Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 206

 

“Хүрээ инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Банзрагч нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр магадлалтай, “Хүрээ инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Хүрээ инвест” ХХК-ийн захирал Г.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 метр квадрат газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж ирсэн бөгөөд уг газрын эргэн тойронд амьдрагч иргэдийн хүсэлт, шаардлагаар бид өөрийн санаачлагаар шатахуун түгээх станцыг татан буулгасан билээ. Ингээд дээрх үндэслэлээр өөрийн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн орон сууцны барилга барих зориулалттай болгож өөрчлөх хүсэлтээ дүүргийн Засаг даргад гаргаж, барилгын зураг хийлгэх, материал татан авах, ажлаа эхлүүлэх шатандаа явж байхад 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өглөө манай газрын барилгын төмөр хашааг дүүргийн Газрын албаны хүмүүс гэх хэсэг хүмүүс хүч хэрэглэн буулгаж эхэлсэн байна. Эдгээр хүмүүс нь энэхүү хууль бус ажиллагаагаа явуулахдаа танай газрыг дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон тул газрыг чөлөөлнө гэж тайлбарласан бөгөөд манай компанийг асуудлыг тодруулах, дүүргийн Засаг даргын шийдвэртэй танилцах, улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хангахгүйгээр манай компанийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болно.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь захирамжууд гаргасан талаар манай компанид мэдэгдээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан гомдол гаргах эрхээр хангаагүй хууль бус ажиллагаа явуулсан байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эсхүл цуцалсан аль эрх зүйн дагавар үүсгэсэн нь тодорхой бусаас гадна, уг шийдвэртээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, 33.1, 37., 39.1.1, 40.1.1, 61.1 дэх заалтуудыг баримталжээ. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ гэж заасныг манай компанийн газар эзэмших эрх ямар нэг байдлаар холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, мөн хуульд 39.1.1, 40.1.1, 61.1 гэсэн хэсэг болон заалт байхгүй байхад ийм заалт баримтлан манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, эсхүл цуцалсан үр дагавар үүсгэсэн хууль бус шийдвэр гаргасан байна. 

Манай компани газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ хуулийн дагуу гаргаж шийдвэрлүүлсэн, харин дүүргийн Засаг даргаас манай компанийн эзэмших газар дээр дуудлага худалдаа огт явуулаагүй өөрөө буруутай атлаа газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлээгүй гэсэн үндэслэлээр манай компанийн газрын эзэмших эрхийг цуцалж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна.

Ийнхүү нэгэнт шударгаар газар эзэмшиж, бид хоорондоо газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг болон манай компанийн газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой байхад дүүргийн Засаг дарга өмнө олгосон шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчин манай компанийн шударгаар газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/532 дугаар захирамж болон мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Пүрэвдаваа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард шатахуун түгээх станц, авто засварын үйлчилгээний зориулалттай 600 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн A/390 дүгээр захирамжаар уг газрын эзэмших хугацааг сунгасан байдаг. Сунгахдаа зориулалтыг хэвээр үлдээсэн бөгөөд мөн 6 жилийн дараа хугацааг сунгасан байдаг.

Хүрээ инвест ХХК-ийн эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийг зөрчиж олгогдсон байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн A/535 дугаар захирамж нь хуулийн дагуу зөрчигдсөн хууль тогтоомжийг дурьдсан байгаа бөгөөд 2014 оны A/195 дугаар захирамж нь Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дүүргийн гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан болон байрлуулсан обьектыг буулгах, нүүлгэх шилжүүлэх, төрийн өмчийн газрыг чөлөөлөх, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг хууль болон бусад дүрэм, журмыг хэрэгжүүлж шалгах зөрчлийг арилгуулах зорилготой юм.

Иймд Хүрээ инвест ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Актив партнерс” ХХК-ийн захирал Б.Батчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хагвасүрэнгийн гудамж, 32 тоотод 600 мкв газрыг Нийслэлийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/233 тоот захирамжаар эзэмшдэг бөгөөд өөрийн эзэмшил газар дээрээ 4 одтой зочид буудлын үйл ажиллагааг эрхэлж байна.

Бид тухайн газрыг 2006 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд 2007 онд манай урд “Хүрээ инвест” ХХК нь ил задгай ёнкосон шатахуун түгээх станцыг ажиллуулж эхэлсэн бөгөөд бидний зүгээс болон орчны иргэд гомдол гаргаж, үүний дагуу мэргэжлийн хяналтын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09/36/374, 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 09/36/326, 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09/36/336 тоот улсын байцаагчийн акт, албан шаардлагууд гарсан.

Тухайн газар эзэмших эрх олгосон 2006 оны 361 дүгээр захирамж нь хууль зөрчсөн талаар мэргэжлийн хяналтын газраас Сод монгол ХХК-ийн дэд захирал Н.Ганболдын нэр дээр хаяглан хүргүүлсэн албан бичиг байдаг. Ингээд 2007 оноос 2009 оныг 5 сар хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагуудын акт, дүгнэлтийг биелүүлэхгүй байж байгаад 2009 оны 5-6 сард тухайн газраа цэнхэр хашаагаар хүрээлүүлэн барихдаа манай орж гарцыг хаасан. Бид өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө саадгүй эзэмших, орц гарцаа чөлөөтэй байлгах үүднээс тухайн компанид хандаж байсан боловч хамгаалалтын компанийн хүмүүсээр хүч түрэн бидний үйл ажиллагаанд саад болж байсан. Энэ талаар Дүүргийн газрын албанд удаа дараа амаар болон бичгээр хүсэлт тавьж байсан боловч энэхүү асуудлыг шийдэхгүй байж байгаад 2011 оны 8 дугаар сарын 12-ны газар чөлөөлөх шаардах хуудас өгсөн байдлаар манай компанийн хүсэлтийг шийдвэрлэсэн гэдэг.

Бид 2012 онд 4 одтой зочид буудлыг ашиглалтанд өгснөөс хойш, 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 05 дугаар сар хүртэл бүтэн 1 жил хагасын хугацаанд дүүргийн Засаг даргад 2 удаа, дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 3 удаа, Нийслэлийн засаг даргад 2 удаа, Улсын мэргэжлийн хяналтын газарт 1 удаа, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 1 удаа нийт 9 удаагийн албан бичгийг тус тус хүргүүлж холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Тухайн газар эзэмших эрх олгосон захирамж нь хууль бус талаар удаа дараагийн албан бичгүүдэд энэ талаар дурдсан байдаг. Дээрх өргөдөл гомдлын дагуу бидний газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй ашиглах эрхийг ханган Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар Хүрээ инвест ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож 2014 оны 5 дугаар сард тухайн газрын чөлөөлсөн.

Иймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамж болон 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн А195 дугаар захирамж нь хуулийн дагуу гарсан тул Хүрээ инвест ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хүрээ инвест” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамж, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн тус компанийн эзэмшил газраас компанийн эд хөрөнгийг албадан чөлөөлсөн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүрээ инвест ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжийг хүчингүй болгон, тус компанийн эзэмшил газраас эд хөрөнгийг /хашаа/ албадан чөлөөлсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Актив партнерс ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

 Гуравдагч этгээд “Актив партнерс” ХХК-ын захирал Б.Батчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг хангах хамгийн эхний үндэслэл нь маргаж буй акт хууль бус болохыг тогтоосон байх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/535 тоот захирамжийг хүчингүй болгохдоо уг актыг ямар үндэслэлээр “хууль бус” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий актын хувьд хариуцагч өөрөө ГтХ-ийн 61.1. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхийнхээ дагуу өмнө нь хууль зөрчин гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон байгаа. Тодруулбал маргаан бүхий актаар хүчингүй болгогдсон актууд нь ГтХ-ийн 21.2.3, 33.1.2, 33.4, 37.1-ийг зөрчсөн учраас захиргаа уг шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл шүүх эдгээрт бүрэн дүгнэлт өгөөгүй, үндсэндээ “өмнөх актууд нь захиргааны өөрийнх нь буруу байсан” гэсэн ерөнхий дүгнэлтээр үнэн чанартаа хууль ёсны актыг “хууль бус” гэж үзэн хүчингүй болгосон нь алдаатай байна.

Маргаан бүхий актаар хүчингүй болгогдсон өмнөх актууд нь /нэхэмжлэгч этгээдэд газар эзэмших эрх олгосон, сунгасан/ үнэн хэрэгтээ “эрх хэмжээгүй этгээдээс гаргасан” /нийслэлийн засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дүүргийн засаг дарга шийдвэр гаргасан/ илт хууль бус акт байсан.

Үүнийг хоёр шатны шүүх үнэн хэрэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрт “...тухайн үед дүүргийн Засаг дарга хуульд заасан эрхээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд "... ГтХ-ийн 21” ГтХ-ийн 21.2.3-т инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх... гэсэн зохицуулалт нь нэхэмжлэгчийн бус харин тухайн шатны Засаг даргын алдаа...” гэсэн утгатай дүгнэлт хийснээс харж болно. Гэтэл илт хууль бус актыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй билээ. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашигласан, хөрөнгө оруулалт хийсэн зүйл огт байхгүй, харин ч эсрэгээрээ хог шороонд дарагдсан байдалтай байсныг манай компани өөрийн зардлаар тохижуулсан. Өөрөөр хэлбэл хууль бус актыг хүчингүй болгохгүй байхыг шаардах “хамгаалагдах эрх” нэхэмжлэгчийн хувьд байхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлээгүйгээс гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэсэн дүгнэлтийг өгсөн нь алдаатай байна.

Аливаа газар, түүн дээрх үл хөдлөх хөрөнгийн орц, гарц нь тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, үнэ цэнийг нь хадгалах, үйл ажиллагааг нь хэвийн, ашигтай явуулахад чухал хүчин зүйл нь байдаг. Энэ ч утгаараа бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа юм.

Гэтэл шүүх ерөнхий төлөвлөгөөний дагуу манай газрын үндсэн зориулалт болох үйлчилгээний газрын /зочид буудлын/ төв хаалга буюу орц, гарцыг төлөвлөсөн байсан газарт бусдад хууль зөрчин газар эзэмших эрх олгосныг зөвтгөн, харин энэхүү хууль бус үйл ажиллагаагаа засан, манай эрхийг сэргээсэн захиргааны хууль ёсны актыг хүчингүй болгосон нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/535 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Хүрээ инвест” ХХК-д өмнө нь тус дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард 600 м.кв газар эзэмшүүлсэн 2006 оны 361, газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан 2012 оны А/390 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгожээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх 2013 оны А/535 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2006 оны 361, 2012 оны А/390 захирамжуудыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгүүдэд заасныг буюу Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байхад хугацааг сунгасан  буруутай гэж үзсэн байна.

Мөн Газрын тухай, Хот байгуулалтын, Байгаль орчны, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Барилгын, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн хэмээн захирамжид заажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон дээрх нөхцөл тус бүрийн тухайд тодорхой дүгнэсэн, эдгээрийг хяналтын шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл энэ хэргийн гуравдагч этгээд “Актив партнерс” ХХК-иас хариуцагчид хандаж гаргасан удаа дараагийн гомдол, хүсэлт нь маргаан бүхий захиргааны актыг гаргах нөхцөл болсон гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч “Хүрээ инвест” ХХК болон гуравдагч этгээд “Актив партнерс” ХХК-иудын аль аль нь анх ойролцоо байршилд 2006 оноос Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон бөгөөд  “Актив партнерс” ХХК нь Газрын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулжээ.

Гэтэл хариуцагч нь “... газар эзэмших эрхгүй этгээд захирамж гаргасан ...”  хэмээн  нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн өмнөх захирамжаа хүчингүй болгосон нь “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” тухай Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, тухайн маргааны тухайд захиргааны байгууллага алдаатай шийдвэрээ холбогдох этгээдийн эрхийг хөндөхгүйгээр, хууль тогтоомжид нийцүүлэн засах боломжтой байгаа нь дээрх байдлаар “Актив партнерс” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэрээс тодорхой бөгөөд үүгээр гуравдагч этгээдэд газар эзэмших давуу байдал үүсэх учиргүйг магадлалд тодорхой дүгнэжээ.

Түүнчлэн хариуцагч нь “... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй ...” хэмээн нэхэмжлэгчийг буруутгахдаа газар эзэмших эрх авсан этгээдийн эрхийг хөндөхгүйгээр дуудлага худалдааны үнийг нөхөн төлөх боломжийг олгосон “Газар эзэмших, ашиглах гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны  А309 дүгээр захирамжийг анхаараагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Мөн “... газар эзэмших гэрээний хугацаа сунгуулах болон төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн ...” гэх маргаан бүхий захиргааны актад заагдсан үндэслэлийн болон гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй тухайд хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэх, өөрөөр дүгнэх боломжгүй байна.

Дээрхээс үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга, маргаан бүхий 2013 оны А/535 дугаар захирамжийг гаргахдаа “хууль бус захирамжаа өөрөө хүчингүй болгох эрх”-ийг нь баталгаажуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг  буруу хэрэгжүүлсэн,  тухайн маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус захирамж болжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж нь хууль бус гэж үзсэн учир “... зөвшөөрөлгүй газарт байрлуулсан ...” гэж “Газар албадан чөлөөлөх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын  2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/195 дугаар захирамжийг үндэслэн “Хүрээ инвест” ХХК-ийн өөрийн эзэмшиж байсан газартаа байрлуулсан хашааг албадан буулгасан хариуцагчийн үйл ажиллагаа мөн хууль бус болно.

Анхан шатны шүүх уг газар чөлөөлсөн ажиллагааг хууль бусад тооцох байтал хүчингүй болгосон, хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй зэрэг алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.

Иймээс “... шүүхүүд актыг ямар үндэслэлээр хууль бус гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, ... илт хууль бус актыг зөвтгөх үндэслэлгүй ..., шүүх бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлээгүй, гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй гэж үзсэн нь буруу ...” гэх гуравдагч этгээд “Актив партнерс” ХХК-ийн захирал Б.Батчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн “... ар гэрийн гачигдал, өмгөөлөх эрхээр хангагдах ...” гэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон, 6 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүрэлцэн ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйгээс гадна шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж эхэлснээс хойш мөн дээрх үндэслэлээр дахин хойшлуулах хүсэлт гаргасан, үүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ             

                              ШҮҮГЧ                                                                 Л.АТАРЦЭЦЭГ