Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/69

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Ст холбогдох эрүүгийн 2018000050034 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.С /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, циркийн жүжигчин мэргэжилтэй, “.........................” циркт жүжигчин ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Өсөх” караокены хойд талд иргэн Н.Эыг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, 2 шүдний эмзэглэлтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Сын өгсөн: ...“тамхи байна уу?” гэхэд хохирогч “гал байна” гэж хэлэхээр нь би “танаас асуугаагүй” гээд маргалдсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Н.Эы өгсөн: ...С миний зүүн шанаа руу цохиод хавсрахад би нүүрээрээ газарт унаж миний шүд гэмтсэн. С миний унасан шүдийг хийлгэж өгсөн. Би түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

Гэрч Д.Эын өгсөн: ...А гаднаас орж ирээд “Э хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь би гарсан. Тэгтэл Эы дээд баруун шүд нь уначихсан амнаас нь цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч М.Оын өгсөн: ...нөгөө унасан залуу босож ирээд Бг гэж андуураад Сын эрүү орчим руу цохисон. Тэгтэл С уурлаад зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа цохиход газарт унасан. Тэгээд босож ирээд “чи миний шүдийг хугалчихлаа шүү дээ” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч В.Ан өгсөн: ...тамхи татахаар Эы араас гарахад “Өсөх” караокены хажууд модтой хэсэгт Э нь нэг залуутай маргалдаад “чи миний шүдийг хугалчихлаа шүү дээ” гээд зогсож байсан. Этай маргалдаж байсан залуу нь 2 чихэндээ маш том хар ээмэгтэй залуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч А.Зийн өгсөн: ...С нь Этай зууралдчихсан зогсож байснаа Эыг угзарч нүүрээр нь газарт унагааж, нүүр лүү нь өшиглөж байсан. Тэгтэл Э босож ирээд “миний шүдийг унагачихлаа шүү дээ” гэж Ст хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар өгсөн: ...Н.Э хойноос гүйж ирээд миний зүүн талын шанаа руу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд би түүний зүүн талын чих, шанаа орчим руу 2 удаа цохиод доош нь дарж унагаасан. Н.Эыг унагаахад нүүрээрээ газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Эрдэнэс плаза” гэх 3 давхар байрны хажууд байх ба Эы заасан газарт үзлэг хийхэд цасан дээр цус мэт улаан өнгийн зүйл байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

Шүүгдэгч Б.С нь 0.178 хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай “Н.Эы биед нэг шүдний үгүй байдал, 2 шүдний эмзэглэлтэй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Эы биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

Н.Эы дээд үүдэн шүд унасан, зүүн чих цус хатсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Сын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “Өсөх” караокены хойд талд иргэн Н.Эыг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, 2 шүдний эмзэглэлтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Эы эрүүл мэндэд нэг шүдний үгүй байдал, 2 шүдний эмзэглэлтэй байдал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Эы “...С миний унасан шүдийг хийлгэж өгсөн. Би түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээг хийлгэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь “.........................” циркт жүжигчин ажилтай гэх боловч энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ст оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР