Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0038/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                              М.Гэрэлбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                      П.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн П.Б холбогдох 1939006................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  П.Б нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутагт Д.Н туслах малчинаар ажиллаж байхдаа  итгэмжлэн хариуцуулсан  адуунаас 2019 оны  01 дүгээр сарын сүүлээр зуузуай  тамгатай хязаалан насны  цайвдар зүсмийн 1 тооны үрээ  морийг зарж 800.000 төгрөгийн  хохирол учруулж өөртөө 500.000 төгрөг завшсан, зуузай  тамгатай хязаалан насны  хар голтой  хул  зүсмийн 1 тооны үрээ  морийг зарж 800.000 төгрөгийн  хохирол учруулж өөртөө 500.000 төгрөг завшиж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Н өгсөн:..Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багт  мал маллаж амьдардаг.  Би өөрийн гэсэн 220 орчим тооны адуутай...2014 оноос 2019 оны 04 дүгээр сарын  хооронд миний адууг  Б гэгч маллаж  миний хажууд амьдардаг байсан...Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр  цагаан цавьдар үрээ хулгайд алдчихлаа гэж Баасанжав  хэлсэн. Тухайн үед  ойр  орчмоор  Баасанжав өөрөө хайсан боловч олоогүй гэсэн...2019 оны 01 дүгээр сарын дундуур хар  голтой хул  үрээ хулгайд  алдчихлаа гэж Баасанжав хэлсэн. Тухайн үед  ойр  орчимоор  Баасанжав өөрөө хайсан боловч олоогүй гэж хэлсэн...Туслах малчинаар 2014 онд  авч л танилцсан. Тэрнээс хойш сайн мэддэг болсон... Сар бүр 250.000 төгрөг өгдөг байсан...Б миний адууг захиран зарцуулах эрхгүй...Би хохирлоо барагдуулчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15, 19 хуу/

Гэрч Х.Эрдэнэмөнхийн өгсөн:....Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг хөдөө хэсэгт мал маллаж  амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сард шиг санаж байна манай нутгийн П.Б нь  өөрийнхөө адуунаас надад  сартай хул үрээг  500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би уг сартай  хул үрээг Улаанбаатар  хотын Багануур дүүрэгт махны ченжид  тэр үедээ зарж борлуулсан...П.Баасанжав надад энэ сартай хул үрээ миний адуу байгаа юм гэж хэлээд зарсан...Баасанжав нь Д.Насандэлгэр гэх хүний  адууг малладаг  гэж надад хэлж байсан. Тэгэхдээ уг адуунд өөрийнх нь 4  тооны адуу байдаг гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

П.Б яллагдагчаар өгсөн:...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот  3 дугаар багийн нутаг хөдөө  хэсэг Юдэг гэх газарт эхнэр хүүхдийн хамтаар мал маллаж  амьдардаг юм. Би 2014 оноос  эхлэн  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Д.Н гэх хүний 150 гаран тооны  адууг малладаг байж байгаад 2019 оны 04 дүгээр сард эргүүлэн өгсөн.  Би 2019 оны 01 дүгээр сард  Д.Н гэх хүний  цавьдар зүсмийн  1 тооны  үрээг дур мэдэн замын хүнд  500.000 төгрөгөөр зарсан...Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан учир би дээрх 1 тооны адууг  зарж  борлуулсан юм... Би 2019 оны 01 дүгээр сард  Д.Н гэх хүний  сартай хул үрээг дур мэдэн  сумынхаа Мөлөг гэх хүнд 500.000 төгрөгөөр  зарж борлуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36, 39-40 хуу/

Хохирогч Д.Н алдсан 2 тооны адууны үнэлгээг тус тус 800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн №286, 288 дугаартай дүгнэлт /хх-26, 30 хуу/

П.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуу/

П.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 54-55 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Н бичиж малчны тэмдэгээ дарсан “П.Б төлбөрөө барагдуулж авсан, санал гомдолгүй тухай” тодорхойлолт /хх-ийн 76 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Бнь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутагт хохирогч Д.Н  туслах  малчинаар ажиллаж байхдаа  түүнд итгэмжлэн хариуцуулсан  адуунаас 2019 оны  01 дүгээр сард  зуузай  тамгатай хязаалан насны  цавьдар зүсмийн 1 тооны үрээ  морь, зуузай  тамгатай хязаалан насны  хар голтой  хул  зүсмийн 1 тооны үрээ  морийг бусдад зарж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.             

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.Н, гэрч Х.Эрдэнэмөнх нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй  гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н 1.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “П.Б төлбөрөө барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай тодорхойлолт гаргасан /хх-ийн 76 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ