Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Б.Лхагважав, прокурор Э.Ууганзаяа, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Гт холбогдох эрүүгийн 201720000136 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч  Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, , Зуутраг овогт Б.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн  Тариалан сумын 2 дугаар багийн нутаг Адаргана гэх газраас хохирогч Б.Зоригбадрахын 44 тооны ямаа буюу олон  тооны бог хулгайлж 2.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зуутраг овогтой Бадарчийн Гыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Бадарчийн Г-т 1 жил, 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Бадарчийн Г  оногдуулсан 1 жил, 6 сарын хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар гэмт хэргийн  улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Б.Г, түүний  өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Зоригбадрахын 44 тооны ямааг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид гарах мал хайсны зардлыг нөхөн төлнө. Миний хувийн байдлыг харгалзан үзэжшүүхэс оногдуулсан  ялыг тэнсэж өгнө үү. Б.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч давж заалдах шатанд илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн үед Б.Зоригбадрахын 44 тооны ямаанаас 13-ийг нь газар дээр  нь хүлээлгэж өгсөн, үлдсэн 31 тооны ямаа олдоогүй тул  хохирлыг төлсөн гэж  мэдүүлдэг. Б.Г  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тархины хагалгаанд орсон, насанд хүрээгүй бага насны хүүхэдтэй зэрэг  байдлыг харгалзан Эрүүгийн  хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар  түүнд оногдуулсан 1 жил, 6 сарын  хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг “Адаргана” гэх газраас хохирогч Б.Зоригбадрахын 44 тооны ямаа буюу олон тооны бог мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хуульзүйн үндэслэлтэй болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс Б.Гын үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Ялтан Б.Г түүний өмгөөлөгч Б.Лхагважав нараас шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь ялтны хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Иймд ялтан Б.Г түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Г, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах  эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.