Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0092

 

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0092

Улаанбаатар хот

 

 

                                                          “Л.Д.Р.А” НҮТББ-ын

                                        нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-Ө, гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн төлөөлөгч Д.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч Л.Ө, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Л.Д.Р.А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д.Р.А” НҮТББ-ын гаргасан хүсэлттэй давхцуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын “С.Т” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг 594 м.кв хэмжээгээр, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Д.У.У” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 3418 м.кв хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийн 1 га гэснийг 3377 м.кв хэмжээгээр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч “Л.Д.Р.А” НҮТББ-ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:“Л.Д.Р.А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруугаар үнэлж, үүнээс шалтгаалан дараах хэд хэдэн алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/165 дугаар шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэхдээ:

  1. Гуравдагч этгээд “С.Т” ХХК-д 2015 онд олгосон газрын 0.5 га газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 595 м.кв газартай
  2. Гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-д олгосон газрын 5031 м.кв газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 3418 м.кв газартай
  3. Гуравдагч этгээд “П” ХХК-д олгосон газрын 10930 м.кв газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 3377 м.кв газартай давхцаж байгаа хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч уг дүгнэлтийг хийхдээ зөвхөн дээрх “Шинжээчийн дүгнэлт”-ийн 1-д “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн анх хүсэлт гаргасан газруудыг давхцуулсан хэмжээг” тодорхойлсон байдлаар давхцаж байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь буруу болсон.

Учир нь Шинжээчийн дүгнэлтийн 2-т “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгосон газартай нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын хэмжээг давхцуулахад…” гээд бодит байдал дээр давхцаж байгаа байдлыг тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн хариуцагчаас газар ашиглуулахаар шийдвэрлэсэн захирамжийн дагуу олгогдсон газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хэмжээтэй давхцуулж дараах байдлаар тодорхойлсон.

  1. “С.Т” ХХК-д ашиглуулах эрх олгосон газрыг “Л.Д.Р.А” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай давхцуулан шалгахад 1902 м.кв
  2. П” ХХК-ийн ашиглах эрх олгогдож байсан газрыг “Л.Д.Р.А” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай давхцуулан шалгахад 2926 м.кв
  3. “Д.У.У” ХХК-д ашиглуулах эрх олгосон газрыг “Л.Д.Р.А” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай давхцуулан шалгахад 3418 м.кв талбайгаар тус тус байршлын хувьд давхцалтай байна гэж дүгнэсэн.

Гэтэл шүүхээс уг хэсгийг анхаарч үзэлгүйгээр зөвхөн 1-д заасан давхцлын хэмжээг гол болгож дүгнэсэн нь энэхүү баримтын ач холбогдлыг алдагдуулж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байгаа тул уг баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх нь илүүтэйгээр хуульд нийцэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа үндэслэл ойлгомжтой, цаашид шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжих боломжийг бий болгоно гэж үзэж байна.

Иймд дээрх нотлох баримтыг буруугаар үнэлж дүгнэсэн хэсгийг зөвтгөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “ ... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

“Л.Д.Р.А” НҮТББ-ын гаргасан хүсэлттэй давхцуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаар тушаалын “С.Т” ХХК-д холбогдох хэсгийн олгосон 0.5 га гэснийг 594 м.кв хэмжээгээр, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын “Д.У.У” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 3418 м.кв хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийн 1 га гэснийг 3377 м.кв хэмжээгээр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Л.Д.Р.А” НҮТББ-ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэжээ.

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах хүсэлтээ “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна…” гэж заасны дагуу “Санал хүргүүлэх тухай” Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 290 дүгээр албан бичиг ирүүлсэн тус албан бичгээр давхцал байхгүй, 0.7 га газарт шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж Байгаль орчин, аялал жуучлалын яаманд санал ирүүлсэн.

Үүний дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 290 дүгээр албан бичгээр ирүүлсэн давхцал байхгүй, 1.7 га газарт шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж санал ирсэн учир Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2014 оны А/340 дүгээр тушаалаар 1.7 га газар олгох шийдвэр гаргасан.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “…Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана...” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гуравдагч этгээдүүд болох “С.Т” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар 0.5 га газар, “Д.У.У” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар 5 га газар, “П” ХХК-д Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар 1 га газар ашиглах эрх олгосон.

3. Байгаль орчин, аялал жуучлалын сайд бие даан шийдвэр гаргаагүй ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглах шийдвэр гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:Манай компани нь “Л.Д.Р.А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийн Д.У.У ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн “Д.У.У” ХХК-д холбогдуулан гаргасан хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн хууль бус нэхэмжлэл бөгөөд бусдын эзэмшиж ашиглаж байгаа газрыг манай хүсэлт гаргасан газартай давхацсан гэх Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд огт байхгүй үндэслэлээр нэгэнт хуулийн дагуу олгогдсон аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхэд хууль бусаар халдаж байгаа ёс зүйгүй үйлдэл билээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хууль бус шаардлагыг хангаж байгаа үндэслэлээ Тогтоох хэсэгт дурдсан энэ маргааныг шийдвэрлэх ач холбогдолгүй манай газар ашиглах шийдвэрээ гаргуулан авахдаа биелүүлсэн хуулийн заалтууд дурдаж байгаа нь дээрх нэхэмжлэл хууль бус гэдгийг нотолж байгаа хэрэг боллоо.

Тухайлбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 767 дугаар шийдвэрийн 23 дахь тал Тогтоох хэсэгт дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсгүүд нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглах тухай хүсэлт гаргах, шийдвэр гаргах заалтууд бөгөөд энэ заалтууд зөрчигдөөгүй. Мөн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэг нь газар ашиглах хүсэлт гаргах түүнийг хянаж шийдвэрлэхтэй холбоотой заалт бөгөөд энэ хуулийн заалт, журмыг манайх мөн зөрчөөгүй байтал ийм үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Эдгээр хуулийн заалтуудад аж ахуйн нэгжүүдийн эзэмших хүсэлт гаргасан газарт бусад аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших шийдвэр гаргаж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй атал хуулийн энэ заалтуудыг баримтлан “хүсэлттэй давхцуулан олгосон” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/59 дүгээр тушаалын зарим хэсгийг хүчингүй болгоно гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль бус шийдвэр болжээ.

Захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47, 48, 49 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр хууль бус болох, хүчингүй болгох, цуцлах үндэслэл бүрдэх ёстой. Гэтэл шийдвэрт дээрхи зүйл заалтуудын нэгийг ч дурдаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 767 дугаар шийдвэрийн “2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59­ дүгээр тушаалын  “Д.У.У” ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 3418 м.кв хэмжээгээр хүчингүй болгож” гэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:“Л.Д.Р.А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Манай компанийн аялал жуулчлалын бааз байгуулах төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар 0,5 га талбайд газар ашиглах эрхийг олгосон ба Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээг байгуулсан.

Улмаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 540 дугаартай Ус хэрэглэгчид худаг гаргах зөвшөөрлийн хуудас, “УБЦТС” ТӨХК-ийн олгосон 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3063/2018 дугаар Техникийн нөхцөлийг тус тус гаргуулж, тухайн газраа хашаалан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гэсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс шалтгаалан аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд доголдол үүсээд байгаа ба газар ашиглах эрхийг авснаас хойш газрын төлбөрийг тогтмол төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харагдана.

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…манай байгууллага Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус тус газар ашиглах хүсэлт гаргасан … гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн ашиглаж буй газар нь манай Цэцгэн эрхт Ловон бурхан төслийн авто зогсоол барьж байгуулах газартай давхацсан” гэж маргадаг ба “Л.Д.Р.А” НҮТББ-ын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/21 дугаар албан бичгээс үзэхэд тухайн газрын зориулалтаа авто зогсоол болон иргэдэд үйлчлэх хэсэг байгуулах гэж өөрчилсөн байдаг.

Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх газарт батлагдсан зураг төсөл зохих журмын дагуу авто зогсоолыг барьж байгуулах төсөл байхгүй ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-д заасны дагуу холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 Түүнчлэн Хан-Уул дүүргийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр албан бичиг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дүгээр албан бичгээс үзэхэд “Цэцгэн эрхт Ловон” бурханы цогцолбор байгуулах төсөл нь 2014 оны 07, 09 дүгээр саруудад хүсэлт гаргах үед дэмжигдэх боломжгүй буюу эрх бүхий этгээдийн шийдвэр байгаагүй болох нь тодорхой нотлогддог ба хэрэгт авагдсан “Цэцгэн эрхт Ловон” бурханы цогцолборын ажлын зургийн эрх бүхий албан тушаалтнаас батлаагүй болох нь тодорхой харагддаг.

 Үүнээс үзэхэд “Л.Д.Р.А” НҮТББ-ын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан газар ашиглах хүсэлтүүдийг хүлээн авах ямар ч боломжгүй болох нь тодорхой нотлогдож байна.

2. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч С.Б, гэрч Б.У нарын мэдүүлгүүд болон 128/2017/0735/3 индекстэй хэргийн шүүхийн үзлэгийн баримтуудаас үзэхэд 2017 оны 06 дугаар сард “С.Т” ХХК нь газар ашиглах идэвхтэй үйл ажиллагаа явуулж хашаагаа барьсан болох нь нотлогддог ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд уг асуудлаар маргадаггүй.

 Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.

 Уг хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн зүгээс уг асуудлаар маргасан боловч шүүхийн шийдвэрт маргаж буй асуудлаар дүгнээгүй байна.

Түүнчлэн “Л.Д.Р.А” НҮТББ-ын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “…өөр аж ахуй нэгжид олгосон гэх албан бус мэдээллийг манай төрийн бус байгууллагын хүсэлт хуваарилагдсан мэргэжилтэнтэй уулзаж, хүсэлтийн дагуу шийдвэр хэзээ гаргах талаар лавлах үед мэдсэн” гэж дурдсанаас үзэхэд манай компанид газар ашиглах эрх олгосныг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдсоноос хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байтал 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болоод байна.

3. Нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд урьд өмнө нь “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/ -ын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/155 дугаар шийдвэрийн “Т.Б.Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай төрийн бус байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ “…Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан …” гэж тайлбарласан байна.

Тодруулбал, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан “Л.Д.Р.А” НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 25, 2014 оны 09 дүгээр 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгүүдээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг урьд өмнө 2017 онд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний 587 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу бусдад газар ашиглах эрх олгосон захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Тус шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө гомдол гаргасан боловч өөрөө гаргасан гомдлоосоо татгалзаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 587 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхээс үзэхэд шүүхэд өмнө нь гаргаж шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд шүүх гуравдагч этгээдийн маргасан уг асуудалд дүгнэлт хийгээгүйд нь гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,  Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн   холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгчээс Богдхан уулын Чандманы аманд 5 га газарт “Цэцгэн эрхт Ловон” бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлтийг, холбогдох кадастрын зураг, бичиг баримтуудын хамт 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч яамны сайдад гаргасан боловч  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/340 дүгээр тушаалаар  1.7 га газрыг, мөн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар 0.62 га, 2016 оны А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг ашиглуулахаар тус тус олгосон байна.

2016 онд олгосон 0.62 га, 1 га газар нь нэхэмжлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 15, 21-ний өдрүүдэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж олгосон бөгөөд анх 2014 онд хүсэлт гаргасан 5 га газрыг бүхэлд нь олгоогүй атлаа тухайн газартай давхцуулан “С.Т” ХХК, “П” ХХК, “Д.У.У” ХХК-д тус тус газар ашиглах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр эдгээр компаниудад олгосон газар ашиглах зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор маргасан.  

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлтийн[1] дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар 0.5 га, гуравдагч этгээд “П” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн[2] дагуу сайдын 2016 оны А/189 дүгээр тушаалаар 1 га, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлтийн[3] дагуу сайдын 2017 оны А/59 дүгээр тушаалаар 5 га газрыг тус тус 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл олгожээ.

Дээрх байдлаас дүгнэхэд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд газар ашиглах зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргасан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч “Л.Д.Р.А” НҮТББ нь анхлан 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүсэлтээ гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн анх хүсэлт гаргасан газруудын давхцалтай хэсгийг хүчингүй болгосон нь буруу  болсон, ... шинжээчийн дүгнэлтийн 2-т гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгосон газартай нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын хэмжээг бодит байдал дээр давхцаж байгаагаар нь тодорхойлсон,  шүүх шинжээчийн дүгнэлтийн зөвхөн 1-д заасан давхцлын хэмжээг гол болгож дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүргээ биелүүлээгүй...” гэх агуулгаар гомдол гаргасан.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон хавсралт 2-т ““Л.Д.Р.А” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай “С.Т” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 594 м.кв талбайгаар, “Д.У.У” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 3418 м.кв талбайгаар, “П” ХХК-ийн хүсэлт гаргасан газар 3377 м.кв талбайгаар тус тус давхцалтай, мөн дүгнэлт болон хавсралт  3-д ““С.Т” ХХК-д ашиглуулах эрх олгосон газрыг “Л.Д.Р.А” НҮТББ-ын хүсэлт гаргасан газартай давхцуулан шалгахад 1902 м.кв, “П” ХХК-ийн ашиглах эрх олгосон  газрыг нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай давхцуулахад 2926 м.кв, “Д.У.У” ХХК-д ашиглуулах эрх олгосон газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газартай 3418 м.кв талбайгаар тус тус байршлын хувьд давхцалтай гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх “С.Т” ХХК-д 2015 онд олгосон газрын 0.5 га газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 595 м.кв газартай, “Д.У.У” ХХК-д олгосон газрын 5031 м.кв газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 3418 м.кв газартай, “П” ХХК-д олгосон газрын 10930 м.кв газраас нэхэмжлэгчийн хүсэлт гаргасантай 3377 м.кв газартай давхцаж байгаа хэсгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгчээс “...“Л.Д.Р.А” НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгүүдээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах...” шаардлагыг гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгосон газартай нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын хэмжээ бодит байдал дээр хэрхэн давхцаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, харин нэхэмжлэгчээс Богдхан уулын Чандманы аманд 5 га газарт “Цэцгэн эрхт Ловон” бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлтийг, холбогдох кадастрын зураг, бичиг баримтуудын хамт анх 2014 онд гаргахад зөвхөн 1.7 га газрыг олгосон атлаа дараа нь тухайн хүсэлт гаргасан газартай давхцуулж гуравдагч этгээд нарт газар олгосон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөнджээ гэж үзэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, ... газраас ... аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.”, 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний талаар зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд нараас газар ашиглахаар гаргасан хүсэлт нь бусдын ашиглаж буй болон ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалтай эсэхийг хариуцагч судлалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

   Түүнчлэн гуравдагч этгээд нарын “... 2014 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус тогтоолгохоор 2019 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх” тухайд анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч, “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Д.У.У” ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус тус давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                              ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

 

                              ШҮҮГЧ                                                      Э.ЗОРИГТБААТАР

 

                              ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 80 дугаар хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 135 дугаар хуудас