| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0046/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 47
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох 1930005320044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Б.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газарт И.Оийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.12.04-ний өдөр Улиастай хотод ажил хийж байгаад Истана маркийн машинтай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу явсан. Тухайн үед И.О нэлээн халамцуу миний машинд суусан. Тэр үед найз П.Б, нутгийн ах Н.Б, бид дөрөв машины хамгийн ар талд суусан. Тэгээд Монгол улсын хилээр орж ирээд И.Оийн авсан пивоноос уусан. Тэр пивоноос уугаад нэлээн согтсон. Гэтэл И.О нь Н.Б ах болон найз П.Бийг хэл амаар доромжлоод дайраад байсан. Энэ үед П.Б чи яах гээд байгаа юм бэ? гээд гараараа дохиход И.О гарыг нь мушгисан. Би И.Отай найзууд учраас боль гэж хэлж байсан. Эрдэнэцагаан сум руу явж байгаа машинууд “Ц” нэртэй газар замдаа зогсдог. Тэнд бид нар бие засах гээд зогсоход И.О нь Н.Б ахтай муудах гээд зууралдаад байсан. Тэр үед би Н.Б ахыг татаж аваад толгой руу нь алгадсан чинь согтуу байсан учраас ойчоод өгсөн. Би Н.Б ахыг чирээд машин руу орж суулгасан. Гэтэл машинд орж ирсний дараа И.О нь “чи миний хавиргыг хугалчихлаа. Би чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “та нар ууснаа их зан гаргах юм аа. Уусан архиа шингээж чадахгүй байж ганц, хоёр алгадсаны төлөө дараа нь цагдаа, шүүх гэж ярилаа” гэж хэлсэн. Буруу зүйл хийсэн. Өөрийнхөө үйлдэлд гэмшиж байна.Надаас хохирол нэхэмжлээгүй. Бид хоёр нэг удаа уулзаж, уучлалт гуйсан. Түүнээс хойш уулзах боломж гараагүй. Би бие муутай учраас УлаанБ хот руу эмнэлэгт хэвтэхээ яваад дахин уулзаж чадаагүй...гэв.
- Яллагдагч Б.Эын: Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын Улиастай хошуунд ажил хийж дуусаад Эрдэнэцагаан сумын жолооч Баттөр гэх залуугийн Стана маркын машинд сууж Эрдэнэцагаан сум руу явсан. Машины арын суудалд Б, Ба, О нар миний хажууд байсан. О нь Улиастай хошуунаас суухдаа архи уусан байдалтай нэлээн халамцуу суусан юм. Бид нар Монголын хилээр орж ирээд Эрдэнэцагаан сум орох замдаа пиво уугаад явж байхад сумын төвөөс 50 гаруй километр зайтай “Ц” гэх газар явж байхад О согтуурхаад Бийг хэл амаар доромжилж баруун гарыг мушгиад, мөн Ба ахыг мөн адил хэл амаар доромжилж байсан.О машинаас буучхаад Ба ахтай зодолдох гээд өдөөд өшиглөх гээд байхаар нь би Ба ахыг татаж аваад Оийг нэг удаа толгойн тус газар нь алгадсан чинь газар унаад өгсөн. Өөр зодоон болсон асуудал байхгүй.Бид нар машинд ороод суусан байхад машины жолооч Баттөр нь Оийг оруулсан юм. О нь машинд орж ирээд над руу хандаж чи миний хавиргыг хугалсан байна .Чамайг цагдаад өгнө гэсэн. Би тэр үед нь От хандаж та нар нэг алгадахыг даахгүй байж архи уусан үедээ хүн рүү дайрч хэл амаар доромжилж хүн өддөг тэгээд дараа нь цагдаа сэргийлэх болдог ямар учиртай юм бэ гэж хэлсэн юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Хохирогч И.Оийн: Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол улс руу орж ирээд Бичигт дэх боомтоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу 15 цагт стана маркийн машинд сууж явсан. Замд Э, Б, Ба нартай цуг нийлж пиво хувааж уугаад явж байхад Ба намайг цохих гээд гараа далайгаад байхаар нь би гарыг нь дараад байсан юм. Б нь мөн гар далайгаад намайг цохих гээд байхаар нь би бас гарыг нь дараад болиулж байсан. Тэгсэн Эрдэнэцагаан сум орох замд “Ц” гэх газар зогсоод хүмүүс бие засаж байхад би буухад Ба ах намайг цохих гээд далайхаар нь тэврээд авахад хажуугаас Э миний толгойн тус газар нэг удаа цохиод авсан.Тэр мөчид би газар унасан. Намайг газар унасан хойно хэд хэдэн удаа өшиглөж байсан ба миний харснаар Ба ах өшиглөж байсан. Тэгээд цуг явж байсан хүмүүс болиулаад бид нарыг машинд суулгасан. Би тухайн хүмүүст хандаж миний хавирга болохгүй байна гэж хэлсэн.Би эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун талын хоёр хавирга хугарсан байна, цээжний зургаа авахуул гэсэн. Би Эаас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/
- Гэрч Н.Бы: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хятад улсын Улиастай хотоос Бааяа гэх жолоочийн Стана маркийн машинд нь Эрдэнэцагаан сум орохоор суугаад явсан. Би замд явахдаа пиво аваад тэрийгээ Э, Б, О бид дөрөв арын суудал дээр суугаад уугаад явж байхад О нь архи уугаад согтчихоод агсраад “ манай ах шөвөг О атаман байсан, та нар шиг гөлөгнүүдийг мэдэхгүй юм байна “ гээд байсан. Тэгээд О нь миний баруун гарын чигчий хурууг мушгиад байхаар нь хажууд сууж байсан Б “одоо боль, чи юу юм ” гэхэд Бын гарыг бас мушгиж байсан.Тэгээд О бууя нэг нэгээрээ үзье гээд машин зогсоогоод буусан. Машин зогсонгуут буугаад очиход О цээж рүү хоёр удаа цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгсэн Э нэг удаа алгадаад өшиглөөд унагаасан юм.Тэгээд машинд сууж явсан хүмүүс салгасан ба машиндаа суугаад сум руу явцгаасан юм.О хавирга хугарсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Гэрч П.Бийн: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хятад улсын Улиастай хотоос сумын жолооч Бааяа гэх залуугийн стана маркийн машинд сууж Эрдэнэцагаан сум руу явсан. Машины арын суудалд Э, Ба, О нар миний хажууд байсан. Бид нар замдаа пиво уугаад явж байхад сумын төвөөс 50 гаруй километр зайтай “Ц” гэх газар зогсож бие зассан юм. Машинд явж байхад О нь миний баруун гарыг мушгиад зодно цохино гээд миний толгой руу цохиж байсан.Тэгээд Ба ахтай муудалцаад гадаа зогсож байхад Э нь Оийг “ өөрөөсөө ах хүнд овортож настай хүн зодлоо” гээд нэг алгадсан чинь О газар унаад өгсөн. О нь хөлөө олохгүй согтуу газар унаад байсан.Өөрөө хөл муутай юм шиг байна лээ. Харин О нь машинд орж ирчихээд хавирга эвгүй болчихлоо гээд ярьж байсан.Бид нар машин дотор бол зодолдоогүй юм.О нь би шоронд яваад ирсэн та муусайн яахын гэж хэрүүл өдөөд, согтолтын хэмжээ нь өндөр байсан гэж үзэж байна.Э, О, Ба бид нар Улиастай хотоос машинд суухдаа архи ууцгаасан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 8/
-Гэрч Л.Бийн: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өвөр Монголын Улиастай хошуунаас хүн тээвэр хийсэн юм. Миний машинд Э, О, Б, Ба, Болдоо, манай эхнэр Урантуяа, Амаа гэж дууддаг залуу, манай хүү Ууганбилэг нар байсан. О Улиастай хошуунаас согтуу суусан. Бусад нь эрүүл байсан. Машины арын суудал дээр Э, Ба, О нар архи уугаад явж байсан. Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Ц гэх газар явж байхад Б бархираад О миний гарыг мушгиад байна, машинаа зогсоо гэхээр нь би машинаа зогсоосон. Хүмүүсийг буулгасан. Тэгээд машинаа нормалдаж байгаад бууж ирэхэд О газар суусан байдалтай байсан. Би Оаас юу болсон талаар асуухад Э, Ба нар намайг зодсон гэж байсан. Би Оийг машиндаа суулгаад хөдлөөд явж байхад О миний хавирга хугарсан байна, чамайг цагдаад өгнө гэж Этай маргалдаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай: 1.И.Оийн биед цээжний баруун талд 5,6,7 хавирганы бага зэрэг зөрөөтэй хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай: 1.П.Бийн биед баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15/,
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020.01.25-ны өдрийн 08/23 дугаартай тодорхойлолт /хх-ийн 27/
-Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/
- Б.Эын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/
- Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 34/
- Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 36/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Ц” гэх газарт И.Оийг толгой руу алгадаж унаган эрүүл мэндэд нь “ цээжний баруун талд 5,6,7 хавирганы бага зэрэг зөрөөтэй хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий “ хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ” Эрдэнэцагаан сум руу явж байгаа машинууд “Ц ” нэртэй газар замдаа зогсдог. Тэнд бид нар бие засах гээд зогсоход И.О нь Н.Б ахтай муудах гээд зууралдаад байсан. Тэр үед би Н.Б ахыг татаж аваад толгой руу нь алгадсан чинь согтуу байсан учраас ойчоод өгсөн. Би Н.Б ахыг чирээд машин руу орж суулгасан. Гэтэл машинд орж ирсний дараа И.О нь “чи миний хавиргыг хугалчихлаа. Би чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн...гэх,
хохирогч И.Оийн “2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагт Бичигт боомтоос Эрдэнэцагаан сум руу стана маркийн машинд суугаад хөдөлсөн. Замд Э, Б, Ба нартай цуг нийлж пиво хувааж уугаад явж байхад Ба, Б нар намайг цохих гээд гараа далайгаад байхаар нь би гарыг нь дараад байсан юм. Замд “Ц” гэх газар зогсоход Ба ах намайг цохих гээд далайхаар нь тэврээд авахад хажуугаас Э миний толгойн тус газар нэг удаа цохиод авсан.Тэр мөчид би газар унаад өгсөн. Би тухайн хүмүүст хандаж миний хавирга болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун талын хоёр хавирга хугарсан байна гэж хэлсэн....гэх,
гэрч Н.Бы “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хятад улсын Улиастай хотоос Бааяа гэх жолоочийн стана маркийн машинд суугаад Эрдэнэцагаан сум орохоор явсан. Би замд явахдаа пиво аваад тэрийгээ Э, Б, О бид дөрөв арын суудал дээр суугаад уугаад явж байхад О архи уугаад согтчихоод агсраад байсан. О нь миний баруун гарын чигчий хурууг мушгиад байхаар нь хажууд сууж байсан Б “одоо боль, чи юу юм” гэхэд Бын гарыг бас мушгиж байсан.Машин зогсонгуут буугаад очиход О цээж рүү хоёр удаа цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгсэн Э нэг удаа алгадаад өшиглөөд унагаасан юм.Тэгээд машинд сууж явсан хүмүүс салгасан. О хавирга хугарсан гэж байсан ” гэх,
гэрч П.Бийн “.2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бааяа гэх залуугийн стана маркийн машинд сууж Эрдэнэцагаан сум руу явахад арын суудалд Э, Ба, О нар миний хажууд байсан. Бид замдаа пиво уугаад явж байхад сумын төвөөс 50 гаруй километр зайтай “Ц” гэх газар зогссон. Машинд явж байхад О нь миний баруун гарыг мушгиад, зодно цохино гээд миний толгой руу цохиж байсан.Тэгээд Ба ахтай муудалцаад гадаа зогсож байхад Э нь Оийг өөрөөсөө ах хүнд овортож настай хүн зодлоо гээд нэг алгадсан тэгсэн О газар унаад өгсөн. Харин О нь машинд орж ирчихээд хавирга эвгүй болчихлоо гээд ярьж байсан....” гэх
гэрч Л.Бийн “2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний машинд Э, О, Б, Ба нар явсан. О Улиастай хошуунаас согтуу суусан. Машины арын суудал дээр Э, Ба, О нар архи уугаад явж байсан. Ц гэх газар явж байхад Б бархираад О миний гарыг мушгиад байна, машинаа зогсоо гэхээр нь би машинаа зогсоож, хүмүүсийг буулгасан. Тэгээд бууж ирэхэд О газар суусан байдалтай байсан. Би Оаас асуухад Э, Ба нар намайг зодсон гэж байсан. Хөдлөөд явж байхад О миний хавирга хугарсан байна, чамайг цагдаад өгнө гэж Этай маргалдаад байсан...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 39 дугаартай “ 1.И.Оийн биед цээжний баруун талд 5,6,7 хавирганы бага зэрэг зөрөөтэй хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Э нь хохирогч И.Оийн согтуурсан үедээ Б, Ба нарыг хэл амаар доромжлон, Н.Бы гарыг мушгисан үйлдлээс шалтгаалан И.Оийн толгой руу алгадан газар унагаж, хөлөөрөө өшиглөж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг өшиглөж зодсоноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр хохирогчийн зүй бус үйлдлээс улбаалан түүнийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Тухайн хэрэг гарахад хохирогч И.Оийн согтуурсан үедээ машинд хамт явсан, насаар ахмад хүмүүсийг хэл амаар доромжилсон, гарыг нь мушгисан зэрэг хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Эын, хохирогч И.Оийг зодож хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Б.Эын үйлдлийн улмаас хохирогч И.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ /хх 05-06/.
Иймд шүүгдэгч Б.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь, хохирогч И.Оийн согтуурсан үедээ машинд хамт явсан насаар ахмад хүмүүсийг хэл амаар доромжлон, гарыг нь мушгисан хууль бус, зүй бус асуудлын улмаас түүнийг зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Эын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Б.Эт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ миний үйлчлүүлэгч нь эхнэрийн хамт ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй, Хятад улсын Улиастай хот руу явж ажил хийдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулах торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү ” гэх санал, мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020.01.25-ны өдрийн 08/23 дугаартай “ Б.Э нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй” гэх тодорхойлолт зэргийг үндэслэн, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй болон түүний бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулах 700.000 төгрөгөөр торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Эт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч И.О хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН