Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа, 

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00296 0303 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.М, 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны 146 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй, /РД: УИ95012623/,

Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төвийн 1 давхарт хохирогч М.Раднаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.”  гэв.

Хохирогч М.Раднаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын шинэ жил Амар зочид буудлын 4 давхарт болсон. Тэгээд бид нар 23 цаг өнгөрөөгөөд тэр газраас гарах гэж явтал манай нэг үйлчлэгч тасарчихсан байхаар нь тэрнийг хүлээлгэж өгөх гээд тус төвийн 1 давхрын хүлээлгийн өрөөнд хүлээж байсан. Хүлээж байх хугацаанд тэнд халзан толгойтой нэг залуу бас нэг залуутай зодолдоод байсан...тэгээд дээрээс манай хэдэн багш нар бууж ирээд би нөгөө хүнээ хүлээлгэн өгчихөөд тэгээд гарах гээд үүдэнд зогсож байсан. Үүдэнд зогсож байтал нөгөө зодолдсон хүмүүс дахиж орж ирээд үүдний хэсэгт зогсож байсан манай ажилтан багш Энхбаяртай нөгөө халзан толгойтой залуу хоёр шөргөөцөлдөөд байхаар нь би тэр залуугийн эхнэр болох нэг эмэгтэйг араас нь гараараа дал нуруу хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн эргэж ирээд гараараа миний уруул хэсэг рүү 1 удаа, толгойн чих хэсэг рүү 1 удаа гараараа цохьсон. Бас миний үснээс зулгаагаад самардаад байсан. Тэгээд тэрүүгээр зогсож байсан хүмүүс бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч А.Тулга-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед яг нүдний булангаараа харсан чинь манай эхнэрийг гадуураа хар хувцастай нэг эмэгтэй гараараа нуруу руу нь цохих шиг болсон...нөгөө араас нь цохьсон хар хувцастай, шар ороолттой эмэгтэйтэй зууралцаал үсдэлцээл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч С.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг харахад тэр залуугийн эхнэр гэх нэг эмэгтэй Раднаа багшийн нүүр болон уруул хэсэг рүү гараараа 1 удаа цохихыг нь би харсан...Тэгээд эхнэр гэх эмэгтэй рүү нь би та нар болиоч гэсэн чинь тэр эмэгтэй эмэгтэй бас намайг цохих гэж дайрсан. Тэр үед хүүхний аав ээж бололтой хүмүүс тэр хүүхэн залуу хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Л.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Раднаа багш нэг хүүхэнтэй маргалдаад бие бие рүүгээ дайрч байхыг харсан...гар гараа савалцаад түлхэлцээд байх шиг байсан. Раднаа багш энэ хүүхэн намайг цохилоо, толгой рүү цохилоо, гэдэс рүү өшиглөлөө гэж ярьж байсан. Раднаа багшийн уруул нь жаахан домбойгоод хоорондоо самардалцаж байхыг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Гэрч Б.Нямдэлэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай төвийн 4, 5 давхруудад болсон хүлээн авалт дуусаад тэндээс хүмүүс нь гарахдаа нэг халзан толгойтой залуу нэг ахыг гараараа 1 удаа цохиод авсан. Тэр ахтай хамт явж байсан нэг эгч тэр халзан толгойтой залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэйг энэ хүнээ аваачээ гээд 1 удаа түлхсэн. Тэгж их хүчтэй сүртэй түлхээгүй. Тэгсэн чинь тэр 2 эмэгтэй хоорондоо зууралдаад барьцалдаж аваад эхэлсэн. Тэр үед би тэнд байсан хүмүүс, тэр хоёрыг салгасан...тэр хоёр эмэгтэй л хоорондоо зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Яллагдагч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр эгч эхлээд намайг миний нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би уур хүрээд эргэж хараад тэг эгчийн нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 зууралдаж бужигнаж байх үед тэнд байсан хүмүүс салгасан...би М.Раднаагийн эмчилгээний зардал, хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд түүнээс уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрсэн тул хуулийн дагуу хариууцлага хүлээхэд санал хүсэлт байхгүй...миний буруу, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №696 тоот дүгнэлтэд: 

1. М.Раднаагийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 52-53/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-21/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар төвийн 1 давхарт хохирогч М.Раднаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч М.Раднаагийн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын шинэ жил Амар зочид буудлын 4 давхарт болсон. ...би тэр залуугийн эхнэр болох нэг эмэгтэйг араас нь гараараа дал нуруу хэсэг рүү нь 1 удаа түлхсэн. Тэгсэн чинь тэр хүүхэн эргэж ирээд гараараа миний уруул хэсэг рүү 1 удаа, толгойн чих хэсэг рүү 1 удаа гараараа цохьсон. Бас миний үснээс зулгаагаад самардаад байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Нямдэлэгийн: “...Тэр өдөр манай төвийн 4, 5 давхруудад болсон хүлээн авалт дуусаад тэндээс хүмүүс нь гарахдаа нэг халзан толгойтой залуу нэг ахыг гараараа 1 удаа цохиод авсан. Тэр ахтай хамт явж байсан нэг эгч тэр халзан толгойтой залуугийн эхнэр бололтой нэг эмэгтэйг энэ хүнээ аваачээ гээд 1 удаа түлхсэн. Тэгж их хүчтэй сүртэй түлхээгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Раднаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Х.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Мг 450 (дөрвөн зун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР