнтий аймгийн  Бэрх  хотод байдаг найз  Очирсүхийн гэрт  Төрөө  бид гурав  0.75 граммын  стандарт архи  2 шилийг хувааж  уусан, тэгсэн Очирсүх 2.5 граммын 6 ширхэг пиво  гаргаж  ирээд бид  гурав  орой  болтол уугаад  Очирсүхийн гэрт   сууцгаасан. Тэгээд  нэг мэдсэн тасраад  сэрсэн чинь  орой  19 цагийн  үед  өвсний  скаладны  зүүн талд  буюу турбаны  зүүн талд хоёр гарандаа  нэг түрийтэй  гутал  углачихсан унтаж  байгаад  сэрсэн. Тэгээд  юун  хоёр гутал  гарандаа  углачихсан юм бол гэж бодоод  нөгөө хоёр гутлаа  аваад  Бэрх тоонот  хүнсний дэлгүүрийн хойд талын билльярдан дээр  очиход Ууганаа Баяраа  Ганчулуун  нар билльярд тоглож байсан. Тэгээд  би тэр хэдтэй  юм ярьж  сууж байгаад  Ганчулуунд  энэ гутлыг 20.000 төгрөгөөр  авах уу гэсэн чинь  Ганчулуун тэр гутлыг  20.000 төгрөгөөр надаас худалдаж авсан...Би П 280.000 төгрөг төлж барагдуулсан...Би Г хэрэг болохын өмнөх өдөр  нь байгалийн  өнгөт чулуу  шар  гялгар уутны талаар шахууг  авчирч өгсөн юм.  Г нь миний чулууг  авахдаа 100.000  төгрөгөөр авна  гэж яриад яг мөнгөө өгөхдөө 30.000 төгрөг  өгсөн. Тэгээд би маргааш нь  өдөр  согтуу  үлдсэн мөнгөө  авахаар  очтол  гэр нь  хүнгүй байсан  болохоор  үлдэгдэл мөнгөндөө  тааруулаад хашаанд байсан амбаараас  2 ширхэг бог малын  гуяны мах хоёрыг аваад  явсан... Намайг  амбаараас нь мах авч  байхад  Г ахын хажуу талын айлын хүүхэд  гарч ирээд намайг харж байсан. Би хулгайлж авсан хоёр бог малын гуяыг уутанд хийж аваад Г ахын  хашаанаас гараад  яг ар  талд нь байдаг айлын хашаан дээгүүр давуулаад тавьсан эргэж ирээд авна  гэж бодож байсан.  Тэгтэл Г ах  машинтай ирээд  намайг цагдаа руу явья  гэхээр нь би  үгүй гэж хэлээд зугатаасан. Намайг машинтайгаа араас хөөгөөд  байхаар нь  зугатаад яваад  өгсөн юм. Би  эргэж  очиж махаа аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу, 116 хуу/

Хохирогч Д.П  алдсан өвлийн гутал, үхрийн 17 кг цул махны үнэлгээг нийтэд нь 319.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вэндо ХХК-ий шинжээчийн 2019 оны 12 дугаар  сарын 04-ны өдрийн №ХЦ19-58 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 хуу/

Хохирогч Х.Г алдсан хонь, ямааны махны үнэлгээг 220.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2019 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн №414 дугаартай дүгнэлт /хх-ийн 106 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 9-15 хуу, 82-85 хуу/

            Эд мөрийн баримтаар нэхий дотортой,  хагас богино түрийтэй, эрэгтэй хүний өвлийн хар өнгийн гутал нэг хосыг хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 18 хуу/

            Насанд хүрээгүй гэрч Э.Азжаргалын эзэмшлийн LG G4 маркийн гар утасанд үзлэг хийж, эд мөрийн баримтаар 6 секундын бичлэг, 7 ширхэг зургийг хураан авч DVD-нд хуулж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 88 хуу/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 90 хуу/

Б.С иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 69 хуу/

Б.С  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

Хохирогч Д.П гаргасан “Б.С эцэг, эх нь ирж уулзан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,  Д.П ХААН банкин дахь дансанд А.Алмаакуль гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 160.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 74 хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч Х.Ганбаатарын эхнэр Д.Оюун гэх хүний бичсэн “С нь учруулсан хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Д.Оюун гэх хүний дансанд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.Алмаакуль гэх хүнээс “хохирол барагдуулав” гэсэн гүйлгээний утга бүхий 220.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 170 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 142-144 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Схолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.С нь 2019 оны  11 дүгээр сарын 21-ний  өдөр 17-20 цагийн үед согтуугаар Хэнтий аймгийн Батноров   сумын  7 баг Бэрх хотын 58 дугаар байрны 2-10 тоотод байх хохирогч Д.П орон сууцны цонхоор  орж эрэгтэй хүний богино  түрийтэй өвлийн гутал нэг хос, 17 кг  үхрийн мах зэргийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  319.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 916 тоот хашаанд  байх хохирогч Х.Г амбаараас хонь, ямааны махыг  хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  220.000 төгрөгийн  хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.         

 

Шүүгдэгч Б.С нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.П, Х.Г, гэрч М.Ганчулуун Я.Очирсүх, насанд хүрээгүй гэрч А.Азжаргал  нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нарын эд зүйл байсан Хэнтий аймгийн Батноров   сумын 7 баг Бэрх хотын 58 дугаар байрны 2-10 тоот орон сууц болон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 916 тоот хашаанд  байрлах амбаар зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр,  тусгайлан хамгаалсан агуулах гэж үзэх үндэслэлтэй байна.  Мөн шүүгдэгч Б.С уг орон байр болон агуулахад цонхоор нь орох, цоожийг нь эвдэх аргаар нэвтэрч орсон болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.С хулгайлах  гэмт хэргийг  хүн байнга  амьдрах зориулалттай  орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ. 

Шүүгдэгч нь шүүх  хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч урьд нь хоёр удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, одоо 2 удаагийн хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тул уг хувийн байдлыг нь харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.П 319.000 төгрөгийн, Х.Г 220.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нар нь “Б.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргасан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагас түрийтэй, нэхий дотортой, шагай орчим зөөлөвч оруулгатай, түрийнийхээ дээд хэсэгт 2 ширхэг гогцоотой, арзгар хээтэй резинэн ултай, эрэгтэй хүний, хар өнгийн өвлийн, 42 размерийн гутал нэг хосыг хохирогч Д.П буцаан олгож,  “Сбичлэг зураг” гэж гараар бичсэн бичигтэй,  дуу дүрсний бичлэг, зураг бүхий DVD-г  хавтаст хэрэгт хадгалах нь  нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Б.С 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.С оногдуулсан 2  жил 3 сарын  хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагас түрийтэй, нэхий дотортой, шагай орчим зөөлөвч оруулгатай, түрийнийхээ дээд хэсэгт 2 ширхэг гогцоотой, арзгар хээтэй резинэн ултай, эрэгтэй хүний, хар өнгийн, өвлийн,  42 размерийн гутал нэг хосыг хохирогч Д.П буцаан олгож,  “С бичлэг зураг” гэж гараар бичсэн бичигтэй,  дуу дүрсний бичлэг, зураг бүхий DVD-г  хавтаст хэрэгт хадгалсугай.

5. Шүүгдэгч Б.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын  20-ны өдрөөс тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ