| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0039/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 40
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пт холбогдох эрүүгийн 2030000000030 дугаартай хэргийг 2020 оны 01 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Г” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.П
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Пт нь 2019 оны 11 дүгээр сард өөрийн үхэрт нийлсэн 1 тооны үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Б.Өт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талууд дараах нотлох шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын дундуур хойноосоо цасан шуурга болоод хэсэг үхэр манай гэрийн гадуур дамжаад уруудсан. Тэр өдөр манай үхэр мөн уруудсан. Би өөрийн үхрээ 20-30 километр газар уруудуулаад авчирсан. Тэгэхэд нэг үнээ хамт ирсэн. Мөнгөний хэрэг гараад нядалсан Тэр үнээг би хийгээд хүнд зарсан. Хохиролд нь тугалтай үнээ өгсөн. Хохирогч Б.Ө гэдэг хүнд өөрт нь өгсөн. Гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн Би хөдөө гэртээ ганцаараа байсан учраас цагдаа болон Засаг даргад хэлж чадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг хоёр хуваагаад хавар ямааны ноолуур дээрээс төлөх саналтай байна...гэв.
- Яллагдагч Б.Пын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэнгэр муухайрч хойд талаасаа цасаар шуурсан шуурганд манай үхэрт зүүн чих хөндөл, баруун чих урдаас ганзага имтэй хүрэн зүсмийн үнээ ирсэн юм. Би уг үнээг өөрийнхөө үхрээс салгахгүй хамт хариулж байгаад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ганцаараа гэрийнхээ гадаа янзалсан. Арьсыг нь эвхэж илүү гэртээ хийгээд толгойных нь арьсыг өвчиж аваад машиныхаа ард багаажинд хийсэн байгаа. Тэгээд сумын төв рүү өөрийнхөө Сани-15 маркийн автомашинд махыг нь ачаад хүргэн М.Гын амбаарт хийж үлдээсэн байсан. Тэгсэн хүргэн сумын төвд мах авч байсан М гэж хүнд нэг килограммыг нь 5000 төгрөгөөр бодож өгөөд, үхэр чинь 800.000 төгрөг болсон гээд бэлэн тоолж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
- Хохирогч Б.Өийн: Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Бор нуруу” гэх газар байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын төвийн урд цементэн хашаанд дээр бүх үхрээ бөөгнүүлж тарилга хийлгээд тэнд нь нэг хонуулаад буцааж гэр лүүгээ татаж авсан юм. Манай үхэр тарилга хийхэд бол бүрэн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр үхрээ тоолж үзэхэд манай үхрээс 1 тооны үхэр дутуу байсан. Манай үхэр зүүн чих араас хөндөл, баруун чих урдаас ганзага имтэй үхрүүд байгаа юм. Тухайн үхрийг манай сумын иргэн Б.П нь хувьдаа завшсан байсныг цагдаагийнхан тогтоосон бөгөөд П нь миний үхрийн оронд тугалтай үнээ өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Б.Птай эвлэрсэн. Хохирлын маргаангүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 5/
- Гэрч Б.Мын: 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр намайг мах авч байхад М.Г ирээд үхрийн мах өгмөөр байна гэхээр очиж үзэхэд бараг хөлдөж амжаагүй үхрийн мах байсан. Тэгээд 1 килограммыг нь 6000 мянган төгрөгөөр бодоод 154 килограмм болоод 924,000 төгрөг болж байсан. Тэр мөнгийг нь Гантулгын эхнэрийнх нь данс руу хийж өсгөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7/
- Гэрч Б.Дгийн: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна гэртээ байж байсан чинь манай хашаа руу Мэндбаяр машинтайгаа орж ухраад зогсохоор нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь манай зуны сууцнаас үхрийн мах Г ах ав гэсэн гэхээр нь орж үзэхэд үхрийн мах байсан. Би нөхрөөсөө юун үхрийн мах болох талаар асуухад П ах авч ирж хийсэн юм, намайг зарчихаарай гэж хэлсэн юм гэхээр нь би тэр үедээ итгэсэн. Тэгсэн миний дансыг гээд байхаар нь би дансаа өгөөд миний данс руу 924.000 төгрөг орж ирсэн. Тэгээд П надаас бэлнээр 800.000 төгрөг авсан. Урьд нь надаас гэрийн өрх хийлгэж аваад 120.000 төгрөг өгөх ёстой байсан. Тэрийг нь би суутгаж авсан. Үхрийн мах анх авч ирж хийхэд нь би байгаагүй. Мөн хийсэн талаар надад хэн ч хэлээгүй, мах авна гээд хүн ирэхэд л би анх мэдсэн. Тэгээд өөрөө хөдөө байдаг юм болохоор өөрийнхөө үхрээс хийж ирсэн юм байлгүй гэж бодсон. Манай нөхөрт бас өөрийнхөө үхрийг гэж хэлсэн байсан. Тэрнээс хулгайн үхэр гэдгийг мэдсэн бол би тэрийг заруулахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8/
- Гэрч М.Гын: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг Жавхлантын 6-3 тоотод эхнэр Дэнсмаа 3-н хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хадам ах Б.П нь жижиг саарал өнгийн машинтай гэрийн гадаа ирсэн байхаар нь уулзахад танай байшинд үхрийн мах орхиод явмаар байна. Хөдөө мал эзгүй байгаа болохоор буцах хэрэгтэй байна гээд манай байшинд 5 хэсэг болгосон үхрийн арьс, толгой байхгүй мах үлдээсэн. Тэгээд намайг уг махыг зараад мөнгийг нь өөрийнхөө эхнэр Уд өгөөрэй гэсэн юм. Уг махыг нь 2 хонуулаад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М гэх хүнд өгсөн. Үхэр нь 130 гаран кг татаж 800 гаран мянган төгрөг болсон. Тэр мөнгийг нь өөрийн эхнэр Дэнсмаагийн Хаан банкны дансаар авсан. Би тэр мөнгөнөөс мөнгө авалгүй эхнэр Угийн данс руу хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 9/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл / хх-ийн 02/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Малын үнэлгээ: Үхэр /сувиа үнээ/ - 1.100.000 төгрөг /хх-ийн 11/
- Б.Пын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- ийн 22/
- Б.Пын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/
-Б.Пын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/
- Хохирогч Б.Өт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 27/
- Яллагдагч Б.Пт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 28/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай санал /хх-32/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутагт өөрийн үхэр сүрэгт нийлсэн зүүн чих хөндөл, баруун чих урдаасаа ганзага имтэй хүрэн зүсмийн үнээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад зарж борлуулан хохирогч Б.Өт 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Б.Пын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэнгэр муухайрч хойд талаасаа цасаар шуурсан шуурганд манай үхэрт зүүн чих хөндөл, баруун чих урдаас ганзага имтэй хүрэн зүсмийн үнээ ирсэн. Би уг үнээг өөрийнхөө үхрээс салгахгүй хамт хариулж байгаад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ганцаараа гэрийнхээ гадаа янзалсан. Арьсыг нь эвхэж илүү гэртээ хийгээд толгойных нь арьсыг өвчиж аваад машиныхаа ард багаажинд хийсэн байгаа. Тэгээд сумын төв рүү өөрийнхөө Сани-15 маркийн автомашинд махыг нь ачаад хүргэн М.Гын амбаарт хийж үлдээсэн байсан. Хүргэн сумын төвд мах авч байсан М гэж хүнд нэг килограммыг нь 5000 төгрөгөөр бодож өгсөн “ гэх,
хохирогч Б.Өийн “...Манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Бор нуруу” гэх газар байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сумын төвийн урд цементэн хашаанд дээр бүх үхрээ бөөгнүүлж тарилга хийлгээд тэнд нь нэг хонуулаад буцааж гэр лүүгээ татаж авсан юм. 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр үхрээ тоолж үзэхэд манай үхрээс 1 тооны үхэр дутуу байсан. Манай үхэр зүүн чих араас хөндөл, баруун чих урдаас ганзага имтэй үхрүүд байгаа юм. Тухайн үхрийг манай сумын иргэн Б.П нь хувьдаа завшсан байсныг цагдаагийнхан тогтоосон” гэх,
гэрч М.Гын “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хадам ах Б.П нь жижиг саарал өнгийн машинтай гэрийн гадаа ирэхэд уулзахад танай байшинд үхрийн мах орхиод явмаар байна. Хөдөө мал эзгүй байгаа болохоор буцах хэрэгтэй байна гээд манай байшинд 5 хэсэг болгосон үхрийн арьс, толгой байхгүй мах үлдээсэн. Тэгээд намайг уг махыг зараад мөнгийг нь өөрийнхөө эхнэр Уд өгөөрэй гэсэн юм. Тэгээд махыг нь 2 хонуулаад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М гэх хүнд өгсөн. Үхэр нь 130 гаран кг татаж 800 гаран мянган төгрөг болсон. Тэр мөнгийг нь өөрийн эхнэр Дэнсмаагийн Хаан банкны дансаар авсан. Тэр мөнгөнөөс нь авалгүй эхнэр Угийн данс руу хийсэн” гэх,
гэрч Б.Мын “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр намайг мах авч байхад М.Г ирээд үхрийн мах өгмөөр байна гэхээр очиж үзэхэд бараг хөлдөж амжаагүй үхрийн мах байсан. Тэгээд 1 килограммыг нь 6000 мянган төгрөгөөр бодоод 154 килограмм болоод 924,000 төгрөг болж байсан. Тэр мөнгийг нь Гантулгын эхнэрийнх нь данс руу хийж өсгөн” гэх,
гэрч Б.Дгийн “...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна гэртээ байж байсан чинь манай хашаа руу Мэндбаяр машинтайгаа орж ухраад зогсохоор нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь манай зуны сууцнаас үхрийн мах Г ах ав гэсэн гэхээр нь орж үзэхэд үхрийн мах байсан. Тэгээд би нөхрөөсөө юун үхрийн мах болох талаар асуухад П ах авч ирж хийсэн юм. Тэгээд намайг зарчихаарай гэж хэлсэн юм гэхээр нь би тэр үедээ итгэсэн. Миний данс руу 924.000 төгрөг орж ирсэн. Тэгээд П надаас бэлнээр 800.000 төгрөг авсан” гэх мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдээлэл,
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Малын үнэлгээ: Үхэр /сувиа үнээ/ - 1.100.000 төгрөг” гэх үнэлгээ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч нь дээрх болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2007 оны 140/80 дугаар тушаалаар батлагдсан “Алдуул малыг бүртгэх, мэдээлэх журам”-ын хавсралтын 1.2-т “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай мэдээллийг 3 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газар болон, баг, хорооны Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ “ гэж заасан үүргийг биелүүлэлгүй байгалийн давагдашгүй хүчний улмаас цасан шуурганаар ижил сүргээсээ тасран салж өөрийн үхэрт нийлсэн үхрийг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа ашиг хонжоо олохоор зарж борлуулан завшсан болох нь хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогджээ.
Б.П нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өөрийн үхэр сүрэгт нийлсэн бусдын алдуул малыг завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Пын, хохирогч Б.Өийн алдуул нэг үхрийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Б.П болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Өт учирсан 1.100.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогчийн “ П нь миний үхэрний оронд тугалтай үнээ өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Б.Птай эвлэрсэн. Хохирлын маргаангүй болсон” гэх мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч Б.Өийн үхрийн үнэлгээг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын үнэлгээний комиссын Малын үнэлгээгээр ” Үхэр /сувиа үнээ/ - 1.100.000 төгрөг ” гэж тогтоожээ /хх- 11/.
Шүүгдэгч Б.Пын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас буюу ижил сүрэг, нутгаасаа тасарч, алдагдан өөрийн үхэрт нийлсэн нэг үхрийг завшсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Пын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Пын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Б.Пт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь хувийн мал маллаж амьдардаг, тогтмол орлогогүй хийгээд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Пт оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Б.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Пыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Пт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Пт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.П энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Өт учирсан 1.100.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН