| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00494/И |
| Дугаар | 594 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 594
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* в тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* в тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Үйлдвэрчний районы тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Үйлдвэрчний районы тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т., Ц., А. нарын хооронд байгуулагдсан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч А., Т., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 12 дугаар сард Т.тай гэр бүл болсон. Охин У. нь 2011 оны 11 дүгээр сард, охин У. 2013 оны 04 дүгээр сард төрсөн. Бид гэр бүл болохдоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 23-В тоотод 818,6 мкв газарт хашаа татан амьдарч байгаад 2012 оны 12 дугаар сард хууль ёсны өмчлөгч болж 000174564 дугаартай гэрчилгээг нөхөр Т.ын нэр дээр гаргуулж авсан. Гэтэл миний нөхөр болох Т. нь миний зөвшөөрөлгүйгээр А.т уг газрыг захиран зарцуулах итгэмжлэлийг 2013 онд 3 жилийн хугацаатай хийж өгсөн гэдгийг мэдлээ. Дээрх хашааны газар нь миний бага насны 2 хүүхэд болон бидний дундын өмч юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Гэтэл Т. хэлцэл хийхдээ миний зөвшөөрлийг аваагүй, энэ хэлцэл хийгдсэн гэдгийг би мэдээгүй. Иймд А., Ц.,Т. нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед хувиараа бизнес эрхэлдэг байсан. Тэр үед мөнгөний хэрэг гараад Хаан банкнаас зээл авах гэсэн боловч Капитал банк үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгоно гэхээр нь Т.тай уулзаж хашааны газрыг нь 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж аваад банкны барьцаанд тавьж зээл авсан. Гэтэл миний бизнесийн үйл ажиллагаа асуудалтай болж үйл ажиллагаа маань зогссон. Урд нь би Капитал банканд зээлтэй байсан учир банкны эдийн засагч нь чи үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олоод ир. Тэгвэл урьдын зээлийн үлдэгдэл дээр чинь дахин зээл гаргаад өгье гэхээр нь би өөрийн газрын гэрчилгээ, Т.ын газрын гэрчилгээтэй хамт банкны барьцаанд тавьж зээл авсан. Манайх зээлээ эргэн төлөх боломжгүй болсон учир Капитал банк эхлээд Ховд аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж манайх тус зээлээ 14 хоногийн дотор төлж барагдуулна гэж гэрээ хийсэн. Гэтэл манайх тухайн хугацаанд зээлээ төлж амжаагүй учир Капитал банк шүүхэд хандаж, тус шүүхийн шийдвэрээр Т.ын хашааг хураах шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус хашааг эхнэр Г.д хэлэлгүйгээр хариуцагч А.т итгэмжлэл хийж өгсөн. Тэр хашаа нь манай эхнэр бид хоёрын дундын өмч байсан юм. Би тухайн газрын гэрчилгээг 2013 оны 4 сард мөнгө хэрэгтэй болоод А.тай очиж уулзаад мөнгө гуйсан чинь барьцаанд нь тавих зүйл байна уу гэхээр нь би газрын гэрчилгээгээ барьцаанд тавьж, 100,000 төгрөг авсан. Дараа нь удалгүй мөнгийг нь өгөөд гэрчилгээгээ авах гэсэн боловч А. нь миний газрын гэрчилгээг банканд тавьж зээл авах гэсийн, чи надад газрын гэрчилгээгээ 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийгээд өгөөч, би зээл авч засварын үйл ажиллагаа явуулах гэсэн юм, хэрэв зээл бүтвэл найз нь чамайг урамшуулна гэхээр нь би А.т 3 жилийн хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. Одоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай хүргэн ирээд засварын үйл ажиллагаа явуулах гэсэн юм, зээл авах хэрэгтэй байна гэхээр нь нөхөртэйгөө ярьж байгаад Т.ын гэрчилгээг банкны барьцаанд тавьж зээл авах гэсэн боловч манай гэр бүлийн хүн А.ын иргэний үнэмлэх нь байхгүй байсан учир би Т.тай итгэмжлэлийн гэрээг хийсэн. Тэр үед би манай нөхөр банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан талаар мэдээгүй байж байтал Т., Г. 2 хашааны гэрчилгээгээ авъя гээд хүрээд ирэхээр нь нөхрөөсөө асуутал нийт 12,000,000 төгрөгийн зээл авсан талаар мэдсэн. Уг мөнгийг манай хүргэн аваад Улаанбаатар хот руу яваад сураггүй болсон. Дараа нь дүүгийн эхнэрээс нь асуухад бид хоёр салсан, тэр хүнээс мөнгө авна гэж байхгүй юм байна, ийм болохоор танай хашаанд барьсан хашааг тэр мөнгөнийхөө оронд аваарай гэж хэлсэн. Бид тэр мөнгийг төлөх боломжгүй болоод өнөөдрийн ийм байдалд хүрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т., Ц., А. нарын хооронд байгуулагдсан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ******* овогт *******ын , хариуцагч ******* овогт *******ын нар нь 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэд нарын дундаас 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр охин У., 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр охин У. нар төрсөн нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Т. нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******В тоотод байрлах, нэг хүний өмчийн
818,6 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
Тус газрыг 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн банкны зээлийн барьцаанд тавих, Үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авах эрхийг 3 жилийн хугацаагаар Ц.д олгосон байх ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******В тоотод байрлах газрыг Т. нь 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэг хүний өмч буюу Т. хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г. нь Т.тай 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******В тоотод байрлах хашааны газар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэр бүлийн хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд шаардах эрхтэй боловч Г., У., У. нар нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т. нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******В тоотод байрлах хашааны газрыг Ц.д итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Ц. нь уг газрыг банкны зээлийн барьцаанд тавих, Үл хөдлөх эд хөрөнгийн газраас лавлагаа авах эрхтэй болсон байна.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүд адил эрх эдлэх бөгөөд хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар заасан нь нэхэмжлэгч Г., охин У., У. нар нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд зөвшөөрлийг нь авахаар байна.
Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******В тоотод байрлах хашааны газрыг Ц.д итгэмжлэл олгох үед Т. нь хууль ёсны өмчлөгч байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т. нь Ц.д итгэмжлэл олгох үед хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсан нэхэмжлэгч Г. нь уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т., Ц., А. нарын хооронд байгуулагдсан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл Иргэний хуулийн 56, 67 дугаар зүйлд зааснаар нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г. нь уг итгэмжлэлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 128 дугаар зүйлийн 128.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т., А., Ц. нарт холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Т., Ц., А. нарын хооронд байгуулагдсан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА