Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0126

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Б.Т, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр:

“1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 425 дугаар шийдвэрийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 425 дугаар шийдвэрийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагууд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчид хууль зүй харицлага хүлээлгэж тусгай зөвшөөрлийг нь цуцлах ямар “буруутай үйл ажиллагаа явуулсан болохыг нь зохих журмын дагуу тогтоогоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд үр дагавар үүсгэх бөгөөд, тухайн тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлт нь “ зөрчил тогтоосон” захиргааны актын хувьд агуулга болон хэлбэрийн нийтлэг шаардлагыг хангаагүй байгаа болно.

Захиргааны байгууллагын зөрчил тогтоосон акт нь хяналт, шалгалтыг хэзээ, хэрхэн явуулсан, хяналт шалгалтаар ямар зөрчил хэрхэн тогтоогдсон, зөрчил тус бүр нь аль хуулийн ямар заалтад нийцээгүй болон тухайн тогтоогдсон зөрчил нь байгаль орчинд ямар байдлаар хортой нөлөөлөл болон хохирол учруулсан, тухайн зөрчлийн улмаас тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үр дагавар хэрхэн үүсч байгааг бүрэн илэрхийлсэн байх ёстой.

Гэтэл маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй байх тул “зөрчил тогтоосон” гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагууд маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан үйл баримтуудаар хангалттай нотлогдож захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны актын үндэслэлээ нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дахин газар дээр нь хяналт шалгалт хийж, шинээр захиргааны акт гарга гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээ шүүхийн өмнө нотолж чадахгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой хууль бус шийдвэр боллоо.

Анхан шатны шүүх тус компаниийн тусгай зөвшөөрлийг “...Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байгаа тул цуцалсан” гэсэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шүүх хуралдаан дээр гаргаж ирсэн тайлбарыг үндэслэн тухайн асуудлыг захиргааны байгууллага шалган тогтоох ёстой гэж үзсэн нь маргааны зүйл болон маргаан бүхий актын үндэслэлд огт хамааралгүй байна.

Учир нь захиргааны байгууллагаас манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг “зөрчсөн улмаас” цуцлах тухай шийдвэр гаргасан.

Тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор болон усан сан бүхий газартай давхцалтай үндэслэлээр цуцлах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасан журмын дагуу, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасны дагуу нөхөн олговор олгох зарчмаар шийдвэрлэдэг.

Дээрх хууль зүйн үндэслэлээр “... нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл нь усан сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай” гэж маргасан хариуцагчийн тайлбарт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэл нь маргаан бүхий акт маргааны үндэслэл, зүйлд хамааралгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.”

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батмагнай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь огт дурдаж байгаагүй үндэслэлээр буюу “С” ХХК-ийн МҮ-017316 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Гүүтийн амны адаг” нэртэй 48.47 га талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг болон Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” заасныг зөрчсөн гэж тайлбарлан маргасан болно” гэж дүгнэсэн боловч энэ маргаанд холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилсан, Захиргааны хэргийн анхан шатны шүүх “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг бодитой, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болоход нөлөөлсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж шүүхийн шийдвэр бодит нөхцөлд биелэх боломжтой байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтэд заагаагүй үндэслэлээр маргасан, Монгол Улсын Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “С” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ усан сан бүхий газартай давхцалтай байна, үүнтэй холбоотой нэхэмжлэгч “С” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна, иймээс “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэн хариуцагчид нотлох үүргийг хүлээлгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны актууд хууль бус болох нь тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актуудын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлэхийн зорилго нь хариуцагчаас хууль бус актуудын алдааг нь зөвтгүүлэхэд биш, харин тухайн актууд хууль ёсны гэдгийг нь нотлуулахад орших бөгөөд хэрэв нотлогдохгүй бол маргаан бүхий актууд хүчингүй болох үр дагавартай. Гэтэл анхан шатны шүүх үндсэндээ хариуцагчаас маргаан бүхий актуудын үндэслэлийг солиулж, зөвтгүүлэхээр түдгэлзүүлжээ.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж үзэж буй шүүхийн үндэслэл нь өөрөө бодитой буюу энэ утгаараа шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гагцхүү захиргааны акт нь шүүхийн шийдвэрт дурдагдаагүй өөр үндэслэлээр шинээр хууль ёсны дагуу гарч болох боломжтой бөгөөд энэ боломжийг хариуцагчид олгож байгаа буюу захиргааны хэргийн шүүхээс хэргийн нөхцөл байдлыг нотлох талаар бололцоотой бүхий л үйл ажиллагааг явуулсан боловч тодорхой шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тохиолдолд хариуцагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “С” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-017316 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй хэмээн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/11 дугаартай дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 425 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн ашигт малтмалын  ашиглалтын MV-017316 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа этгээд байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгалийн баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдож, энэ талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тухайн саналын үндсэн дээр байгаль орчинд хортой нөлөөлж байгааг шалгаж тогтоосны эцэст дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаар байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичгээс өөр нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасныг тогтоосон талаарх баримт байхгүй, энэ талаар нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа явуулсан болохыг шалгаж тогтоолгүйгээр хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, анхан шатны шүүхээс тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэх талаарх баримт байгаа эсэхийг шаардахад Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар хяналт шалгалтын танилцуулга ирүүлсэн байх ба уг танилцуулгад нэхэмжлэгч компанийг уурхайг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, засварын болон уулын ажлын явцад мөрдөгдөх аюулгүй ажиллагааны журмыг боловсруулан мөрдөж ажиллаагүй, уурхайн карьер, зам талбайд анхааруулга санамжуудыг байрлуулж, устгах төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ашиглалтын тээврийн замыг тогтмол услаагүй, хяналт шинжилгээний хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, ус агаар хөрснөөс дээж авч, шинжилгээнд хамруулаагүй тухай дурдаж, харин байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар болон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал, дүгнэлт гаргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэл, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/011 дүгээр дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 425 дугаар шийдвэр гаргасан байхад маргаан бүхий актыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасанчлан “...нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан ...” гэж тайлбарлах боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тусгайлан хуульчилсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Тусгай зөвшөрөл цуцлах тухай” 425 дугаар шийдвэрийн дээрх үндэслэлүүд нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасны дагуу нутгийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгааг баримтаар тогтоосны дараа санал гаргах, тус саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт шалгалт явуулж, шалгаж тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргах, мөн уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах боломжтой бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хуульд заасан журмын дагуу энэ талаар зохих шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн “Тусгай зөвшөрөл цуцлах тухай” 425 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус бүр улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ