| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0047/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2020/0047/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.С холбогдох 1939007950006 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Снь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Гомбоцогтын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Г.Ц самсунг эс 9 маркийн гар утсыг хулгайлж бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Г.С нь мэдүүлэг өгөхдөө:...хүнтэй уулзах гэж айлын байшинд ороход хүнгүй байхаар нь ил байсан гар утсыг аваад гарсан... гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Ц өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд би Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт байх Гомбоцогтынд байж байгаад хажуу айл руу орсон юм аа. Орохдоо би гэрт өөрийнхөө цүнх, утас бусад эд зүйлсээ орхиод гарсан юмаа. Тухайн үед Гомбоцогтынд хүн байгаагүй ээ. Би нэг хашаан дотор байдаг хажуу айл руугаа ороод 20 орчим минут болоод буцаад гэр лүүгээ ороход миний утас байхгүй, цүнх байхгүй болсон байсан. Миний цүнх, утас хоёр орон дээр байсан юм. Тэгээд би утас, цүнх хоёроо хайгаад цүнхээ үүднээс олсон. Харин утас маань байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...Samsung S9 маркийн гар утас юм. 2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Samsung center төвөөс 1.990.000 төгрөгөөр худалдан авч байсан...өөрийнхөө утсыг олж авсан болохоор одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч С.Гомбоцогтын өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 03-ны орой манай гэрт ойр дотны ах дүү нар бүгд цугларсан байсан юм. Манай ээжийн бие тааруу байгаа болохоор хотоос хүүхдүүд нь ирчихсэн байсан. Тэгээд тэр орой манай хажуу талд байдаг ээжийн гэрт бүгд цугларчихсан байсан. Хамгийн сүүлд манай гэрт байсан бэргэн эгч Цэцгээ орж ирсэн. Орж ирээд 10 гаран минут болоод буцаад манайх руу ороход гар утас нь алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Сүүлд манайх руу Санзайзоригт орж утас авсан болохыг цагдаагаас бас өөрөөс нь мэдсэн. Санзайзоригт буюу Сак нь манай ахын Алтаргана жуулчны баазын манаач юм. Манайд байнга жуулчны баазтай холбоотой асуудлаар ирдэг. Тэр орой согтуу явж байгаад манайд орж ирээд манай эгчийн утсыг аваад гарчихсан байна лээ... онгорхой байсан. Бид нар орж гараад байж байсан. Хамгийн сүүлд Цэцгээ эгч гарсан... Санзайзоригт байнга орж гардаг. Манайд мод чулуу хагалж, хааяа ус зөөж байдаг. Бас жуулчны баазын асуудлаар байнга орж гардаг хүн юм. Өдөр болгон шахуу орж гардаг хүн болохоор зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орж болно оо. Ямар огтын танихгүй хүн байгаа биш...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Гэрч Д.Сарангэрэлийн өгсөн:... 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд манай нутгийн залуу Сак буюу С манайд нэг шил архитай орж ирсэн. Тэгээд орж ирээд шил архиа ууж байгаад Сараа эгч би гудамжнаас нэг утас олсон гэж хэлсэн. Тэгээд халааснаасаа гаргаад ирсэн. Тэгээд аваад хартал тухайн утас цоожгүй байсан. Тэгээд хэний утас юм бол зургийг нь харъя гэж бодоод хартал танихгүй хүн байсан. Тэгээд цэнэг нь дуусч байна цэнэглэ гэхээр нь цэнэглээд байж байтал удалгүй хэсгийн төлөөлөгч орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Гэрч Ч.Дашренчингийн өгсөн:..Би Станина. С манай Дадал сумын залуу бөгөөд мөн надтай худ ургийн холбоотой хүн...Би Санзайзоригтыг одоогоос 10 гаран жилийн өмнөөс мэднэ. С нь зан байдлын хувьд төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж, зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи дарсыг хэрэглэх нь хэрэглэдэг боловч байнгын бол хэрэглээд байдаггүй ба архи уусан ч агсам согтуу тавиад байдаггүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж муу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь бол мэдэхгүй...машин техник засах сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, эхнэр 4 хүүхэдтэй бөгөөд одоо эхнэр 4 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багийн нутаг Алтаргана нэртэй жуулчны баазын хашаан дотор оршин сууж байна, ер нь Санзайзоригт даруу төлөв, их ажилсаг залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Г.С яллагдагчаар өгсөн:...би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад аав ээжийнхээ хамт Дадал сумын төв дээр ирсэн юм. Тухайн үед ойролцоогоор 13-14 цагийн үе л байсан, тэгээд аав ээж 2 маань намайг сумын төв дээр буулгачихаад буцаад хөдөө гэр лүүгээ яваад өгсөн, би аав ээж хоёрыг явахаас нь өмнө архи уух мөнгөө гуйж авсан. Тэгээд аав ээж хоёроосоо авсан мөнгөөрөө би дэлгүүрээс архи худалдаж аваад сумын төвд байх өөрийнхөө гэртээ ороод уг архиа ганцаараа уусан, тэгээд би ахиад архи уухаар болоод гэрээсээ гарч дэлгүүрээс дахиад 1 шил архи худалдаж аваад Сарангэрэл гэх эгчийн гэрт нь очсон Тэгээд уг архиа Сарангэрэл эгчтэй уух гэхэд Сарангэрэл эгч уухгүй байсан учир би уг архиа ганцаараа уусан, тэгээд би архиа ууж дуусаад Сарангэрэл эгчийн гэрээс нь гарч явсан, тэгээд би цаашхи явдлаа санахгүй байгаа бөгөөд нэг ухаан ороход би Сарангэрэл эгчийн гэрт нь ахиад ирчихсэн байсан бөгөөд цагдаа нар ч бас Сарангэрэл эгчийн гэрт ирчихсэн байсан ингэж л би Гомбоцогт ахын гэрээс нь Цэцгээ гэх хүний Samsung S9 маркийн гар утсыг нь хулгайлсан болохоо мэдсэн...Би согтуудаа л хулгай хийчихлээ, би бодохдоо ахиж архи дарс авч уух гээд л хулгай хийчихсэн байх гэж бодоод байна, тухайн үед архиа хэтрүүлэн хэрэглээд л ийм асуудалд холбогдчихлоо...гэх мэдүүлэг / хх-ийн 38 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 06-08 хуу/
Г.С Samsung s9 маркийн гар утсыг хураан авч, хохирогч Г.Ц хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 хуу/
Хохирогч Г.Ц алдсан Samsung S9 маркийн гар утасны үнэлгээг 550.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №403 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 хуу/
Г.С иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 хуу/
Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.С холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.С нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед согтуугаар Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Гомбоцогтын байшинд онгорхой байх үед нь орж хохирогч Г.Ц Samsung s9 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Г.Ц, гэрч Д.Сарангэрэл нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд...6х6 метр хэмжээтэй дүнзэн байшин...баруун хананд 5 м урт саарал өнгийн буйдан...хойд хананд хүрэн өнгийн унтлагын ор хөнжил даавуутайгаа...төв хэсэгт тоосгоор барьсан зуух байв... гэж дурдсан байх бөгөөд уг байшингийн гаднах болон дотоод байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд уг байшинг хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайн байшингийн эзэн С.Гомбоцогт нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “шүүгдэгч Г.С танина, С өөрийнх нь зөвшөөрөлтөй, зөвшөөрөлгүй гэрт нь байнга орж гарч байдаг” гэж мэдүүлэг өгчээ. Гэвч тухайн тохиолдолд С.Гомбоцогт нь өөрийнхөө гэрт Г.Санзайзоригтыг орох талаар зөвшөөрөл өгөөгүй байх тул Г.С үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.С хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц 550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “гар утсаа буцааж авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг /хх-ийн 16 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Г.Санзайзоригтыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.С оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ