Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1782

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00559 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй

Хариуцагч “Донж хаус” ХХК, “Донж хацу” ХХК нарт холбогдох

“Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу төлсөн 96 000 000 төгрөг тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Оюунболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Золзаяа.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Адъяасүрэн нь өөрийн нөхөр Т.Биндэръяа болон ганц охины хамт амьдардаг багаад охин тусдаа гарч амьдрах болсноор Улаанбаатар хотын агаараас хол цэвэр агаарт амьдрах хүсэлтэй байсан болно. 2014 оны 7 дугаар сарын 24-нд анх зурагтаар “Гацуурт хотхон”-д амины орон сууцаа захиалаарай цөөхөн байр үлдлээ гэсэн зар гарч байсныг харж очиж үзэхээр шийдсэн юм. Улмаар тэр өдөртөө “Донж Хаус” ХХК-ийн Гацуурт дахь Гацуурт хотхонд очиж үзэхэд 16 тоот 108 метр квадрат талбай бүхий нэг дүнзэн байшин байсан ба гаднаасаа дууссан байдалтай дотор тал дуусаагүй байсан.Тэнд байсан хүмүүс нь авах гэж байгаа бол манай хотод байрлах Дархан плаза төв дээрх компанийн байранд очиж уулзаж гэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Буцан хотод ирэн менежер Энхжаргал гэгчтэй утсаар ярьж 3-р хорооллын эцэс дэх Дархан плаза байранд байрлах “Донж Хаус” ХХК-ийн ажлын байранд очиж уулзаж гэрээ байгуулахад “Донж Хацу” ХХК-тай гэрээ байгуулах болсон.Ямар учиртай юм бэ гэхэд манай 2 нэг захирал,удирдлагатай нэг компани юмаа гэсэн тул гэрээ байгуулан мөнгөө бүрэн төлсөн. Тухайн үед өөрсдийн хэлсэн ёсоор зөвхөн дотоод засал дутуу тул 1 сарын дотор дуусгаад хүлээлгэн өгнө гэсэн тул гэрээнд 1 сарын хугацаа зааж өгсөн юм. Ингээд 1 сар өнгөрсөн боловч тус амины орон сууцыг ашиглалтанд оруулаагүй, хүлээлгэн өгөөгүй, 2014 оны 10 сар хүртэл хугацаанд ашиглалтанд оруулан өгөхийг байнга шаардаж байсан болно. Тухайн амины орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөөгүй, мөн миний бие хань ижлээ алдан ганцаараа болсон, мөн зүүн зүгт нөхрөө хөдөөлүүлсэн гэсэн олон шалтгаанаар тус байшинг авах шаардлагагүй болсон тул гэрээг цуцлахаар 2015 оны 7 дугаар сарын 20-нд гэрээ байгуулсан газар болох Дархан плаза байранд “Донж Хаус” ХХК дээр очиж дэд захирал гэх Цолмон гэгчтэй уулзан гэрээг цуцлах болсон тухайгаа хэлэхэд та хүсэлтээ бичээд өгчих бид 3 сарын дотор тань мөнгийг чинь өгнө гэсэн тул хүсэлтээ бичиж өгөөд 3 сар хүлээсэн боловч эргэж холбогдоогүй, мөнгө буцаан өгөөгүй. 2015 оны 10 дугаар сарын 20-д гараад дахин уулзаж шаардлага тавихаар Дархан плаза төвд байрлах “Донж Хаус” ХХК дээр очиход нүүгээд явсан байсан. Улмаар тус компанийг хайсаар 2015 оны 11 дүгээр сарын эхээр “Алтан тариа” ХХК-ийн урд байрлах “Хаус Центр”-ийг өөрсдөө барин ашиглалтанд оруулан орсон байхад очиж мөн дэд захирал Цолмонтой уулзахад мөнгийг чинь маргааш шилжүүлнэ тус 16 тоот байшинг өөр хүнд зарсан, мөнгө нь орж ирсэн байгаа гэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү асуудлыг шийдэж мөнгийг маань өгөөгүй байгаа тул Л.Адъяасүрэнгийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Барилгын захиалга авах гэрээний дагуу төлсөн 96 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн төлөөлөгч Т.Алтайбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч Лханаажав овогтой Адъяасүрэнтэй 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЭТ-14/115 дугаар Барилгын захиалга авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр “Донж Хацу” ХХК-ийн зураг төслийн дагуу Баянзүрх дүүргийн Гацуурт тосгонд барьж ашиглалтанд оруулсан 16 ширхэг амины орон сууцнуудаас 16-н тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан 108 м.кв талбай бүхий дүнзэн амины орон сууцыг захиалагч талд 1 сарын хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөх, мөн тамбар барьж хаалгыг урьд талаас нь гарган, зогсоолын талбай болон явган хүний замыг өргөсгөх нэмэлт нөхцөлтэй, нэмэлт нөхцлийг бүрэн хийж гүйцэтгэмэгц үнийг дахин тохиролцон тогтоож төлөхөөр харилцан тохиролцон 96 000 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан билээ. “Донж Хацу” ХХК нь заасан үүргийнхээ дагуу 16 тоотод байрлах амины орон сууцанд дутуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч Л.Адъяасүрэнгийн хүссэн нэмэлт өөрчлөлтүүдийн хамтаар тус амины орон сууцанд хийж 2014 оны 11 дүгээр сард 100 хувь дуусган бэлэн болгосон. Гэтэл захиалагч бэлэн болсон байраа хүлээн авахгүй, холбоо барихгүй, утас нь холбогдохгүй байсаар 2015 оны 7 дугаар сар хүргэсэн бөгөөд манай компани нэгэнт захиалагчтай гэрээ байгуулагдан худалдан борлогдсон 16 тоотод байрлах амины орон сууцны харуул, хамгаалалт болон худгийн тогны мөнгийг төлж хүлээсээр байсан. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр захиалагч Л.Адъяасүрэн ирж миний нөхөр нас бараад Гачууртад оршуулсан бөгөөд 3-5 жил тэр зүг рүү явж болохгүй гэж хэлсэн. Гэрээг цуцалж мөнгөө авах хүсэлтэй байна гэж мэдэгдсэн. “Донж Хацу” ХХК нь захиалагч талд хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэнийг ойлгож гэрээг цуцлан, гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг буцаан олгох хүсэлттэй байсан боловч дээрх амины орон сууцыг дахин хэн нэгэнд зарах, зарж борлуулахын тулд захиалагч Л.Адъяасүрэнтэй байгуулсан гэрээний дагуу зарж борлогдсонд тооцон зар сурталчилгааг нь зогсоосон байсан өндөр үнэтэй реклам, зар сурталчилгааг зөвхөн нэг байшинд зориулан явуулах, худалдан борлуулах үндсэн үнийн дүнг бууруулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. 2015 оны 9 дүгээр сараас худалдан борлуулалт хийгдэх улирал өнгөрсөн тул өнөөдрийг хүртэлх хугацаанд тус 16 тоотод байрлах амины орон сууц худалдан борлогдоогүй байна. Түүнчлэн “Донж Хацу” ХХК захиалагчийн нэмэлт хүсэлтийн дагуу 16 тоотод байрлах амины орон сууцанд тамбар барьж хаалгыг урьд талаас нь гарган, зогсоолын талбай болон явган хүний замыг өргөсгөх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх өөрчлөлтүүдэд зарцуулагдсан материалын үнэ болон ажлын хөлсний нийт 20 648 863 төгрөгийг захиалагчаас гаргуулах ёстой гэж үзэж байна. Иймд “Донж Хацу” ХХК нь нэхэмжлэгчид учирсан уй гашуу болон түүний гэр бүлийн ёс заншилыг хүндэтгэн талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЭТ-14/115 дугаар “Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу хүлээн авсан 96 000 000 төгрөгөөс захиалагчийн хүсэлтээр компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхэд зарцуулагдсан материалын үнэ болон ажлын хөлсний төлбөр болох нийт 20 648 863 төгрөгийг хасч үлдэгдэл 75 351 137 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх нь шударга бөгөөд хэн алиных нь эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талтай дээрх үнийн дүн дээр эвлэрийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй бөгөөд хэрэв эвлэрлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хариуцагч талаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт заасны дагуу зайлшгүй гарсан зардлаа шаардах эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй болно гэжээ. 

Нэхэмжлэгч Л.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зурагтаар анх зар суртачилгаагаар “Донж Хаус” ХХК-ийн орон сууц зарна гэсэн зарын дагуу очиж 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдөр очиж гэрээ хийсэн. “Донж Хаус” ХХК-тай гэрээ хийхээр очсон боловч “Донж Хацу” ХХК бид нэг удирдлагатай нэг байгууллага гэж хэлснээр барилга захиалан бариулах гэрээ хийсэн. 96 000 000 төгрөгийг бөөнд нь авна. 1 сарын дотор байшинд оруулна гэж хэлсэн. Улмаар би бэлнээр 96 000 000 төгрөгийг өгсөн. Тэгээд 7 хоног болгон би очиж үзсэн. Гэтэл 11 сараас нөхөр маань эрүүл мэндийн байдлаар бие нь муудаж 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нөхөр маань өнгөрсөн. Гачууртад нутаглуулсан учраас зүүн зүг рүү 5 жилдээ явахгүй бай гэж лам хэлсэн. Тийм учраас би байшин худалдаж авахаа болье буцаая гэж “Донж Хацу” ХХК-ийн захирал Цолмонтой очиж уулзахад өргөдөл бичээд өг өө 3 сарын дотор шийднэ гэсэн. Тэгээд 3 сарын дараа очиж уулзах гэсэн боловч нүүсэн байсан. Тэгээд дахин хөөцөлдөж байгаад нүүж очсон газар нь очиход маргааш таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд таг болж олдохгүй, утсаа ч авахаа больсон. Ийм учраас шүүхэд өгөхөөр болсон. Одоо 96 000 000 төгрөгөө гаргуулмаар байна. Гэрээ хийх үедээ өөрсдөө тулгаж байж мөнгийг маань бөөнд нь авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. “Донж Хаус” ХХК нь намайг “Донж Хацу” ХХК-тай нэг удирдлагатай нэг байгууллага гэх ойлголтыг надад өгсөн. Хугацаанд нь байшинг хүлээлгэж өгөх гэсэн боловч нэхэмжлэгч нэмэлт нөхцөл шаардсан гэж ярьж байна. Энэ нь нэг сар дотроо багтсан гэж гэрээнд бичсэн. Зогсоолын талбай өргөсгөх гэж хэлээгүй. Явган замыг наашлуулж өгөөч гэдэг санал тавьсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Донж Хацу” ХХК нь нэмэлт гэрээ хийсэн гэдэг ч үүгээрээ сөрөг нэхэмжлэл гаргаагүй ч 20 000 000 төгрөгийг давхар нэхдэг. Байшинд үзлэг хийсэн асуудал нь энэ тайлбартай холбоотой. Очиж үзэхэд байшин яг хэвээрээ л байсан. Аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэний л бол хэний л байшинг барихад авах боломжтой тийм нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. “Донж Хаус” ХХК-ийн зар суртачилгааны үндсэн дээр нэхэмжлэгч нь очиж үзээд “Донж Хацу” ХХК гэх ямар ч хамааралгүй өөр компанитай өөрөө очоод гэрээ хийсэн мэтээр ярьж байна. Харилцан хамааралтай гэдгийг нотолсон баримтууд хэрэгт байгаа. Энэ 2 компанийн хаяг лого нь хүртэл нэг. Нэг төрлийн үйл аж явуулдаг нэгээр нь гэрээ хийдэг маш олон маргаантай асуудлыг “Донж Хацу” ХХК нь үүрдэг. “Донж Хаус” ХХК нь ямар ч хүнд асуудлыг үүрдэггүй гэдэг. 2014 оны зар суртачилгааг өнөөдөр бид телевизороор гаргах боломжгүй байсан. Улмаар зар мэдээний архивыг ухаж гаргаснаар 2014 оны 07 дугаар сарын 48 дугаар зарын 3 дугаар нүүрэнд бэлх, гачуурт хаус зарна гэж байсан. Тус зар нь дээр хоёр компанийн хаяг яг адилхан. Иргэдэд нэг компани дээр хоёр өөр компани ажилладаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Гэрээ байгуулах санал гэж Иргэний хуулийн 95 дугаар зүйл болон 95.4 дэх хэсэгт гэрээний саналуудыг тайлбарлаж өгсөн зохицуулалтыг оруулж өгсөн байдаг. “Донж Хаус” ХХК нь гэрээ байгуулах саналыг олон нийтэд гаргасан. Үүний дагуу нэхэмжлэгч нь очиж гэрээ байгуулсан. Жишээ нь А гэдэг хүнтэй гэрээ байгуулах гээд Б дээр очино гэж байхгүй. Хавтаст хэргийн 58, 59 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн лавлагаагаар аль аль компанийн хувьцаа эзэмшигч нь Т.Алтайбаатар гэж хүн гарч ирдэг. “Донж Хацу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар Т.Алтайбаатарын хамт хувьцаа эзэмшигчээр Тулга, Бат гэж хүмүүс байдаг. Энэ нь 2016 оны 03 дугаар сарын лавлагаа юм. “Донж Хаус” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Гэрэлт-Од, Т.Алтайбаатар гэж байдаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Гэрэлт-Од. Уг барилга захиалах гэрээг Д.Энхжаргал менежер нь байгуулсан байдаг. Д.Энхжаргал нь хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан лавлагаан дээрээс харахад “Донж Хаус” ХХК-иас цалинждаг гэсэн байгаа. Тухайн байшингууд нь “Донж Хацу” ХХК-ийн нэр дээр юм уу “Донж Хаус” ХХК-ийн нэр дээр авагдаад байгаа юм уу гэдгийг тодруулаад Баянзүрх дүүргийн газрын харилцаанаас нотлох баримт авахаар Т.Алтайбаатар өөрийн нэр дээр 8000 га газар аваад буцаагаад 14 хүнд өгсөн байдаг. Т.Алтайбаатар нь хоёр компанийн аль алиных нь хувьцаа эзэмшигч. Эдгээр хүмүүсийн хоорондоо харилцан хамааралтай гэдэг нь үүгээрээ гараад ирдэг. Тэгсэн хэрнээ шүүх дээр огт танихгүй тусдаа байгууллага гэдэг тайлбар гаргадаг. Нэхэмжлэгч гэрээ байгуулаад гэрээнээс болж 2 жил хохирон өнөөдрийг хүртэл явж байна. Гэрээнээс яагаад татгалзаад байна вэ гэхээр гэрээг Иргэний хуулийн ажил гүйцэтгэгч гэрээ гэж бидний зүгээс үзэж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах гэж байгаа. Гүйцэтгэгч тал гэрээг зөрчсөн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйл болон 226 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа. Үүргээ огт зөрчөөгүй гэж байна. 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг 7 сард гэрээ байгуулан 1 сарын дотор өгнө гэж хэлчихээд 2015 он гартал өгөөгүй. Гэтэл өнөөдөр ч дуусаагүй ийм байдалтай явдаг. Иргэний хууль дээрх зүйл заалтуудыг үндэслээд эдгээр хариуцагч нар нь харилцан хамааралтай гэдэг нь баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр хоёр компаниудаас хувь тэнцүүлэн 96 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Донж Хаус” ХХК-ийн төлөөлөгч Н.Гэрэлт-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь “Донж Хацу” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Барилгын захиалга авах гэрээтэй ямар ч холбогдолгүй компани бөгөөд нэхэмжлэгч Л.Адъяасүрэнтэй Иргэний хуулийн 8-р зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй. Өөрөөр хэлбэл манай компани нэхэмжлэгчид ямар нэгэн санал тавиагүй, хүсэл зориг илэрхийлээгүй, хүлээн аваагүй, амаар болон бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгчийн аливаа эрх ашигт нөлөөлөөгүй, гэм хор учруулаагүй, нэхэмжлэгч Л.Адъяасүрэн хариуцагч “Донж Хацу” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний харилцаа болон талуудын харилцан тохиролцсон нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдсан талаар мэдээгүй, мэдэх ч боломжгүй, тодорхой зорилго бүхий тогтвортой бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм...Иймд нэхэмжлэгч Л.Адъясүрэнгийн гаргасан “Донж Хацу” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Барилгын захиалга авах гэрээ”-ний дагуу төлсөн 96 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Донж Хаус” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох жинхэнэ хариуцагч биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаарзүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Донж Хацу” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын захиалга авах гэрээг Л.Адъяасүрэнтэй байгуулсан. Тус гэрээгээр “Донж Хацу” ХХК нь 14 айлын амины орон сууцнаас 16 тоотод байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй баригдсан 108 м.кв дүнзэн байшин өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгчээс 96 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Гэрээ байгуулахдаа Л.Адъяасүрэн нь зарын дагуу ирсэн гэж байсан. Бид гачуурт тосгонд орон сууц барьж байгаа учраас гэрээг манай компанитай байгуулсан. Бидний зүгээс зар суртачилгаан дээрээ “Донж Хаус” ХХК гэж алдаатай зар гаргасан. Бид нэхэмжлэгчийг ирэхэд “Донж Хацу” ХХК барилгыг  барьж байгаа манайх “Донж Хацу” ХХК гэдэг компани гэдгээ тайлбарласан. Ингээд мөн нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөд манай байгууллагатай гэрээ байгуулсан. Мөн гэрээ байгуулахад нэмэлт нөхцөл Л.Адъяасүрэн нь өөрөө шаардсан. Л.Адъяасүрэн нь байрны хойд талд таамбарын хаалга зүүн тийшээ харсан байна урагш харуулмаар байна. Зогсоолын талбайг өргөсгөх гэсэн шаардлага тавьсан. Нэмэлт нөхцөл шаардаагүй байсан бол 1 сарын дотор манайх байшинг өгөх боломжтой байсан. Байр бэлэн болсон гэдгийг 11 сараас хойш Л.Адъяасүрэнд хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй таг болсон. 2014 оны 07 сараас хойш бид нар 16 тоот байрыг өөр хүмүүст зарахгүй хүлээсэн. Улмаар бидний зүгээс тухайн байранд хамгаалалтад гардаг хамгаалалтын хүмүүст мөнгө өгч тогны мөнгийг бид төлөөд байшингаа байлгаж байсан. Ингээд Л.Адъяасүрэн нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нөхөр нас барсан бид авах боломжгүй болсон гэж хэлсэн. Хүндэтгэн мөнгийг нь буцаад өгье гэдэг байдлаар хандсан. Эвлэрье гэх олон саналыг манай зүгээс тавьсан. Л.Адъяасүрэнгийн шаардсан нэмэлт нөхцлөөр манай байгууллага нийт 20 648 863 төгрөгийн барилгын материал болон хөлсөнд гаргасан. Гэвч бид энэ 20 648 863 төгрөгөө сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлээгүй. Энэ хүнийг хүндлээд мөнгөө өгье гэсэн. Эсхүл биет байдлаар нь байшингаа өгье гэсэн байр суурьтай байгаа гэжээ.

Хариуцагч “Донж Хаус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Донж Хаус” ХХК нь хамтран хариуцагчаар татагдсан. Тухайн компанийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүсээгүй. Хэрэгт авагдсан барилга авах гэрээний талуудыг харахаар “Донж Хацу” ХХК болон иргэн Л.Адъяасүрэн нарын хооронд хийгдсэн  гэрээ байсан. Гэрээн дээр дарагдсан тамга тэмдэг нь “Донж Хацу” ХХК-ийн тамга тэмдэг байсан. Барилгын үнэ төлбөрийг төлсөн баримт дээр Л.Адъяасүрэнгээс “Донж Хацу” ХХК-д төлсөн санхүүгийн баримт хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан. “Донж Хаус” ХХК-ийн тавьсан реклам суртачилгааны дагуу “Донж Хацу” ХХК-д Л.Адъяасүрэн нь яваад очтол манайх “Донж Хацу” ХХК шүү гэдгээ тайлбарлан хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр ч мөн байдаг. Энэ хоёр компани нь нэг компани гэж ойлгуулсан учраас “Донж Хацу” ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг. Нэгэнт гэрээг байгуулахаар очиход “Донж Хацу” ХХК барилгыг барьж байгаа гүйцэтгэж байгаа амины орон сууц гэдгийг өөрт нь тайлбарлан ойлгуулсан. Сонголтыг Л.Адъяасүрэн өөрөө хийсэн. Тухайн өдрөө тайлбарлан хэлэхэд өөрөө ойлгон гэрээг байгуулсан. “Донж Хацу” ХХК-ийн санхүүд 96 000 000 төгрөгийг тушаасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “Донж Хаус” ХХК-ин оролцоо байхгүй. Татгалзлаа гаргасан. Тэгэхээр нэгэнт гэрээний нөгөө тал нь тодорхой. Манай компани гэрээ байгуулсан гэдгийг “Донж Хацу” ХХК нь хүлээн зөвшөөрдөг. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг бид шилжүүлж өгнө төлөхөд бэлэн байна гэдгээ “Донж Хацу” ХХК тайлбар өгдөг. Уг гэрээний харилцаанд “Донж Хаус” ХХК-ийн оролцоо байхгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэн “Донж Хаус” ХХК-д холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгохыг хүсч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үзэхэд реклам суртачилгаа нь “Донж Хаус” ХХК-ийн зар байна. Энэ бол Иргэний хуулиараа гэрээ хийх дуудлага гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл талуудын хооронд маргаад байгаа энэ тухайн зар суртачилгааг манай байгууллагаас тавиагүй. Ямар нэгэн санал нэхэмжлэгч талд тавиагүй Алтайбаатар гэж хүний талаар яригддаг. Энэ хүн нь “Донж Хаус” ХХК-ийн 2 дахь өөрчлөлтөөр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигч болж орж ирсэн. Тухайн компанийн захирлаар сонгогдсон Алтайбаатар нь “Донж Хацу” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч. Нэхэмжлэгч тал энэ хоёр харилцан хамааралтай тийм учраас хамтран хариуцагчаар татсан гэдэг. Хэрэгт ирсэн баримтуудаар аваад үзэхээр хэн хэнээсээ хамааралтай компаниуд биш. Нэг компани ч  биш. Аль нэгнийхаа охин компани нь ч биш. Компанийн хуульд зааснаар хамааралтай биш. Компаний тухай хуулиараа нэг хүн хэд хэдэн компантай байж болно. Хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч байж болно гэдэг. Алтайбаатар өөрөө хувьцаагаа н.Гэрэлт-од гэдэг хүнд бүрэн шилжүүлсэн. Бүр анх 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Оюун гэж хүн “Донж Хаус” ХХК-г байгуулсан байдаг. Тухайн талуудын хооронд хийгдсэн гэрээнд оролцогч нарыг маш тодорхой заасан аль аль нь хүлээн зөвшөөрөөд гэрээг байгуулсан байдал харагддаг...Иргэн, хуулийн этгээд хоёрын хооронд үүссэн гэрээний маргаанд “Донж Хаус” ХХК нь оролцоогүй учраас “Донж Хаус” ХХК-г хариуцагчаар татсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Адъяасүрэн, хариуцагч “Донж Хацу” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын захиалга авах гэрээ”-г цуцалж, “Донж Хацу” ХХК-иас 96 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 822 дугаар байр 1303 тоотод оршин суух Лханаажавын Адъяасүрэнд олгож, Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй “Донж Хаус” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШЗ/2016/00801 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гацуурт дах Гацуурт хотхоны 16 тоот амины орон сууц, авто гараашийг бусдад болон гуравдагч этгээдэд зарж борлуулахгүй байрыг өмчлөгч “Донж Хацу” ХХК-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсаныг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Донж Хацу” ХХК–иас 637 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Адъяасүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь 3 дугаар хорооллын эцэс дэх Дархан Плаза ХХК-ийн байранд байрлах “Донж Хаус” ХХК-ийн ажлын байранд очиж, гэрээ байгуулахад “Донж Хацу” ХХК-тай гэрээ байгуулах болсон талаар асуухад манай 2 компани 1 захирал, удирдлагатай компани гэсэн тул гэрээ байгуулан мөнгөө бүрэн төлсөн байдаг. Энэ үеэс л “Донж Хацу” ХХК гарч ирсэн Л.Адъяасүрэн нь гэрээ байгуулснаас хойш харилцаж байхад Т.Алтайбаатар гэх захирлын нэр дурдагдаж байсан, энэ хүнтэй уулзаж байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд Т.Алтайбаатар гэгч нь “Донж Хаус” ХХК, “Донж хацу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаар тогтоогдсон болно.  Түүнчлэн зар мэдээ сонинд тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах зарыг “Донж Хаус” ХХК нь тавьж байсан гэдэг нотлогдож хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч дээрх компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь компанийн нэр андуурч тавигдсан гэх бодит үнэнд нийцэхгүй тайлбар мэдүүлэг гарган шүүхийг төөрөгдүүлж байна. Дээрх нотлох баримтуудаас тус 2 компани нь харилцан хамааралтай гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан “Донж Хаус” ХХК-тай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь хариуцагч “Донж Хацу” ХХК, “Донж Хаус” ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 96 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Адъяасүрэн нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “Донж Хацу” ХХК-тай “Барилгын захиалга авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “Донж Хацу” ХХК нь Гацуурт дах “Гацуурт хотхонд” амины орон сууцны 16 тоот 108 м.кв талбайтай дүнзэн байшинг /80 хувийн гүйцэтгэлтэй/ 1 сарын дотор барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч Л.Адъяасүрэн нь 96 000 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гүйцэтгэгч “Донж Хацу” ХХК-д  захиалагч Л.Адъяасүрэн нь 96 000 000  төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гэрээ, барилгын төлбөр төлөгдөх журам, кассын орлогын ордер болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 4, 5, 6, 32-38/

 

Шүүх Л.Адъяасүрэн болон “Донж Хацу” ХХК нарын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…зурагтаар Гацуурт хотхонд амины орон сууцаа захиалаарай, цөөхөн байр үлдлээ гэж “Донж Хаус” ХХК реклам явуулсан нь гэрээ байгуулах санал гаргасны дагуу гэрээ байгуулахаар очиход “Донж Хацу” ХХК-тай бичгийн гэрээг байгуулах шаардлагатай, уг хоёр компани нь нэг захиралтай гэж тайлбарласны дагуу “Донж Хацу” ХХК-тай гэрээг байгуулсан...” гэж,

хариуцагч татгалзлалын үндэслэлээ “…“Донж Хацу” ХХК нь “Барилгын ажил дуусаж 11 сард хүлээлгэж өгөх гээд нэхэмжлэгч Адъяасүрэнгийн утас руу залгасан. Утас нь холбогдох боломжгүй байсан. Захиалагч маань байшинд зарим нэг өөрчлөлт хийх хүсэлт гаргасны дагуу хаалга, гаднах тохижилт зэргийг нэмж засварлан хийсэн тул хугацаа алдсан байгаа. Манайх барилгын ажлыг 11 дүгээр сард бүрэн дууссан байсан” гэж  тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд улсын бүртгэлийн гэрчилгээ компанийн дүрмээр бол “Донж Хацу” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдэж 1311006108 гэсэн улсын бүртгэлийн дугаар, 3738906 гэсэн регистрийн дугаартай, мод модон эдлэл бэлтгэх үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан ба захирал нь Т.Алтайбаатар, “Донж Хаус” ХХК нь 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдэж 9011274139 гэсэн улсын бүртгэлийн дугаар, 5458277 гэсэн регистрийн дугаартай, гадаад харилцааны үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан ба захирал нь Н.Гэрэлт-Од болох нь нотлогдож байна.

 

Шүүх “Донж Хацу” ХХК нь гэрээ байгуулах санал тавьсаны дагуу нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу уг гэрээг байгуулсан, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар “Донж Хаус” ХХК нь “Донж Хацу” ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагч “Донж Хаус” ХХК-д холбогдох Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгож, “Донж Хацу” ХХК-иас гэрээний дагуу төлсөн 96 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Донж Хацу” ХХК-ийг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээний үүргээ зөрчсөн, “Барилгын захиалга авах гэрээ”-ний 2.2-д заасан хугацаанд 16 тоот байшинг дуусгаж хүлээлгэн өгөөгүй гэж гэрээгээ цуцлах шаардлага гаргаж, хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгасан, үүрэг гүйцэтгэхэд нэмэлт хугацаа тогтоосон гэж маргасан боловч “мөнгийг нь буцааж өгье” гэсэн тайлбараас /хх-33/ үзвэл ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талын хүсэлтээр цуцалсныг хариуцагч “Донж Хацу” ХХК хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчээс шүүхэд  гаргаагүй шаардлага буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Барилгын захилга авах гэрээ”-г цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Харин шүүх гэрээг цуцалснаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхэд хамааралтай зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Л.Адъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд нарын нэхэмжлэлтэй гэж хоёр нэхэмжлэгчтэй мэтээр алдаатай тусгасныг дурдах нь зүйтэй.

 

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй байгааг зөвтгөх боломжтой.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/00559 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Донж Хацу” ХХК-иас 96 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Адъяасүрэнд олгож, “Донж Хаус” ХХК-д холбогдох Л.Адъяасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж, 6 дахь заалтыг “5” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Адъяасүрэнгийн төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН