| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/76 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/76
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.Уд холбогдох эрүүгийн 1918003020393 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С.У /РД: /, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.У нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах”-ын таксины зогсоол дээр иргэн Г.Сгийн хаяж гээсэн 380.000 төгрөгийн үнэ бүхий ОППО А-5 загварын гар утсыг олж авч, хадгалж байгаад ашигласан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Угийн өгсөн: ...таксины зогсоол дээрээс гар утсыг олсон. Намайг олоход унтраалттай байсан. Гар утсыг аваад гэртээ хариад мартсан байсан. 2 сарын дараа би өөрийн утсаа машинд мартаж буусан. Тэгээд өөрөө утасгүй болсон болохоор нь өмнө олсон утсаа ашигласан. Анхаарал болгоомжгүй байдлаасаа ийм хэрэгт оролцсондоо харамсаж байна... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Сгийн өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зах дээр явж байхдаа гар утсаа гаргаж цаг хэд болж байгааг харчхаад өмднийхөө арын халаасанд хийсэн. Тэгээд захаас гараад шинэ Дархан явдаг таксины зогсоолоос машинд сууж Анагаахын сургуулийн урд буугаад гэртээ ороод гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд өөрийн 95000000 дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Би захын цахилгаан барааны тасаг эсхүл таксинд суухдаа унагаасан байж магадгүй. Учир нь миний гар утас халаасанд гүйцэд багтахгүй байсан. Миний гар утас нь ОППО А-5 загварын улаан өнгөтэй, 2 сим карт уншдаг, ямар нэгэн сэв суугаагүй, 867174048827336 болон 867174048827328 гэсэн Имэй кодтой гар утас байсан. Би гар утсаа 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 1300 юань буюу 500.000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
Гэрч С.Бийн өгсөн: ...манай эгч С.У нь 2019 оны 4 дүгээр сард захаас гэр рүүгээ таксинд суух гэж байхдаа гар утас олсон гэж надад хэлсэн. Манай эгч тухайн гар утсыг 2 сар гаруй хугацаанд эзэн нь гараад ирэх болов уу? фэйсбүүкт зар тавих болов уу? гэсэн байдалтай хадгалж байсан гэсэн. Тухайн үед кодтой байсан учраас гар утсыг ашиглах боломжгүй байсан гэсэн. Тэгээд манай ээжийг БНХАУ руу явахад нь кодыг нь тайлуулсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Хохирогч Г.Сгийн гээсэн ОППО А-5 загварын гар утсыг эрэн сурвалжилсан тухай цагдаагийн байгууллагын бүртгэл /хх-ийн 7-10/,
Шүүгдэгч С.Угаас ОППО А-5 загварын гар утсыг хураан авч, хохирогч Г.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/,
Шүүгдэгч С.Угийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/,
867174048827336 болон 867174048827328 гэсэн Имэй кодтой гар утсанд ашиглаж байгаа 94000000 дугаарын эзэмшигч нь С.У, 99000000 дугаарын эзэмшигч нь С.Б гэх “Мобиком корпораци” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 18/4923 дугаартай албан тоот /хх-ийн 38/,
“Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-620/001 дугаартай “ОППО А-5 загварын гар утас нь 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 380.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136-138/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Угийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах”-ын таксины зогсоол дээр иргэн Г.Сгийн хаяж гээсэн 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий ОППО А-5 загварын гар утсыг олж авч, хадгалж байгаад ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул С.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Хохирогч Г.С нь ОППО А-5 загварын гар утсаа гээсэн боловч гар утсаа буцаан авсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нархан хотхоны 2 дугаар байрны 46 тоотод оршин суух шүүгдэгч С.Угаас ОППО А-5 загварын гар утсыг хураан авч, хохирогч Г.Сд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/-ээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч С.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 46/, багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 474 албан бичиг /хх-ийн 157/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Уд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 75.000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Уд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР