Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1781

 

 

 

 

 

 

 

 

 

“Их Биндэр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/00530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Винсконкрейт” ХХК, А.Сундуй нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд “Винсконкрейт” ХХК-иас 103 124 138 төгрөг, А.Сундуйгаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 10 450 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

Зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнгөнтуяа

Хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батбаяр

Хариуцагч А.Сундуйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их Биндэр Хайрхан" ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Винсконкрейт" ХХК-тай 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, манай компани нь РС-2 нэртэй хүнд бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнэ болох 1 тонныг 2 403 500 төгрөгөөр худалдан авагч талын захиалгыг үндэслэн нийлүүлэх, "Винсконкрейт" ХХК нь 15 хоног тутам тооцоо нийлж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний дагуу "Винсконкрейт" ХХК нь нийт 7 удаагийн захиалга хийж, нийт 193 875 500 төгрөгийн бетоны нэмэлт бүтээгдэхүүн авсан ба үүнээс 8 300 000 төгрөгийн төлбөрийг төгрөгөөр, 101 911 075 төгрөгийг бартерийн хэлбэрээр төлсөн. Өнөөдрийн байдлаар "Винсконкрейт" ХХК нь 83 664 425 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардаж байсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Бидний хооронд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.6-д "Хэрэв Б тал гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцно" гэж заасан байдаг. "Винсконкрейт" ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул бид санхүүгийн тооцооллоор алдангийн тооцоог хийж гаргаад байна. Энэхүү хугацаа хэтэрсэн өдрийг гэрээний 2.6-д зааснаар нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцвол 2014 онд 159 379 892 төгрөг, 2015 онд 69 489 125 төгрөг нийт 228 869 017 төгрөгийн алданги болж байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д "...Анзын нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 83 664 425 төгрөгийн 50 хувь болох 41 832 212 төгрөгийн алдангийг нэмж гаргуулах нь хуулийн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Винсконкрейт" ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 14/06 тоот "Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хүнд бетоны нэмэлтийн үлдэгдэл төлбөр болох 83 664 425 төгрөг, үүнийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алдангид 41 832 212 төгрөг, нийт 125 496 637 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Их Биндэр хайрхан” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Винсконкрет” ХХК-тай худалдах худалдан авах гэрээг байгуулсан байгаа. Энэхүү гэрээний зүйл нь бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн болох РС-2 хүнд металл бэхжүүлэгч материалыг нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг талууд харилцан тохиролцож, гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 7 удаагийн ачилтаар нийт 193 875 500 төгрөгийн борлуулалт хийсэн. Уг худалдан авсан барааны үнээс 101 911 075 төгрөгийг бартерийн хэлбэрээр төлбөр тооцоог хаасан байгаа, үлдэгдэл 79 199 425 төгрөгийг төлөөгүй бид авах байсан боловч “Их Биндэр хайрхан” ХХК–д менежер ажилтай Аварзэд овогтой Сундуйд хүлээлгэж өгсөн баримтыг бидэнд үзүүлсэн байгаа. Тиймээс бид А.Сундуйгаас 10 450 000 төгрөгийг баримтаар авсан болох нь нотлогдож байгаа учраас авах ёстой мөнгө болох 79 199 425 төгрөгөөс “Их Биндэр хайрхан” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзээд 10 450 000 төгрөгийг хасаж тооцоод 68 749 425 төгрөг болж байгаа. Шүүх хуралд дээр хариуцагч “Винсконкрейт” ХХК нь тооцоо нийлсэн баримтаар 68 749 425 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбар гаргасан, маргахгүй байгаа. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 34 374 712 төгрөгийн алдангийг нэмж тооцоод 103 124 137 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу “Их Биндэр хайрхан” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч А.Сундуйгийн хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3 450 000 төгрөг, нийт 10 450 000 төгрөгийг төлөөгүй уг барааг авсан болох нь тогтоогддог бөгөөд А.Сундуй тооцоо нийлэх үед уг мөнгийг авсан байх ба өөрийн гарын үсгийг зурсан байдаг. Иймд хариуцагч А.Сундуйг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 10 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжилж байгаа үнийн дүн болох 34 374 712 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. “Их Биндэр хайрхан” ХХК-тай өр авлагын тооцоо гаргахад ихээхэн бэрхшээл тулгарсан байдаг, нэгдүгээрт, бүтээгдэхүүн авсан үнийн дүн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тохирохгүй байсан, өөрөөр хэлбэл “Их Биндэр Хайрхан” 193 450 750 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжлэлийнхээ шаардлагад тусгаж, шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн гэж тайлбарлах боловч уг шүүхэд цугларсан нотлох баримтыг үнийн дүнгээр нь нэг бүрчлэн тооцон шүүж үзвэл 187 464 250 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тухай нотлох баримтыг цуглуулж өгсөн байдаг. Мөн хүлээн авсан тухай нотлох баримтуудад бүтээгдэхүүнийг хүлээн авсан болон хүлээн авсан хүний гарын үсэг тодорхойгүй, “Винсконкрейт” ХХК-ийн хэн гэдэг, ямар албан тушаалтан барааг хүлээж авсан нь тодорхойгүй, гарын үсэг тодорхойгүй, зурагдаагүй баримтууд авагдсан. Баримтаас үзвэл энэ байдлын улмаас 8 000 000 төгрөгийн өглөг авлагын тооцоо гарсан байсан. Энэ хүндрэлийг хоёр тал тохиролцон даван туулж, алданги тооцохгүйгээр 68 749 424 төгрөгийг л өгч авцгаая гэж тооцоо нийлсэн акт үйлдээд тэрийгээ баталгаажуулах эрх бүхий хүмүүс гарын үсэг зурсан. Хэдийгээр хамааралгүй Н.Отгондорж гарын үсэг зурж тооцоо нийлсэн, тооцоо нийлэх эрхгүй этгээд боловч Н.Отгондоржийн тооцоо нийлсэн актыг эрх бүхий этгээд дэмжсэн учраас би хүчин төгөлдөр акт гэж үзэж байгаа. Ингээд бид харилцан тохирсон. Үүний дараагаар уг тохирооноосоо буцаж 68 749 424 төгрөг дээр алданги тооцож 103 124 137 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Талууд харилцан буулт хийж тооцоо нийлсэн акт үйлдсэн учраас 68 749 424 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг тооцох үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний алданги тооцсон заалтыг судалж үзэхэд нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэсэн байдаг. Нийт үнийн дүн гэдэг ойлголтод хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу хүлээсэн үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй байх тухай ойлголт бүхий заалт гэж ойлгогдож байгаа. Бид тодорхой хэмжээгээр гэрээнд зааснаар төлбөрөө төлж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал алдангийг хариуцна гэж заасан байгаа. Хуульд зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцно гэсэн заалт гэрээнд байхгүй. Зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх 68 749 425 төгрөг үлдсэн байгаа, ийм мөнгөн дүн дээр анз тооцох тухай заалт гэрээнд байхгүй. Нийт үнийн дүн гэдгийг юу гэж үзэх вэ гэхээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй бол алданги тооцно, харин хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол алданги тооцохгүй гэж ойлгогдож байна. Тийм учраас гэрээний энэ заалтаар нэхэмжлэгч талд алданги тооцох боломж байхгүй. Гэрээний заалтыг хуульд нийцээгүй, хуулийн ойлголт, үг утгын үндэслэл бүхий заалт биш гэж үзэх үндэстэй байна. Алдангийн тал дээр гэрээний заалт тодорхой бус байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Их Биндэр хайрхан” ХХК-ийг төлөөлж О.Батжаргал 10 450 000 төгрөг нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжилж байгаа мөнгөний 6 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Винсконкрейт” ХХК-иас хүлээн авч нягтлан С.Аймд хүлээлгэн өгсөн. Энэ мөнгийг хүлээлгэн өгөхөд туслах нягтлан бодогч н.Баттулга хамт байсан. 2014 оны 09 дүгээр сард “Их Биндэр хайрхан” ХХК нь түүхий эдгүй байсан бөгөөд үйлдвэрийн дарга н.Энхтөрөөр дамжуулан “Ckemistar” ХХК-иас түүхий эд авч “Винсконкрейт” ХХК-д хүргэж өгсөн. Энэ 3 450 000 төгрөгөөр “ckemistar” ХХК-иас худалдан авалт хийсэн төлбөрийнг буцаагаад төлсөн. Яагаад гэвэл тухайн үед нөөцөлсөн бэхжүүлэгч дууссан учраас энэ байгууллагаас худалдан авч “Винсконкрейт” ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг нь “Винсконкрейт” ХХК өөрөө бэхжүүлэгч борлуулдаг компани байсан ба тус компани гаднаас барааг аваад нийлүүлэх эрхтэй компани юм. Тухайн үед өөрсдийнх нь бэхжүүлэгч дууссан байсан учраас шууд “Ckemistar” ХХК-д бэлнээр мөнгө тушааж тэндээс бэхжүүлэгч авч нийлүүлсэн. А.Сундуй нь өөртөө мөнгийг хувьдаа ашиглах гэсэн ашиг сонирхол байгаагүй. Уг нэхэмжилж байгаа мөнгө нь тус компанийн үйл ажиллагаа болон компанид зарцуулсан мөнгө юм. Мөнгөнүүдийг тушаах үед туслах нягтлан н.Баттулга байнга хамт байсан. Ялангуяа 3 450 000 төгрөгийг тухайн үед бэхжүүлэгчийг авч шууд материалд зарцуулсан. Гэтэл А.Сундуйг хариуцна гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 10 450 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ худалдан авах гэрээ нь албаны гэрээний дагуу л хийгдсэн байх тул уг мөнгийг үндсэн хариуцагчаас л нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103 124 137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК-д олгож, хариуцагч А.Сундуйд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 10 450 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас 673 571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу хариуцагч А.Сундуйд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 88 дугаар талд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын /”Винсконкрейт” ХХК-ийн / баримт, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3 450 000 төгрөгийн баримт /уг баримтын мөнгө хүлээн авсан гэх хэсэгт А.Сундуй гэж бичигдэж, гарын үсэг зурсан/, хэргийн 89 дүгээр талд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний баримтад А.Сундуйгийн гарын үсэг зурагдсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс эдгээр мөнгийг буюу нийт 10 450 000 төгрөгийг А.Сундуйд хүлээлгэн өгсөн байна гэж хүлээн зөвшөөрч, тус компанийн авах ёстой төлбөрийн дүнгээс хасч тооцон нэхэмжилсэн ба харин А.Сундуй нь ажил үүргийн хүрээнд компанийн дээрх авлагыг хүлээн авсан атлаа хүлээлгэн өгөөгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч А.Сундуйгаас 10 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Винсконкрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Талууд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний талаар нилээд хугацаанд маргалдсаны эцэст гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар зөвшилцөд хүрч, 68 749 424 төгрөгөөр тодорхойлсон. Уг хэлцэл хийгдсэнээр өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч компани 68 749 424 төгрөгийн үнийн дүн бүхий тохиролцоогоо үгүйсгэж, 68 749 424 төгрөгийн үнийн дүн бүхий тохиролцоон дээр 34 374 712 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжилснийг хариуцагч төлөхөөс татгалзан маргасан. Анхан шатны шүүх тооцоо нийлсэн хэлцлийг үнэлээгүй, алданги тооцсонд гомдолтой байна. Шүүхээс тогтоосон 103 124 137 төгрөгийн үнийн дүнгээс 34 374 712 төгрөгийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК нь хариуцагч “Винсконкрейт” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 125 496 637 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 103 124 137 төгрөг гаргуулах, хариуцагч А.Сундуйд холбогдуулан бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүсэх үүрэгт 10 450 000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14/06 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хүнд бетоны нэмэлт РС2 бүтээгдэхүүнийг 1 тонн бүрийн үнийг 5 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 2 403 500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5, 6/

 

Шүүх “Их Биндэр хайрхан” ХХК, “Винсконкрейт” ХХК-иудын хоорондын маргааны харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14/06 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г дүгнэсэн тооцоо нийлсэн актаар хариуцагч “Винсконкрейт” ХХК нь гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийг нийт 68 749 425 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг баримтаар талууд худалдах, худалдан авах гэрээний 2.6 дахь хэсэгт заасан алдангийг төлөхгүй байхаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүх алдангийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож 34 374 712 төгрөг ийг, үндсэн үүрэг 68 749 425 төгрөгийн хамт нийт 103 124 137 төгрөгийг хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин шүүх хариуцагч А.Сундуйд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болдог тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой.

 

Хариуцагч А.Сундуй нь шүүхэд гаргасан тайлбартаа “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6 000 000 төгрөгийн, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 000 000 төгрөгийг “Винсконкрейт” ХХК-иас хүлээн авч нягтлан С.Аймд тус тус хүлээлгэж өгсөн. Энэ мөнгийг хүлээлгэж өгөхөд туслах нягтлан н.Баттулга хамт байсан. 2014 оны 09 дүгээр сард “Их Биндэр хайрхан” ХХК нь түүхий эдгүй байсан бөгөөд үйлдвэрийн дарга н.Энхтөрөөр дамжуулан “Скийм стар” ХХК-иас түүхий эд авч “Винсконкрейт” ХХК-д хүргэж өгсөн. Энэ 3 450 000 төгрөгөөр “Скийм стар” ХХК-иас худалдан авалт хийсэн төлбөрийг буцаагаад төлсөн” гэж тайлбарласан боловч хариуцагч нь дээрх мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн талаарх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Сундуй нь дээрх 10 450 000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй байна. /хх 88, 89, 212/

 

Мөн хариуцагч А.Сундуйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхдаш 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жолооч С.Ганхүү, туслах нягтлан н.Айм, үйлдвэрийн дарга н.Энхтөр нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүх С.Ганхүүг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, гэрчээр оролцуулах н.Айм, н.Энхтөр нарын оршин суугаа хаяг, утас тодорхойгүй гэх үндэслэлээр тэднийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь дахин тэдгээрийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байна.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2016/00530 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Сундуйгаас 10 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК-д олгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хариуцагч “Винсконкрейт” ХХК-иас 673 571 төгрөг...” гэсний дараа “хариуцагч А.Сундуйгаас 182 150 төгрөгийг тус тус” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Их Биндэр хайрхан” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 150 төгрөгийг буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН