Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0712/З |
Дугаар | 221/МА2021/0107 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2021/0107
Л.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Л.Э-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 794 дүгээр шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Э-аас Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн 82 тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Э-ын нэр дээр гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтуудыг үндэслэж мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, нотлох баримт нь бүрэн бус учир бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талаас нь авч үзэж, хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бодитойгоор дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.5, 10.6.6-д заасан баримтуудыг хэн гүйцэтгэх үүрэгтэй юм, яагаад байхгүй байгаа юм гэдэг нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Зогсоолыг барьсан “Зарубежестрой в Монголий” ХХК нь 100 машиныг зогсоолыг барьж захиалагчдад хүлээлгэж өгсөн боловч план зураг, хаяг, улсын комиссын актыг бүрдүүлэх, зохих байгууллагуудад хүлээлгэн өгөх, нэрсийн жагсаалтыг бүртгэлийн хэлтэс рүү хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хаяж явсантай холбоотой өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэдгийг нэхэмжлэгч талаас хариуцагч болон шүүхэд хангалттай тайлбарласан.
Нэхэмжлэгч нь мэдүүлэг гаргахдаа план зураг, хаягийг хавсаргах үүрэгтэй. Гэхдээ энэ үүрэг нь гүйцэтгэгч компанийн бэлэн болгож гүйцэтгэсэн баримтуудыг авч бүртгэлийн хэлтэст дамжуулан өгч байгаа болохоос тэдгээр баримтуудыг өөрөө гүйцэтгэж, өөрөө үйлдэж, өөрөө бүрдүүлнэ гэсэн агуулга биш юм. Гүйцэтгэгч план зураг, хаягийг гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч нөхөн бүрдүүлж өгнө гэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй.
Хариуцагч захиалагч буюу мэдүүлэг гаргагч нь гэрээний төлбөр тооцоогоо 100 хувь барагдуулснаар өмчлөх эрх үүсдэг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан байтал хуулиар тогтоогоогүй нэмэлт үүргийг нэхэмжлэгчид даалгаж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь дээрх баримтуудыг олж авахын тулд хөөцөлдөж явсан. Төв архив, Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллагуудын архиваас шүүлгэсэн боловч байхгүй байсан. Одоо эдгээр баримтуудыг нөхөн бүрдүүлэх боломж нэхэмжлэгчид байхгүй, түүний хүчин чадлаас давсан зүйл байна.
Нэхэмжлэгчийн туйлын зорилго нь өмчлөх эрхээ бүртгүүлэх. Хэдийгээр план зураг, хаяг байхгүй боловч тухайн зогсоолыг өмчлөх эрхтэй гэдэг нь бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Гэрээ, төлбөр төлсөн баримт, хүлээлцсэн акт, 10 гаруй жил эзэмшиж ашиглаж байгаа тухай тайлбар, ямар нэг хөрөнгийн маргаан байхгүй байгаа зэргээр өмчлөх эрх үүсэх хамгийн гол үндсэн баримтууд нь байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Э нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрнуудын дунд байрлах 100 машины гараашийн 82 тоот гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Л.Э-ын нэр дээр гаргаж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан баримтуудаас өөрт байгаа бүх баримтуудыг гарган өгч мэдүүлэг гаргасан байхад надад байхгүй, гүйцэтгэгч байгууллагаас авах баримтуудыг надаас гаргуулахаар шаардаж өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус... гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн “...улсын бүртгэгч нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд хууль дээдлэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү зарчмын нэг агуулга нь хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илрэх тул хуульд мэдүүлэгт хавсаргах баримтуудыг нэрлэн заасан, уг баримтууд дутуу тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан байх тул Л.Э-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй “ гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс, мэдүүлэг гаргагч Л.Э нь мэдүүлэг гаргахдаа хавсаргах баримтуудыг дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т улсын бүртгэгч нь ... нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Л.Э-ын төрсөн эцэг болох Д.Л нь “Зарубежстрой и Монголий” ХХК-тай 22-Г дугаартай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын дунд байрлах 100 автомашины зогсоолын 82 дугаартай зогсоолыг захиалсан байна. Д.Лхамжав 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч Л.Э дээрх гэрээний эрхийг өвлөж авчээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь бүрэн бус, ... бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргавал зохих баримтуудыг нэрлэн заасан байх ба нэхэмжлэгч Л.Э нь маргаан бүхий зогсоолын өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгтээ тухайн зогсоолын план зураг болон хаягийн мэдээлэл, захиалагчийн нэрсийн жагсаалт, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн акт гэсэн баримтуудыг хавсаргаагүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/3191 тоот, Үндэсний төв архивын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/588 тоот, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/3648 тоот “...100 автомашины зогсоолын ажлын болон холбогдох баримт байхгүй” гэсэн агуулгатай лавлагаанууд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч У.Ёндонгоос ирүүлсэн “...танай шүүхийн 1/8665 албан бичиг надад хуваарилагдсан. Танайхаас шаардсан баримт манайд байхгүй. Тухайн үед манай байгууллага комисст ордоггүй байсан” гэсэн цахим шуудангаар тус тус тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын дунд байрлах 100 автомашины зогсоолын 82 дугаартай зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Л.Э-ын нэр дээр бүртгэх боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзсан шийдвэр хуульд нийцсэн, түүнийг тухайн зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцжээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс “...зарим баримтууд олдохгүй, нөхөн бүрдүүлэх боломжгүй байгаа” гэсэн нь түүнийг тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд харин хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн өмчлөгчөөр бүртгүүлэхээр дахин захиргааны байгууллагад хандахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ