Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 800

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: А. Г , 

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй,

иргэн А.Г гийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 

Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхжаргал, хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, Э.Н*******, иргэдийн төлөөлөгч Ж.Тэмүүлэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Иргэн А.Г  миний бие “Таван богд вашёкү” ХХК-д ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдаж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4036 дугаар шийдвэрээр уг ажил олгогчийн ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасан.

“Таван богд вашёкү” ХХК нь ажлаас халах үедээ 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг миний ээлжийн амралтын мөнгөнөөс тооцож төлсөн байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, 5 дугаар сараас эхлэн намайг ажилд эгүүлэн томилох ёстой байтал 3 сард бага хэмжээтэй боловч төлөгдсөн байна гэж үзээд 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг нийгмийн даатгалын улсын байцаагч зөвлөсний дагуу 7.8 хувиар төлсөн байдаг.

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг гардаж авахаас өмнө “Таван богд вашёкү” ХХК-иас намайг дуудаж ирүүлээд “Бид таныг цаашид ажиллуулах сонирхолгүй байна, танд олгох ёстой байсан цалинг сарын 600,000 төгрөгөөр тооцож өгнө, та ажлаас халагдах хүсэлт бичиж өгнө үү” гэж шаардсан. Миний зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар бүрэн төлж, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийж өгөх тохиолдолд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн. Ингээд өөр арга байгаагүй тул би ажлаас халагдахыг хүссэн өргөдөл бичиж өгсөн.

Гэвч ажлаас халсан тушаал 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гараагүй. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж ажлаас халагдсан болохоо тэмдэглүүлэх хүсэлт тавьсан. Тэгтэл ажлаас халагдсан тушаалгүйгээр бүртгэл хийлгэх боломжгүй байсан тул ажилгүй болсноо тэмдэглүүлж чадахгүй байсан.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа ямар ч шалтгаангүйгээр гаргаж өгөхгүй байх хугацаанд өнгөрсөн 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг би сайн дураараа төлөх гэсэн боловч нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсан тушаал гараагүй тул боломжгүй гэсэн.

Ингээд ажил олгогчоос 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шахаж шаардаж байж 2016 оны 7 дугаар 6-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг гаргуулж 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан.

Энэ тушаалын үндсэн дээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин ажилгүйдлийн тэтгэмж олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Учир нь ажил олгогч миний 3 дугаар сарын шимтгэлийг ээлжийн амралтын мөнгөнөөс бодож төлсөн 4, 5 дугаар сарын шимтгэлийг 7, 8 хувиар тооцож төлсөн болохыг мэдсэн. Мөн 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна гэсэн.

Энэ байдлын улмаас миний бие хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байсан. Учир нь нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүсэх тул 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцож бүрэн төлсөн байх, 7 сард ажилгүй болсноо тэмдэглүүлж байх тул ажил олгогч 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай байсан.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргахад миний хүсэлтийг хүлээж аваагүй тул гомдол гаргасан. 

Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн байгаа асуудлыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст очиж шийдвэрлүүл, манайх шийдвэрлэх боломжгүй гэсний дагуу очиж уулзтал “Энэ талаар та ажил олгогчтойгоо очиж уулз” хэмээн Сүхбаатар нийгмийн даатгалын мэргэжилтэн хэлсэн. Ингээд ажил олгогчтой уулзахад “Бид таны тооцоо хийгээд дуусчихсан тул одоо энэ талаар мэдэхгүй, энэ асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллага болох нийгмийн даатгалын байгууллага нь 7.8 хувиар төлөх ёстой гэхээр нь л төлсөн. Иймээс нийгмийн даатгалын хэлтэстэй буцаад очиж уулз” гэсэн.

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажил олгогчоос дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч миний ажилгүйдлийн тэтгэмжийг олгож өгөхийг хүссэн дээрх гомдолд 2016 оны 8 дугаар 17-ны өдөр 1795 тоот албан бичгээр “... Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, Монгол Улсын засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын ... 2-ын е-д ... заасныг үндэслэн таны нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар тооцно” гэсэн хариу өгсөн бөгөөд огт төлөгдөөгүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн талаар “... Та өөрөө ажил олгогчтойгоо очиж уулзаж төлүүлнэ үү. Манай зүгээс авах арга хэмжээ алга ...” гэсэн хариуг амаар өгсөн. 

Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 1 удаа, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2 удаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 3 удаа бичгээр өргөдөл өгсөн. Мөн олон удаа уулзаж, энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “...Монгол улсын засгийн 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дахь хэсгийн “е”’ заалтын дагуу таны ажлаас халагдахын өмнө нь авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих 7.8 хувиар шимтгэл тооцож 2016 оны 4, 5 дугаар сард нийгмийн даатгалын байгууллагад тайлагнасан нь зөв байна, түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн талаар тодруулахад 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр таны гаргасан өргөдлийн дагуу... хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон бөгөөд ... хөдөлмөрийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар дуусгавар болгосон нь тэтгэмж авах үндэслэл болохгүй, ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд  ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ гэж заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг миний бие дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т заасны дагуу миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн ажиллаж байсан тул нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж байсан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1-д заасны дагуу “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” бөгөөд уг зүйлийн 2-т заасны дагуу “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” байдаг. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” тохиолдолд ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг нь дуусгавар болно. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд шимтгэл төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүргийг ажил олгогч хүлээдэг тул 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй байна. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг тохиолдолд түүнээс үл маргах журмаар гаргуулах, хариуцлага ногдуулах зэрэг арга хэмжээг авах эрх эдлэх этгээд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу харьяалагдах нийгмийн даатгалын байгууллага болох Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс байна. Гэтэл намайг өөрөө ажил олгогчтойгоо уулзаж шийдвэрлэнэ үү, бид энэ асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих үүрэггүй гэсэн хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм.

-Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө дараах журмаар тооцож тэтгэврийи болон тэтгэмжийн даатгалын санд оруулна” гэж заасан байх бөгөөд “Хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд оруулна” гэж зааснаас үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож төлөх журмыг баримтлах тухай зааж өгсөн байна. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-д заасны дагуу “Тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал” гэсэн төрлүүдээс нийгмийн даатгал бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт дээрх төрлүүдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр оногдуулсан нийт шимтгэлийг хэлнэ.

Дээрх тогтоолын 2 дугаар зүйлд "... тэтгэврийн болон тэтгэмжийн санд оруулна” гэснээс үндэслэн нийгмийн даатгалын бусад төрөл (миний хувьд эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал)-ыг орхигдуулж зөвхөн 7.8 хувиар тооцон шимтгэл авна хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү асуудал шийдвэрлэгдэхгүй байснаас миний нийгмийн даатгалын дэвтрийн бичилт тасалдаж, улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ хангуулж чадахгүй хохирсоор байна.

Иймд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн миний 4,5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй, хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дээрх хууль бус үйлдлийг зөвтгөн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах шүүхийн шийдвэр гаргаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Б*******шүүхэд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төр аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно”, 3 дах хэсгийн 5-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацаа” гэж заасан. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө дараах журмаар тооцож тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулна”, мөн журмын “е"-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийн ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж тус тус заасныг үндэслэн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэр 17 /хувь/, тэтгэмж 0.8 /хувь/-ийг 7.8 хувиар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг санд төлсөн нь өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хүчин төгөлдөр нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэлийг нь тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэн А.Г  нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Таван богд вашёкү” ХХК-ийн удирдлагатай уулзаж ярилцан цаашид ямар нэгэн гомдол гаргахгүй, мөн ажиллах хүсэлгүй байгаа тухайгаа бичиж харилцан тохиролцож ажлаасаа чөлөөлөгдсөнөөр түүний хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ба 6 дугаар сард ажиллаагүй нь компанийн цагийн бүртгэл, тус хэлтэст гарган ирүүлсэн НД7, НД8 тайлангаар нотлогдож байгаа тул түүний 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эрх зүйн харилцаа үүсэхгүй.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, нийгмийн даатгалын орлогоос нийгмийн даатгалын санг бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хууль тогтоомжоор тогтоосон хувь, хэмжээгээр хугацаанд нь олгох зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй ба ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу цалин хөлс олгож нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь суутгасан боловч нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй, хуулийн хугацаанд нийгмийн даатгалын тайлан гаргаж ирүүлээгүй эсвэл хугацаа хоцроон шилжүүлсэн буюу тайлагнасан, нуун дарагдуулсан, хэмжээг нь санаатай буруулсан, дутуу төлсөн, тооцооны алдаа гаргасан зэрэг хууль тогтоомж зөрчсөн бол хуульд заасан хариуцлагыг аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх эрхтэй бөгөөд харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдөж, цалин хөлс бодогдож олгогдоогүй иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа эсэхэд хяналт тавих үндэслэлгүй болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Даатгуулагч ажилгүйдлийн шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан. Иргэн А.Г г ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан боловч байгууллагатайгаа харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.

Иймд “Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн иргэн Г гийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан, 6 дугаар сарын нийгмийн даатгалыг тооцож аваагүй, хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******, Э.Н******* нар шүүхэд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч А.Г  нь "Таван богд вашёкү” ХХК-д ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халагдаж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4036 дугаар шийдвэрээр буцаан томилох шийдвэр гарсан байна.

Иргэн А.Г гийн ажиллаж байсан “Таван богд вашёкү" ХХК нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4036 дугаар шийдвэрийн дагуу “Таван богд вашёкү” ХХК нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 03, 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нөхөн тайлагнажээ.

“Таван богд вашёкү” ХХК-ны иргэн А.Г гийн тушаалыг дахин 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал”-ыг гаргаж иргэн А.Г д 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгчээ.

А.Г  нь “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө хуульд заасан холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж заасан байдаг.

Иргэн А.Г гийн 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгал нь шимтгэл нь төлөгдөөгүй байх тул “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан байдаг тул тус хэлтэс шийдвэрлэх боломжгүй юм” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ж.Тэмүүлэл шүүхэд гаргасан дүгнэлтдээ: 

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах ёстой гэж үзэж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Г  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнайгийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг хамтран хариуцагчаар  татан оролцуулсан байна. 

Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй, иргэн А.Г гийн 2016 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах ” гэж өөрчилжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Г гийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох шаардлага байхгүй тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. 

Нэхэмжлэгч А.Г  нь “Таван богд вашёкү” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/137 дугаар “Үндсэн ажилтнаар тооцох тухай” тушаалаар  Сакура ресторанд угаагчийн албан тушаалд томилогдож, мөн компанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12/29 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04036 дугаар шийдвэрээр  А.Г г “Таван богд вашёкү” ХХК-ийн “Сакура” рестораны угаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1,200,000 төгрөгийг хариуцагч “Таван богд вашёкү” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Г д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн А.Г гийн 2016 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар (тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь/ тооцож тэтгэвэр, тэтгэмжийн санд “Таван богд вашёкү” ХХК-иар төлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. 

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн е/-д зааснаар “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу “Таван богд вашёкү” ХХК-ийг нэхэмжлэгч А.Г гийн ажилгүй байсан хугацааны буюу 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр төлүүлэх нь нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах талаарх Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасан чиг үүрэгт нийцэх юм. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-т зааснаар зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулах учир бусад шимтгэлийг төлүүлэхгүй гэж тайлбарлаж байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах  зорилгоор  даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд 

нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг;”;

3 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгал дараахь төрлөөс бүрдэнэ:

1/ тэтгэврийн даатгал;

2/ тэтгэмжийн даатгал;

3/ эрүүл мэндийн даатгал;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;

5/ ажилгүйдлийн даатгал.”;

9 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна: 

1/ тэтгэврийн даатгалын сан;

2/ тэтгэмжийн даатгалын сан;

3/ эрүүл мэндийн даатгалын сан;

4/ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;

5/ ажилгүйдлийн даатгалын сан.”;

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

    Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

7.0

7.0

      Тэтгэмжийн даатгал

0.8

0.8

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Ажилгүйдлийн даатгал

0.2

0.2

Шимтгэлийн дүн

10.0

10.0

гэж заасныг болон дээр дурдсан журмын 2 дахь заалтын е/-д заасан нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн гэж дүгнэлээ.  

Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл албан журмаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын сан тус бүрт төлөх төлбөр тул шимтгэлийг хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр даатгалын сан тус бүрт төлүүлэх нь зүйтэй байжээ. Учир нь нэхэмжлэгч А.Г г шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор түүний эрх зүйн байдал нь өмнө нь ямар байсан тэр байдалдаа шилжих учиртай.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5/-д заасан хууль бусаар ажлаас халагдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1/-д заасан даатгалын бусад төрлүүдийг ажил олгогчоор төлүүлэхийг хязгаарласан агуулгагүй байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл нь ямар хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохыг зохицуулсан болохоос биш нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжээс бусад төрлийн буюу ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хориглосон зохицуулалт биш юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г гийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Г  нь “Таван богд вашёкү” ХХК-ийн захиргаанд 2016 оны 5 дугаар сарын 07, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд өргөдөл[1] гаргаснаар тус байгууллагын захирлын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 12/149 дүгээр тушаалаар[2] хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон”-оор ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгахаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар ажил олгогч төлөхөөр байна.

Өөрөөр хэлбэл иргэн А.Г  шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсоноос хойш ажил олгогчтой цаашид ажиллахгүй талаар тохиролцон ажлаас чөлөөлөгдсөн гэх бөгөөд энэхүү асуудал нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч А.Г гийн 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх асуудалд нийгмийн даатгалын байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

А.Г гийн 2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 148 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтаар[3] нотлогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана” гэж заасны дагуу иргэн А.Г  оршин суугаа газрынхаа нийгмийн даатгалын байгууллага болох Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучнаар/ 2016 оны 3 дугаар сарын 15, мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр[4] тус тус ажилгүйдлийн тэтгэмж авах талаар хандаж байсан боловч эрх үүсээгүй буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гараагүй /нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлснээр/ тул бүртгэхээс татгалзжээ.

Үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Таван богд вакёшү” ХХК-ийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай 12/149 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгч А.Г  2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучин нэрээр/ дахин хандахад 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан бөгөөд иргэн А.Г гийн ажилгүй болохоос өмнөх 2016 оны 4-6 сарын ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хуулийн дээрх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон шимтгэл төлөгдөөгүй сартай холбоотой ажиллаж байсан компанитай холбогдох маргаанаа эрх бүхий байгууллага албан тушаалтнаар шийдвэрлүүлсний дараагаар өөрийн харьяа дүүрэг болох Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан бүртгүүлснээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсэхээр байна.

Иймд А.Г гаас Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус эс үйлдлийг зөвтгөн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г гийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, “2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Г д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.ДАМДИНСҮРЭН

                               ШҮҮГЧИД                                      А.САРАНГЭРЭЛ

                                                                                         С.ТӨМӨРБАТ


[1] Хэргийн 32-33 дүгээр хуудас

[2] Хэргийн 34 дүгээр хуудас

[3] Хэргийн 43 дугаар хуудасны ар тал

[4] Хэргийн 111 дүгээр хуудас