Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 32

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2020/293,21/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                      Х.Уртнасан

Шүүгдэгч                                                                      Н.С.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Г.Баярсайхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С холбогдох 1939005780347 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хороолол 26-11 тоотод 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой  өөрийн төрсөн хүү /2 сартай/ И.Э  болгоомжгүй үйлдлийн улмаас хөнжлөөр бүтээж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны  дутагдалд  оруулж амь насыг  хохироосон,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хороолол 3-30 тоотод өөрийн төрсөн хүү /2 сар, 4 хоногтой/ И.Э болгоомжгүй үйлдлийн улмаас хөнжлөөр бүтээж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны  дутагдалд  оруулж амь насыг тус тус   хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Н.С нь:... хүүхдүүдээ өлгийдөөд унтуулсан, өглөө сэрэхэд нас барсан байдалтай байсан,  тухайн үед архи уусан байсан...гэжээ.

Гэрч: Р.Уранчимэг нь:... С миний төрсөн дүү  Идэрбаатартай  гэр бүл болсон. Сансар ажилсаг хүнтэй их нийтэч, архи дарс уугаад байдаггүй хүн байгаа юм. Найз нөхөд нь жоохон уруу татаж уудаг болохоор нь би найз нөхдөөс нь аль болох хол байлгадаг...энэ хоёр айхтар засрахгүй хүмүүс биш өөрсдөө надаас архинаас гармаар байна гэж гуйж байсан. С үр хүүхэдтэй халамж сайтай  хоол унд сайн хийгээд өгдөг. Гэр орны ажилд сайн  гэртээ бол цэвэрхэн  амьдардаг. С Идэрбаатар хоёрыг  жоохон архинаас  хөндийрүүлвэл  амьдралаа  өөрсдөө аваад  явчих  байх гэж боддог юм...гэжээ. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасангийн өгсөн:.. С, Идэрбаатар  нарыг танина, архины  хамааралтай  хүмүүс байгаа юм. Манай байгууллагын  үйлчилгээнд  хамрагдаж  байсан зорилтот  бүлгийн  хүмүүс  байгаа.  Хэрлэн сумын 2 дугаар  багийн  хамтарсан багийн хяналтанд  байдаг эрсдэлтэй   өндөртэй өрх айлд багтдаг,  2 удаагийн  тохиолдлоор  Идэрбаатарын  хүүхдийн амь нас  эрсэдсэн. Цаашид  дахин эрсдэл учирахаас  урьдчилан сэргийлж  холбогдох арга хэмжээг  авах хэрэгтэй. Цаашид  энэ өрх айлыг  манай байгууллагаас хяналтанд  авч ажиллах шаардлагатай юм байна. Идэрбаатарынд одоо бас бага насны хүүхдүүд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/

Гэрч Р.Идэрбаатарын өгсөн:....2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой  20 цаг 30 минутын орчим  би эхнэр Сансарын  хамт Орхон нэртэй хүнсний дэлгүүр орж 750 граммын  Монгол стандарт нэртэй  архи худалдаж авсан.  Хүүхдүүддээ идэх юм авсан.  Эхнэр бид 2 архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ Отгоо гэх хөршийн хамт  архи хувааж уугаад дуусгасан. Манай хөрш Отгоо архи ууж дуусгачихаад  гараад явсан 21 цаг өнгөрч байхад манай  эхнэр ахиж дэлгүүрээс  монгол Стандарт нэртэй 0.750  граммын  архи худалдаж авсан. Тэр архийг эхнэр бид  хоёр хувааж уусан гэхдээ  дуустал уугаагүй. Би 01 цаг 30 минут хүртэл телевиз үзсэн тэгээд унтсан.  Манай эхнэр хүүхдээ хажуудаа хэвтүүлээд унтсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний  өглөө 06 цаг өнгөрч байхад  сэрсэн манай эхнэр унтаж байсан. Хүүхэд дуугарахгүй байхаар нь харсан чинь  хүү эхнэрийн хөлд хөнжил доор байсан. Би хүүхдээ авсан чинь  нас барчихсан байсан...Би 4 хүүхэдтэй Том хүү Идэрзориг 11 настай, охин Эрдэнэзул 9 настай,  хүү Отгонжаргал 2 нас гарантай, хүү Энхжин 2 сартай... Би битүү хөнжил дотор амьсгалж  чадахгүй нас  барсан байх гэж бодож байна. Талийгаач эхнэрийн хөлний орчим хөнжил доор хэвтэж байсан...Манай эхнэр бараг тасраад унтсан. Шөнө 01 цаг 30 минутын орчим  намайг унтах үед манай эхнэр  хүүхдээ нэг удаа хөхүүлж байсан...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр  эхнэрийн төрсөн өдөр  болж архи ууж байгаад согтоод  хүүхэд авч унтаж байгаад  хүүхэд дээрээ дэр тавиад  унтчихсан байсан тэгээд  манай 2 сартай хүүхэд нас барж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Гэрч З.Отгонжаргалын өгсөн:..Би С гэх хүнийг танина. Манай багт амьдардаг юм.  Манай  гэр Сансарын  гэртэй ойрхон байдаг юм.  Бид төрөл садангийн холбоо байхгүй... Манайх С ойролцоо байдаг юм заримдаа С гэрээр  ордог юм.  С нөхрийг Идэрбаатар гэдэг. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны  өдөр би гэртээ 500 граммтай  пиво уучихаад  Сансарын гэрт орсон.  Тухайн үед орой  18 цаг өнгөрч байсан байх гэж багцаалдаж байна.  С нөхөр Идэрбаатар болон  бага хүүхдийн хамт гэртээ байсан.  Сансар Идэрбаатар  хоёр  архи уугаагүй эрүүл байсан. Би урьд нь С  миний төрсөн өдөр  болох гэж байгаа тухайгаа хэлж  байсан.  Миний төрсөн өдөр 9 дүгээр сарын 10-ны  өдөр болдог юм.  С миний төрсөн өдрөөр уулзаж чадаагүй гээд нөхөр Идэрбаатарыг  дэлгүүр явуулж  750 граммтай  монгол стандарт нэртэй  архи авчируулсан.  С Идэрбаатар  бид нар тэр архийг  хувааж уусан.  Архи уугаад дуусаад сууж байтал манай нөхөр  гаднаас намайг  дуудсан би тэгээд  гэртээ орсон дахиж би Идэрбаатарын гэрээр ороогүй... 2019 оны 09 дүгээр  сарын 21-ний  өглөө би  С бага  хүүхэд нас барсан гэдгийг Идэрбаатарын дунд  охин Зулаа  дүү нас барчихлаа гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуу/

Гэрч Б.Намуундарийн өгсөн:....Би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэрлэн дот өрхийн эмнэлэгт  их эмчээр ажиллаж байна... Хэрлэн сум 2 дугаар баг Булгийн 3-30 тоотод Идэрбаатарын Энхжин  гэх нярай  байгаа гэдгийг  мэдсэн.  Би анх 2019 оны  08 дугаар сарын  эхээр шиг  санаж байна Идэрбаатар нь Энхжинг  эрүүл бойжиж байгаа  гэсэн тодорхойлолт  авахаар ирсэн.  Идэрбаатараас гэрийн хаягийг асуухад   Хэрлэн сум 2 дугаар баг Булгийн 3-30  тоотод байгаа  гэж хэлсэн.  Идэрбаатар нь эхнэр С  нь жирэмсний хяналтанд  байхдаа  Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-11 тоотод байсан.  Би нярайг хяналтанд авахаар  2019 оны  08 дугаар сарын  эхээр яваад  Булаг 3-30 тоот хаягийг олоогүй  дараа дахиж  явж байгаад Булгийн 3-30 тоот хаягыг олж  2019 оны  08 дугаар сарын  12-ны өдөр нярайн биеийн байдлыг  үзсэн. Үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 06,07,09,10-ны өдрүүдэд үзсэн. 2019 оны 09 дүгээр сарын 24-нд үзэхээр очиход  Энхжинг нас барсан гэж хэлсэн....Өсөлт хөгжил сайн  жин нь нэмэгдээд явж байсан. 2019 оны 09 сард бага зэргийн ханиадтай байсан... 2019 оны 08 дугаар сарын 23-ны  өдөр Идэрбаатарын гэрт очиход Идэрбаатар  согтуу байсан. 2019 оны 09 дүгээр сарын  06-ны өдөр  очиход  Идэрбаатарын гэрт мөн согтуу байсан. 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр очиход  мөн Идэрбаатар гэрт согтуу хүмүүс байсан....2018 оны 07 сард Сансарын хүүхэд нь нас барсан гэж  сонсож байсан.  Би яагаад нас барсан гэдгийг  нь мэдэхгүй  би  тухайн үед  ажиллаж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

Гэрч Р.Уранчимэгийн өгсөн:...Би С таньдаг болоод 10 гаран жил болж байна.  Сансар миний төрсөн дүү  Идэрбаатартай  гэр бүл болсон.  С манай бэр болсон цагаас нь  би мэднэ.  С ажилсаг хүнтэй их нийтэч  хүн байгаа юм. Бид С ажил хийгээд өгөөч  гэхэд ирээд  бидэнд тусалдаг гэрийн ажилд сайн эмэгтэй юм.  Сансар Идэрбаатар хоёр 3 хүүхэдтэй.  Хамгийн том нь Идэрзориг гэх эрэгтэй хүүхэд байгаа хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг сэтгэцийн өөрчлөлттэй  хэл ярианы бэрхшээлтэй С асран хамгаалагч нь байгаа юм. Дараах хүүхэд нь Эрдэнэзул 9 настай эмэгтэй 3 дугаар ангид сурдаг. Дараах хүүхдийг нь Отгонжаргал гэдэг одоо 3 настай, Отгонжаргал  одоо 3 настай мөртлөө  өмдөндөө шээдэг, ярьдаггүй том хүүхэд Идэрзоригтойгоо  адилхан юм болов уу гэж боддог. Гэхдээ  яг эмнэлэгээр яваад үзүүлээгүй байгаа. С  үр хүүхэдтэй халамж сайтай,  хоол унд сайн хийгээд өгдөг. Хүмүүс мал нядалж өгөөч  гэж гуйвал С  малын гэдсийг нь арилгаж  өгдөг хөлсөнд нь  арилгаж өгсөн хөлсөнд  нь  арилгасан малын  гэдэснээс  авдаг  үр хүүхдээ  тэжээдэг.  Гэр орны ажилд сайн  гэртээ бол цэвэрхэн  амьдардаг. С Идэрбаатар хоёрыг  жоохон архинаас  хөндийрүүлвэл  амьдралаа  өөрсдөө аваад  явчих  байх гэж  боддог юм.  С Идэрбаатар  хоёр өөрсдөө  архинаас  гармаар байна гээд байгаа.  Би архинаас  гарах спираль  захичихсан байгаа...С Идэрбаатар хоёр  өөрсдийн  гэсэн 5 ханатай  монгол гэрт  амьлардаг. Дэлхийн зөнгөөс хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд нь өгч  байсан гэр  байгаа юм.  Мал эд хөрөнгө  байхгүй.  С  урд  нь гэмт хэрэг зөрчилд  холбогдож  байгаагүй, тамхи татдаг  өөр гаж муу  зуршилгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 58/

Гэрч Ч.Ганчимэгийн өгсөн:...Би Н.С танина миний төрсөн дүү байгаа юм.  Бид хоёр эцэг өөр  юм. Тэрнээс нэг эхийн хүүхдүүд байгаа юм.  Бид эхээс 3-лаа юм.... Сансар 1986 оны 07 дугаар сарын 22-ны  өдөр Хэнтий аймгийн Баянмөнх  суманд төрсөн. Баянмөнх сумын цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн.  1994 онд  Баянмөнх суманд сургуульд орж  суралцаж байгаад  Хэнтий аймгийн Тэмүүжин  сургуульд  шилжин суралцаж  7 дугаар анги төгсөж сургуулиас гарсан. Сургуулиас  гараад нэг хэсэг надтай хамт  хөдөө мал маллаж байсан.  Идэрбаатар гэх залуутай танилцаж гэр бүл болсон. Одоо 3 хүүхэдтэй. Сансар уг нь 5 хүүхэд төрүүлсэн 2 хүүхэд эндсэн.  С одоо Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт нөхөр хүүхдийн хамт   монгол гэрт амьдардаг.  Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.  С хүүхэд байхдаа хүнд их тустай,  зан ааш сайтай хүүхэд байсан ажилд сайн хүний үгнээс гардаггүй  сэргэлэн  хүүхэд байсан. Сургуульд сурч байхдаа сурлага  сайтай хүүхэд байсан...Сүүлийн үед архи уудаг болсон  гэж сонсогдоод  байгаа. Том хүүхэд нь хөгжлийн  бэрхшээлтэй  халамж  авдаг.  С хүүхдийнхээ  асран  хамгаалагч нь байгаа юм.  С Идэрбаатар хоёрт  өөрийн гэсэн мал   эд хөрөнгө байхгүй. Дэлхийн зөнгөөс 2018 онд  5 ханатай монгол гэр өгч  байсан  одоо энэ гэртээ амьдарч  байгаа.  С ажилд сайн, тооцоо сайтай  дэлгүүрийн худалдагч хийж байсан. Гэрийн ажилд сайн хүн байгаа юм.  Сургууль цэцэрлэгт байхдаа  дуулдаг байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018  оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач И.Энхмэндийн  биед  гэмтэл  тогтоогдсонгүй. 
  2. Талийгаач И.Энхмэнд нь уушгины завсрын хатгалгаа, эмфизем өвчтэй байсан ба уг  өвчин нь  үхэлд  хүргээгүй байна.
  3. Талийгаач  И.Энхмэнд нь  механик  амьсгал бүтэлтийн улмаас  амьсгал, зүрх судасны дутагдал  орж  нас баржээ.
  4. АВО системээр А/II/-р бүлгийн цустай байна гэх дүгнэлт / хх-ийн 79 хуу/

Талийгаач И.Энхжингийн үхлийг шалтгааныг тогтооосон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2019  оны 10 дугаар сарын 14-ний  өдрийн 16 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаачийн цогцост  бүсэлхүйн зүүн хажуу хэсгийн зулгаралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. 
  2. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхэлд нөлөөлөхгүй гэмтэл болно.
  3.  Биед үүссэн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх  боломжтой.

4.5. Талийгаачидшинжилгээгээрүхэлд нөлөөлөх эмгэгөвчин тогтооглоогүй.

6.Талийгаачид нүүрний  урд / духны дунд хэсэг, 2 нүдний дунд хэсэг,  хамар ам орчим/ хэсэгт үүссэн хөхөлбөр  өнгийн хүүрийн толбоны өөрчлөлт, зүрхний урд,  ар гадаргуу  хэсгүүд, уушигны урд, ар гадаргуу, дэлбэн хооронд үүссэн  цэгчилсэн цус харвалт /Тарьдегийн  толбо/ уушгины жигд бус  авчилт, зүрхний   эпикардын  цус харвалт, дотор эрхтнүүдийн  венийн  судасны  жигд  бус цус  дүүрэлт бүхий  шинжүүд илэрч  байна.

  1. Амьсгал бүтэлт нь агааргүй битүү орчин буюу ам, хамрыг таглах гэх мэт хэлбэрүүдээр үүссэн байх боломжтой.
  2. Талийгаач нь  механик  амьсгал бүтэлтийн улмаас  амьсгал зүрх судасны дутагдал  орж  нас баржээ гэх дүгнэлт / хх-ийн 64 хуу/

Н.С яллагдагчаар өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Отгонжаргалын төрсөн өдөр  болсон.  Би тэр өдөр гэртээ буюу  Хэрлэн сумын 2 дугаар баг  Булгийн 3-30 тоотод байсан.  Би гэртээ нөхөр 4 хүүхдийн хамт байсан.  Манай найз Отгонжаргал 17 цаг өнгөрч байхад  миний төрсөн өдөр болсон гээд  согтуу манай гэрт орж ирсэн. Би Отгонжаргалыг  төрсөн өдөр болж байгаа юм чинь  1 шил архи аваад ир гээд нөхөр Идэрбаатарын дэлгүүр  явуулсан. Манай нөхөр дэлгүүр явж удалгүй 1 шил 750 граммын  стандарт архи  авч ирсэн.  Энэ архийг Отгонжаргал, Идэрбаатар  бид нар хувааж  ууж дуусгасан.  Отгонжаргалын нөхөр гаднаас  Отгонжаргалыг дуудсан. Отгонжаргал гараад явсан эргэж орж ирээгүй.  Нөхөр бид хоёр  хоолоо хийж идсэн манай нөхөр дэлгүүр  хаахаас өмнө 1 шил архи авчих уу  гэсэн би  тэг ээ гэж зөвшөөрсөн. Манай нөхөр Идэрбаатар дэлгүүрээс  750 граммтай  монгол стандарт  нэртэй  архи авч  ирсэн. Нөхөр бид хоёр архинаас  бага зэрэг  уусан би 3 хундага архи уусан.  Тэгээд би газраар  ор засаж  өгсөн 3 хүүхэд унтсан. Манайх гэртээ  1 ортой би  гэрийн зүүн талд орон дээрээ хүү  Энхжинг  аваад унтсан.  Идэрбаатар  лангуу хийнэ гээд  унтахгүй юм хийгээд  мод хөрөөдөөд  байсан.  Би 22 цаг өнгөрч байхад  унтсан, шөнийн  01 цаг өнгөрч байхад  би  сэрсэн хүү  Энхжинг  хөхүүлсэн.  Энэ  үед Идэрбаатар  унтаагүй модоор лангуугаа хийгээд  сууж байсан би тэгээд  буцаад  унтсан.  2019 оны 09 дүгээр сарын 21-ний  өглөө манай нөхөр  намайг  татаж  сэрээсэн хүүхэд  хажууд чинь байхгүй байна хүүхдээ хөхүүл гэж хэлсэн.  Энхжин  миний хажууд байхгүй  байсан би тэгэхээр  нь хөнжилөө авахад  миний зүүн хөлний орчим  Энхжин дээшээ  хараад  хэвтэж байсан.  Намайг хүүхдээ авахад  Энхжин амьсгалахгүй  байсан гэхдээ бие нь халуун  байсан би тэгээд  өөрийнхөө  гар  утсаар  эмнэлэг цагдаад  дуудлага өгсөн....Талийгаач өөрөө эргэж хөдөлж  чадахгүй байсан.  Өлгийтэй байсан.  Би шөнө унтаж байгаад хөдлөхдөө  хүүхдээ хөл рүүгээ  болгосон байх гэж бодож байна...Би өдөр хүүхдүүдээ хараад  их ядардаг хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэдтэй асаргаа,  сувилгаа их ордог. Тэгээд шөнө их унтаад байдаг.  Идэрбаатар л шөнө сэрээхгүй бол  би унтчихаад  байдаг юм...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байсан.  Миний төрсөн өдөр байсан.  Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-11  тоотод  хашаанд  монгол гэрт  амьдарч  байсан.  Манайх хашаанд ганц гэрээрээ байсан.  Манай гэрт нөхөр Идэрбаатар 4 хүүхэд  байсан. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  манайд Одончимэг Уранчимэг хоёр  ирсэн.  Одончимэг, Уранчимэг  хоёр дарс  пиво ерөөл нэртэй архитай ирсэн.  Ерөөл нэртэй 750 граммтай архийг нь  Одончимэг, Уранчимэг  Идэрбаатар бид нар хувааж  уусан. Дарс пиво хоёрыг нь уугаагүй. Одончимэг Уранчимэг  хоёр манайхаас  орой гараад  явсан би хэдэн цагт явсан гэдгийг санахгүй байна.  Бид нар зурагтаа үзэж байгаад  унтсан. 2018 оны 07 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим хүү Энхмэндийг хөхүүлсэн.  Энхмэндийг манцуйлаад унтуулсан.  2018 оны 07 дугаар сарын 22-ны өглөө  Идэрбаатар намайг сэрээсэн. Энхмэндийн нүүрэн дээр нь дэр байсан би дэрийг  авсан. Энхмэнд амьсгалахгүй байсан.  Идэрбаатар эмнэлэг цагдаад дуудлага өгсөн...Би унтаж байгаад гараа сугалж авахдаа дэрийг татаж  хүүхэд  дээрээ тавьсан байх гэж бодож байна.  Талийгаач 2 сартай байсан. Талийгаач өөрөө дэр аваад өргөх ямар ч боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 91-96 хуу/

2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 3-30 тоот хашаанд  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд   /хх-ийн 17-22 хуу/

2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26- 11 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 24-29 хуу/

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/156 дугаартай тогтоол /хх-ийн 10 хуу/

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай Хэнтий аймгийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай тогтоол /хх-ийн 13 хуу/

Талийгаач И.Энхжин, И.Энхмэнд нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 98, 109 хуу/

И.Идэрзориг нь хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын коимссийн дүгнэлт, И.Идэрзориг нь байнгын асаргаа шаардлагатай болохыг тодорхойлсон дээрх комиссиын тодорхойлолт  /хх-ийн 114, 133 хуу/

Н.С иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 139 хуу/

Н.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 хуу/

Р.Идэрбаатар нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын  тодорхойлолт /хх-ийн 160 хуу/

Н.С нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд доод түвшинд багтсан тухай Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1024 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 161 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 162-163 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

       Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.С нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-11 тоотод байх гэртээ 2018 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө  согтуурсан үедээ болгоомжгүй үйлдлээр өөрийн төрсөн хүү /2 сар, 1 хоногтой/ И.Э нүүрэн дээр дэр тавьж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны  дутагдалд  оруулж амь насыг нь хохироосон,

2019 оны 09 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг хороолол 3-30 тоотод байх гэртээ согтуурсан үедээ болгоомжгүй үйлдлээр  өөрийн төрсөн хүү /2 сар, 4 хоногтой/ И.Э хөнжлөөр бүтээж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны  дутагдалд  оруулж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Н.С нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унтаад сэрэхэд  хоёр удаа бага насны хүүхэд минь нас барсан байсан, хүүхдүүдийн  ам, хамар  дэр болон хөнжлөөр таглагдсан байсан” гэж дурдсан бөгөөд  түүний энэ мэдүүлэг нь гэрч Р.Идэрбаатарын  мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Р.Идэрбаатарын өгсөн:...манай  эхнэр ахиж дэлгүүрээс  монгол Стандарт нэртэй 0.750  граммын  архи худалдаж авсан. Тэр архийг эхнэр бид  хоёр хувааж уусан гэхдээ  дуустал уугаагүй...Манай эхнэр бараг тасраад унтсан...гэх мэдүүлэг, гэрч З.Отгонжаргалын өгсөн:..  Сансар, Идэрбаатар  бид нар тэр архийг  хувааж уусан...гэх мэдүүлэг, Н.Сансарын яллагдагчаар өгсөн:...Манай нөхөр дэлгүүр явж удалгүй 1 шил 750 граммын  стандарт архи  авч ирсэн.  Энэ архийг Отгонжаргал, Идэрбаатар  бид нар хувааж  ууж дуусгасан... Нөхөр бид хоёр  хоолоо хийж идсэн манай нөхөр дэлгүүр  хаахаас өмнө 1 шил архи авчих уу  гэсэн би  тэг ээ гэж зөвшөөрсөн. Манай нөхөр Идэрбаатар дэлгүүрээс  750 граммтай  монгол стандарт  нэртэй  архи авч  ирсэн. Нөхөр бид хоёр архинаас  бага зэрэг  уусан би 3 хундага архи уусан...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр  манайд Одончимэг Уранчимэг хоёр  ирсэн.  Одончимэг, Уранчимэг  хоёр дарс  пиво ерөөл нэртэй архитай ирсэн.  Ерөөл нэртэй 750 граммтай архийг нь  Одончимэг, Уранчимэг  Идэрбаатар бид нар хувааж  уусан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч тухайн  үед согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн талийгаач И.Энхмэнд нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, И.Энхжин нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн  болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хэрэг болох үед буюу 2018 оны 07 дугаар сарын 21, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 2 сартай  /насны хувьд/ байжээ.

Шүүгдэгч нь талийгаач нарыг өлгийдөж хажуудаа унтуулсан, өглөө сэрэхэд нүүрэн дээр нь дэр байсан, анх унтуулсан газраас хөдлөөд хөлний орчим хөнжил дотор орсон байсан гэж мэдүүлэг өгчээ. Дээрх байдлуудаас үзэхэд 2 сартай, өлгийтэй хүүхэд өөрөө бие даан байршлаа өөрчлөх, эд зүйл авч хөдөлгөх ямар ч боломжгүй тул нүүрэн дээр нь дэр тавигдсан, байршлаа өөрчилсөн, хөнжлөөр хучигдсан нөхцөл байдал нь шүүгдэгч Н.С болгоомжгүй үйлдэлтэй хамааралтай байна гэж үзлээ.

Талийгаач И.Энхмэнд, И.Энхжин нарын ам, хамар нь гадны биетээр таглагдсаны улмаас механик амьсгал бүтэлтэнд орж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд талийгаач нарын үхэл болон шүүгдэгч Н.Сансарын болгоомжгүй үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-11 тоотод 2 сартай И.Энхмэнд нь нас барсан гэх  мэдээлэлд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 183900362 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг  /хх-ийн 10-11 хуу/ орлогч прокурор нь хянасан байна. Энэ шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгох ёстой байтал аймгийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 13 дугаар тогтоолоор /хх-ийн 13 хуу/ хүчингүй болгосон нь үндэслэлгүй, байна. Иймд Н.С нэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.

            Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь заалтад дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг заавал хянана гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно гэж тус тус заасан байна.

            Иймд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/156 дугаартай тогтоол нь  хүчингүй болсон байх тул  өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Н.С болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Гэмт хэргийн улмаас бага насны 2 хүүхдийн амь нас хохирсон бөгөөд учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэнийг нь харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас бага насны 2 хүүхдийн амь нас хохирсон тул гэмт хэргийн хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт заасны дагуу  шүүгдэгч Н.С  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч Н.С оногдуулсан  2 жилийн хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдасугай.
  3. Шүүгдэгч Н.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын  06-ны өдрөөс тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ