Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х.Х-т холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Х.Х, 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт ... ГСА улсын дугаартай Honda Odyssey маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 10.14 дэх заалтыг зөрчин хохирогч Н.О-ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

    Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 117-120 дугаар хуудас /,

 

         Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлын Б, Э, Х нарын хамт ажлын цаг дууссаны дараа үлдэж ажлын байр болох шинээр баригдаж байгаа Төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн талд Б-ийн баригдаж буй байрны хашаанд бид нар хөзөр тоглосон. Тоглож байх хугацаанд 2-3 ширхэг том пиво уусан. Тоглож дуусах гэж байхад Э нэг шил архи аваад өгчих гэж байсан. Би Э-т нэг шил архи авч өгсөн. Тэр үед Х нь тээврийн хэрэгслийг унаж бид нарт үйлчилж байсан. Бид ер нь тэгээд нилээн халсан. Тэр архийг мөн дөрвүүлээ хувааж дуусгасан. Ууж дууссаны дараа манай гэр болох Сайншанд сумын 6 дугаар баг 41-26 тоотод очиж гадаа зогсож жоохон ярьж байгаад буцаад хойшоо явсан. Тэгээд ер нь бол тасарсан байх нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан. Би үнэндээ юу болсныг санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

     Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х автомашиныг хашаанаас гаргаад өгье гэж хэлээд ... ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж ухрах хөдөлгөөн хийхэд ард юм мөргөх шиг чимээ гарсан. Тэгээд Х бид 2 буугаад харахад автомашины жолоочийн эсрэг талын хойд талд хүн мөргүүлсэн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 

          Гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр... Х, О, Б бид нар үлдэж үргэлжлүүлж пиво уухаар болсон...2 том пиво, 0,75 гр архи худалдан авч дөрвүүлээ хувааж уугаад 04-05 цагийн үед бөөнөөрөө машиндаа унтсан...Х нь машинтайгаа дэлгүүр явсан...өглөө захирал Б архи уусан байна, өнөөдөр ажиллахгүй, гэр гэр рүүгээ явж амар гэж загнасан...хашаагаар гараад явж байтал хүмүүс хүн мөргөчихлөө гэж хэлж байх нь надад сонсогдсон. Тэгэхээр нь би эргээд хартал О нь Х-ын жолоодож байсан автомашины жолоочийн эсрэг талын ард талд жоохон зайтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124- 125 дугаар хуудас/,

 

                 Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сард ... ГСА улсын дугаартай  Honda Odyssey маркийн тээврийн хэрэгсэлд мотор авч тавьж 2019 оны 08 дугаар сард үзлэг, оношлогоонд оруулж хөдөлгөөнд оролцуулдаг болж өөрийн том охин Н-гийг хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байг гэж хааяа угааж бай гэж хэлсэн...би Х-т машинаа шилжүүлж өгөөгүй, угаасаа Х нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй юм...тээврийн хэрэгслийг хашаанд байхад өөрөө аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/,

 

           Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0497 дугаартай нэмэлт: “...Н.О-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, дотуур цус алдалт, баруун сүүж ясны зөрөөгүй хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, нүүр, 2 бугалга, хөлний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун сүүж ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун 1 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нүүр, 2 бугалга, хөлний зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

 

      Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5228 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Х.Х гэсэн хаягтай цусанд 1.1 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.1 промилли спиртиХйн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

           Шинжээчийн 2019 оны ... дугаартай нэмэлт: “...... ГСА улсын дугаартай автомашины жолооч Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан: Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/ 10.1-д: Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 10.14-д  “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна....” гэсэн дүгнэлт /хх- ийн 76-77 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... манай дарга Э  нь гэр рүүгээ явж амар, согтуу ажил хийхгүй гэж хэлээд гэр рүүгээ явахаар болж ... ГСА улсын дугаартай автомашин жолоодож хашаанаас гаргаж эхнэртээ өгнө гэж хэлээд машинтайгаа ухрах хөдөлгөөн хийхэд юм мөргөх шиг болохоор нь зогсоод харсан чинь О нь машины хойд талд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан... Би одоогоор автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт ... ГСА улсын дугаартай Honda Odyssey маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 10.14 дэх заалтыг зөрчин хохирогч Н.О-ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл бүхий нотлох баримт гэж үзлээ.

 

                Шүүгдэгч Х.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... манай дарга Э нь гэр рүүгээ явж амар, согтуу ажил хийхгүй гэж хэлээд гэр рүүгээ явахаар болж ... ГСА улсын дугаартай автомашин жолоодож хашаанаас гаргаж эхнэртээ өгнө гэж хэлээд машинтайгаа ухрах хөдөлгөөн хийхэд юм мөргөх шиг болохоор нь зогсоод харсан чинь О нь машины хойд талд мөргүүлсэн байдалтай хэвтэж байсан... Би одоогоор автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлын Б, Э, Х нарын хамт ...2-3 ширхэг том пиво уусан...Би Э-т нэг шил архи авч өгсөн. Тэр үед Х нь тээврийн хэрэгслийг унаж бид нарт үйлчилж байсан. Бид ер нь тэгээд нилээн халсан. Тэр архийг мөн дөрвүүлээ хувааж ууж дуусгасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр... Х, О, Б, бид нар үлдэж үргэлжлүүлж пиво уухаар болсон...2 том пиво, 0,75 гр архи худалдан авч дөрвүүлээ хувааж уугаад 04-05 цагийн үед бөөнөөрөө машиндаа унтсан...Х нь машинтайгаа дэлгүүр явсан...өглөө захирал Б архи уусан байна, өнөөдөр ажиллахгүй, гэр гэр рүүгээ явж амар гэж загнасан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2018 оны 09 дүгээр сард ... ГСА улсын дугаартай  Honda Odyssey маркийн тээврийн хэрэгсэлд мотор авч тавьж 2019 оны 08 дугаар сард үзлэг, оношлогоонд оруулж хөдөлгөөнд оролцуулдаг болж өөрийн том охин Н-ийг хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байг гэж хааяа угааж бай гэж хэлсэн...би Х-т машинаа шилжүүлж өгөөгүй, угаасаа Х нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй юм...тээврийн хэрэгслийг хашаанд байхад өөрөө аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай нэмэлт: “...... ГСА улсын дугаартай автомашины жолооч Х.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан: Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн хориглосон заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна” гэсэн нэмэлт дүгнэлт зэргээр тогтоогдсон болно.

 

                Шүүгдэгч Х.Х нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан: Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/ 10.1-д: Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 10.14-д  “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолоооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос ухрах үйлдэл хийхдээ хохирогч Н.О-ыг авто машинаар мөргөж эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан болох нь Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0497 дугаартай нэмэлт: “...Н.О-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, дотуур цус алдалт, баруун сүүж ясны зөрөөгүй хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, нүүр, 2 бугалга, хөлний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны задрал, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун сүүж ясны зөрөөгүй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун 1 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Нүүр, 2 бугалга, хөлний зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...ослын улмаас миний нэг хавирга хугарсан, давсаг хагарсан, аарцагны үеэр хугарсан байна гэж эмч хэлсэн...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч С овогтой Х.Х-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн болон түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Х-т ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь  хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Хохирогч Н.О нь 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал байхгүй...эмчилгээний мөнгө нэхэмжилнэ...” гэсэн боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...ослын улмаас миний нэг хавирга хугарсан, давсаг хагарсан, аарцагны үеэр хугарсан байна гэж эмч хэлсэн...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Х-аас шүүх хуралдаанд төлбөр төлж, хохирогчийн эмчилгээнд өгсөн гэх төлбөрийн баримтаар  нийт 1 097 960 төгрөгийг төлсөн байх ба мөн 1 хонь, 1 ямаа өгсөн гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогтой Х. Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Х-т мэдэгдсүгэй.          

 

5. Шүүгдэгч Х.Х нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Н.АДЪЯА