Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 48

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар
Өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Дд холбогдох 2030000110059 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Д.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 01 дугаар сарын 05-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ч” гэх газарт Ш.Бийг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, толгой үстэй хэсгийн няцралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2020.01.05-ны өдөр Ц.Б, Д гэдэг айлуудад архи уусан. Үүний дараа мөн Бор гэдэг айл руу очиж нэг шил архи уусан. Тэгээд согтуу машинаа муухан бариад явж байгаад машин эвдрэхээр нь Ц.Б бид хоёр түрүүлээд алхаад явсан. Бид хоёрын араас Ш.Б ирсэн. Ш.Б Бор ахыг үлдээгээд ирсэн учраас би настай хүнийг ганцааранг нь үлдээлээ  гээд цохисон юм.
Ш.Бийн эмчилгээний зардалд би 1.000.000 төгрөг төлсөн. Хохирогчтой эвлэрч, уучлалт гуйсан. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

- Яллагдагч Д.Дгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр Бч ах, Б, Мөнхөө нартай цуг 16:00 цаг орчим нэг шил 0,75 хэмжээтэй хараа архи хувааж уусан.  Архиа ууж дуусаад бид нар Д гэх айлын гэр  рүү Бч ах, Б нарын хамт очоод Б нь Д ахаас нэг шил архи гуйгаад 0,75 хэмжээтэй архи авсан.Бид гурав Бор гэх өвгөний гэрт өнөөх авсан нэг шил архи ууж дууссан юм. Бч ах, Б, Бор ахын хамт бид дөрөв У гэж айл руу очиж тэндээ бид нар нэг шил архи уусан юм. Бид нар нийтдээ гурван шил уусан юм. Бч ах, Б, Бор ах бид дөрөв эхлээд Бор ахыг хүргэж өгөх санаатай явж байтал Бч ахын машин эвдэрсэн юм.Б бид хоёр Бор ахын гэр рүү гүйж очоод цай уугаад гэрээс гараад хартал Бор ах, Бч ах хоёр ирж явж байгаа харагдсан.Бч ах эхлээд Бор ахын гэр  рүү гүйгээд ирсэн.Араас нь Бор ах мөлхөөд ирж байхаар нь Бч ахыг та яагаад настай хүн  мөлхүүлж байгаа юм гэхэд Бч ах зүгээрээ наадах чинь мөлхөөд хүрээд ирнэ гээд инээхээр нь би нэг удаа нүүрэн тус газарт нэг удаа  баруун гараа атгаж байгаад цохисон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг  /хх-24-25/

- Хохирогч Ш.Бийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, Д бид гурав нэг шил архи хувааж уусан юм.Б нь Д гэх айл руу утсаар залгаад тэдний гэрт нэг шил архи байна гээд очиж бид гурав нэг шил архийг нь аваад Б гэх хажуу айлд нь ороод дөрвүүлээ болоод архи хувааж уусан. Бид дөрөв архи ууж дуусаад У гэх айл руу очиж ахиад нэг шил архи уусан. Айлуудаар архи ууж байх хугацаанд бид нар хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй юм.  Тэндээсээ Б, Д, Б бид дөрөв миний машинтай Бг хүргэж өгөх гээд явж байхад миний машины аккумлятор суугаад машин явахгүй болсон. Бгийн гэр ойрхон болохоор   Д,   Б хоёр түрүүлээд алхаад яваад би араас нь Бг аваад алхаж очсон. Намайг Бгийн хөрш айл болох Дгийн гэрээр ороход Д гэрт нь зүүн орон дээр нь сууж байсан.Би ороод зүүн орны хойд хэсэгт ширээний хажууд сууж байсан. Д над руу согтсон байдалтай “танай муу өмхий салтаатай авгай” гээд дайраад байсан.  Мөн “танай авгай манай гадаа цагдаа аваачсан” гэж агсраад байхаар нь “чи өөрөө болдоггүй хүн” гэж хэлсэн. Д согтоод агсраад байхаар нь би цагдаа, онцгойд хэлнэ гэж хэлсэн. Д дайрсаар байгаад намайг ширээний хойно сууж байхад цохиж унагаад дээрээс өшиглөсөн байсан.Энэ болсон асуудлыг Д, Б хоёр харсан юм. Дтай хэл амаараа учраа олсон, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

-Гэрч Ц.Бын: 2020 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр Бч Д нартай цуг 16.00 цаг орчимд нэг шил 0,75 хэмжээтэй хараа архи хувааж уусан.  Архиа ууж дуусаад бид нар Д гэх айлын гэр рүү Бч, Д нарын хамт очоод би Дгаас нэг шил архи гуйгаад 0,75 хэмжээтэй архи авсан. Бид гурав Бор гэх өвгөний гэрт өнөөх авсан нэг шил архи ууж дууссан юм.Бч, Д, Бор ахын хамт бид дөрөв У гэж айл  руу очиж тэндээ нэг шил архи уусан.Бид нар нийтдээ гурван шил уусан юм. Бч, Д, Бор ах бид дөрөв Д гэх айл руу Бор ахыг хүргэж өгөх санаатай явж байтал Бчийн машин эвдэрсэн. Д, Бор бид гурав түрүүлээд Бор ахын гэр рүү явж байхад Бор газар ойчоод мөлхөөд байхаар нь Д бид хоёр босгоод хөтлөөд гэр рүү нь оруулсан. Бч нь Бор ахын гэр рүү нь ороогүй Д ахын гэр рүү очсон. Би Бор ахын гэрт байхад Дн гэрт хүмүүс том том дуугараад муудалцаад байх шиг болохоор нь ороход Бч гэрийн зүүн хойд талд сууж байсан ба Д гэрийн дотор хойно нь зогсож байсан. Тэр хоёр яг ямар шалтгааны улмаас муудалцсаныг бол мэдэхгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тэр мөчид Д нь Бчийг нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан.  Бч сандал дээрээсээ хойшоогоо газарт унасан.Би очоод Дг салгаад гэртээ аваачиж амраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

-Хүний их эмч Н.Ууганбаярын “Эмчийн магадалгаа” /хх-ийн 12/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэнд: 1. Бчийн биед тархи доргилт, толгой үстэй хэсгийн няцралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 13-14/,

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн 2020.01.24-ний өдрийн 04/12 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26/

-    Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 28-29/

-    Д.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг  шалгах хуудас /хх-ийн 30/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2020 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай санал /хх-35/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 01 дугаар сарын 05-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ч” гэх газарт согтуурсан үедээ  Ш.Бийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгой үстэй хэсгийн няцралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би 2020.01.05-ны өдөр Ц.Б, Д гэдэг айлуудад архи уусан. Үүний дараа мөн Бор гэдэг айл руу очиж нэг шил архи уусан. Тэгээд согтуу машинаа муухан бариад явж байгаад машин эвдрэхээр нь Ц.Б бид хоёр түрүүлээд алхаад явсан. Бид хоёрын араас Ш.Б ирсэн. Ш.Б Бор ахыг үлдээгээд ирсэн учраас би настай хүнийг ганцааранг нь үлдээлээ  гээд цохисон ” гэх,
хохирогч Ш.Бийн “ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, Д бид гурав нэг шил архи хувааж уусан юм.Б нь Д гэх айл руу утсаар залгаад тэдний гэрт нэг шил архи байна гээд очиж бид гурав нэг шил архийг нь аваад Б гэх хажуу айлд нь ороод дөрвүүлээ болоод архи хувааж уусан. Намайг Бгийн хөрш айл болох Дгийн гэрээр ороход Д гэрт нь зүүн орон дээр нь сууж байсан.Би ороод зүүн орны хойд хэсэгт ширээний хажууд сууж байсан.  Д над руу согтсон байдалтай “танай муу өмхий салтаатай авгай” гээд дайраад байсан.  Мөн “танай авгай манай гадаа цагдаа аваачсан” гэж агсраад байхаар нь “чи өөрөө болдоггүй хүн” гэж хэлсэн. Д согтоод агсраад байхаар нь би цагдаа, онцгойд хэлнэ гэж хэлсэн. Д дайрсаар байгаад намайг ширээний хойно сууж байхад цохиж унагаад дээрээс өшиглөсөн байсан.Энэ болсон асуудлыг Д, Б хоёр харсан юм. “ гэх,
гэрч Ц.Бын“ 2020 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр Бч,  Д, нартай цуг 16:00 цаг орчим нэг шил 0,75 хэмжээтэй хараа архи хувааж уусан.  Бч гэрийн зүүн хойд талд сууж байсан ба Д гэрийн дотор хойно нь зогсож байсан. Тэр хоёр яг ямар шалтгааны улмаас муудалцсаныг бол мэдэхгүй хоорондоо хэрэлдээд байсан.  Тэр мөчид Д Бчийг нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан.  Бч сандал дээрээсээ хойшоогоо газарт унасан.Би очоод Дг салгаад гэртээ аваачиж амраасан ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 59 дугаартай “ 1.Ш.Бийн биед тархи доргилт, толгой үстэй хэсгийн няцралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй”  гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Бтай үл ялих зүйлээр маргаан үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
    
Шүүгдэгч Д.Дгийн, хохирогч Ш.Бийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Д.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Ш.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй ба хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт “ Надад гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би Дтай өөрөө хэл амаараа учраа олсон минь үнэн ” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Д.Дг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
 
Харин хохирогч Ш.Б нь 2020.02.03-ны өдрийн Шүүхийн мэдэгдэх хуудсанд “Би шүүх хуралдаанд оролцож чадахгүй. Д.Д надад 500.000 төгрөг өгсөн. Би цагдаад нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Надад 5 хонь өгнө гэж хэлсэн. Өгөөгүй л байна” гэж дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б нь, шүүгдэгч Д.Ды үйлдлийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор гарсан хохирол, гэм хорын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Д.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Д.Дд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
    
    
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шатанд ялтан Д.Дд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Б хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б нь өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотойгоор гарсан хохирол, гэм хорын нэхэмжлэлийг цаашид иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.





ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН