Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/78

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч Ж.Я,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Э.Д,

Шинжээч Д.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.Ст холбогдох эрүүгийн 1918000000572 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт С.С /РД: /, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим өөрийн гэртээ иргэн Р.Эын цээжний зүүн дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээсэн шарх бүхий амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, улмаар Р.Э нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 05-нд нас барсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Сийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э, Ч, О нар над руу залгаж “танайд очлоо” гэж хэлээд, нэг шил архи аваад манай гэрт ирсэн. Тэр нэг шил архийг бид нар ууж, маргалдсаны улмаас Э нь ширээн дээрх чанасан булууны ясны хажууд байсан хутганы ишээр миний нүүр лүү цохисон. Би түүний хутгыг булааж аваад, талийгаачийн цээж рүү нь хатгахад талийгаач савж унаад намайг өшиглөсөн. Энэ үед О бидний дундуур орж “Эын цээжнээс цус гарч байна” гэж хэлсэн. Талийгаачийн цусыг тогтоогоод, эмнэлэг рүү аваад явсан. Би талийгаачийг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Дын өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О манай аавыг зодоод 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зодсондоо уучлалт гуйх нэрийдлээр аавд архи авч ирж уусан. Тэгээд Сийн гэрт очихоор хамт явсан байдаг. Манай аав 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгт нас барсан. Шүүгдэгчээс эмчилгээ болон оршуулгын зардалд 10.344.880 төгрөг, ХААН банкны зээлийн үлдэгдэл 8.856.377 төгрөг, нийт 19.201.257 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Туяагийн өсөн: Шинжилгээний явцад талийгаачийн цээжний хөндийг нээж үзэхэд голт зүүн пэлээврийн тархмал цус хуралттай, зүүн талын 1-2 хавирганы завсраар орсон шархтай, зүүн уушигны гялтан хальсыг нэвтэлсэн байсан. Цээжний хөндийд цус хурах шалтгаан болсон шарх нь гол судасны зүүн талын нумыг гэмтээсэн, судасны ханыг гүйцэд нэвтрээгүй боловч нэвчсэн шархтай, гол судаснаас салаалсан артерын судасны эргэсэн хэсэг буюу нумыг гэмтээсэн, зүүн уушгины доод дэлбэнг хавж нэвтэрсэн шархтай. Артерын судасны дотор талд шарх нэвтрээгүй боловч хагалгаа хийх боломжгүй, ямар эрхтэн гэмтсэнийг үзлэгээр тодорхойлох боломжгүй, цээжний хөндий цустай байсан. Гол судас бол их хүчтэй цохилж, цусыг тарааж байдаг учир хагалгаа хийсэн ч амь насыг нь аврах боломжгүй юм гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Талийгаач Р.Эын нас барахаасаа өмнө гэрчээр өгсөн: ...Ч, О, түүний эхнэрийн хамт Сийнд очсон. С нь зах дээр махны лангуу дээр ажилладаг эгч дээр согтуу очоод баахан юм ярьсан байсан. Би тэрийг нь ярьж С бид 2 маргалдаад барилцаж авсан. Тэгтэл С нь хаанаас юм мэдэхгүй хутга гаргаж ирээд намайг 2 удаа дүрэхээр нь би “Саа чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн” ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47/,

Гэрч А.Оийн өгсөн: ...Бид архиа ууж байхад манай эхнэр, Ч, нэрийг нь мэдэхгүй залуу 3 гарсан. Тэгтэл С, Э 2 нөгөө талын орон дээр хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар нь “ах нар болиоч дээ. Үхэх гэж байгаа хоёр хөгшин байж юундаа муудалцаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. С босоод зогсчихсон, Э суучихсан, С нь Эын толгой руу мангасдаад түлхээд, нөгөөх нь бас өөдөөс нь түлхэлцээд байсан. Тэгтэл Э суусан чигтээ орон дээр дээш хараад хэвтсэн. Тэгтэл цээжнээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Сийг хажуу тийш холдуулаад Эын цус тогтоохоор гараараа дарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53/,

Гэрч О.Чийн өгсөн: ...Г бид 2 тамхи татаж байхад О байшин дотроос “Хөөе ороод ирээч, хүн байна уу?” гэж хашхирсан. Бид 2-ыг ороход Э орон дээр дээшээ хараад хэвтсэн, О нь Эын цээжин дээр дарсан, С хажууд нь хараад зогссон байдалтай байсан. Эын цээжнээс цус гарч байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/,

Гэрч Л.Гийн өгсөн: ...Ч бид 2 бие засаад, тамхилаад гадаа 5-6 минут болоод гэрт ороход байшингийн үүдээр ороход баруун талын хана дагуу байрлах орон дээр О нь симба Б гэх ахын цээжин дээр гараараа дарчихсан, хажууд нь сууж байсан. Симба Б гэх залуугийн цээжний зүүн хэсгээс цус гарч байгаа харагдсан. С хойморт зогсож байсан. Юу болсон талаар асуухад О, С нар юм хэлээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-60/,

Гэрч М.Б-Оы өгсөн: ...архи ууж дуусаад явцгаая гэхээр нь би түрүүлж гараад машинаа асаагаад сууж байтал Чимэддорж ирээд “О гэрт хүн цус алдаад болохоо байлаа” гэхээр нь би ороход Э орон дээр хэвтчихсэн, цээж хэсгээс нь цус гараад бүгдээрээ тойроод зогсчихсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63/,

Гэрч Э.Сийн өгсөн: ...аавын төрсөн эгч Нямаа над руу залгаад “аав чинь хүнд хутгалуулаад эмнэлэг дээр чирчихсэн байна. Хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход аав Э хүнд хутгалуулсан байдалтай сэхээн амьдруулах тасаг хэвтэж байсан. Маргааш нь цагдаа нар ирж мэдүүлэг авахад “С гэдэг хүн хутгалсан” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/,

“Хэрэг учрал болсон гэх газар нь 1 давхар шавар байшингаас ертөнцийн зүгээр урагш цасан дээр цус мэт зүйлээр бохирлогдсоныг самбай даавуу дээр дээж авч бэхжүүлэв. Байшинд үзлэгийг явуулахад хохирогч хэвтэж байсан гэх орны урд хэсэгт улаан эрээн өнгийн дэвсгэр, шар өнгийн хулдаас нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байв”... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 5-11/,

...Үзлэгээр ертөнцийн зүгээр хойд талын хашаан дотор хар өнгийн хуванцар иштэй хутга байсныг С нь Эыг хутгалсан хутга мөн гэж заасныг гэр зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18/,

Талийгаач Р.Эоос нас барахаас нь өмнө мэдүүлэг авсан тухай яриа дүрсний бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 27-28/,

...хар өнгийн мөрөвчтэй өмдний урд хэсэг, судалтай богино ханцуйтай цамц их хэмжээний цус мэт зүйлээр бохирлогдсон, хар өнгийн нимгэн ханцуйтай цамцны зах хэсэг, баруун суга орчим урагдсан, зүүн энгэрийн зах ирмэгээс доош 3 сантиметр зайд 2х2 сантиметр орчим урагдсан... гэх талийгаач Р.Эын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өмсөж явсан хувцсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-33/,

Талийгаач Р.Э нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 14145 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 79-101/,

Үзлэгээр цогцсын урт 173 сантиметр, толгойн оройд 3 сантиметр, шанаанд 0.5 сантиметр бууралтсан хар үстэй, 53 настай эрэгтэй хүний цогцос байв... гэх цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 131 дугаартай “Талийгаачийн биед цээжний хөндийд нэвтэрч цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээсэн шарх, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед үүссэн цээжний хөндийд нэвтэрч цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээсэн шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн зүүн нүдний доод зовхи, дээд уруулын зүүн хэсгийн зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаачийн биед элэгний хатуурал өвчин илэрсэн ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд 0.5 промилли спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулах боловч эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтэж эмчлүүлэн эмчилгээ хийлгэж, нас барсны дараа авсан шинжилгээний дээжинд ийм хэмжээний спирт илэрч байгаа нь архи согтууруулах төрлийн ундааг үүнээс илүү хэмжээгээр хэрэглэсэн байж болохыг харуулж байна. Талийгаачийн цусны бүлэг ВIII, Rh-/+/ байна. Талийгаач Р.Э нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 06-ны 20:55 цагт нас барсан байх ба энэ хугацаанд хийгдсэн эмчилгээ шинжилгээ болон бусад арга хэмжээг цаг алдалгүй үзүүлсэн байна” гэх, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Шинжилгээнд авсан Р.Эын цусны бүлэг нь ВIII, Rh-/+/ байна” гэх, 05 дугаартай “Шинжилгээнд авсан Р.Эын цусанд 0.5 промилли спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 104-113/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн нимгэн хар ноосон цамцанд гарсан хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 27 миллиметр зүсэгдэлт байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 139-147/,

Талийгаач Р.Эын нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 220 дугаартай “...хэргийн газраас бэхжүүлэв авсан гэх “5” дугаартай арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Талийгаач Р.Эын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 191-193/,

Гэрч М.Б-Оны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 202-205/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч С.С нь Р.Этой архи ууж байгаад маргалдаж түүнийг хутгалсан байна. Шүүгдэгч С.С нь гэм буруутай” гэж дүгнэснийг дурдвал зохино.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шинжээч Д.Туяагийн дүгнэлт эргэлзээтэй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай байсан. Талийгаач нь 2 хоног эмчилгээ хийлгээд бие нь сайжирч мэдүүлэг өгсөн байгаа учраас шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж мэтгэлцэж байна.

Хүнийг алах, хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсэх, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг шинжээр тус тус ялгагдах бөгөөд шүүгдэгч С.Сийн үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн талийгаачийн өвчний түүх, шинжээчийн дүгнэлтэд талийгаач Р.Эрдэнболд нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэж дурдагдсан боловч талийгаач нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байгаа ба энэ нь шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Сийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим иргэн Р.Эын цээжний зүүн дээд хэсэгт хутгалсан үйлдэл нь талийгаач Р.Эын амь хохирох шалтгаан болсон цээжний хөндийн эрхтнүүдийг гэмтээсэн шарх бүхий амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Р.Э нь нас барж, хохирогч Э.Д нь талийгаачийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний зардал, оршуулгын зардалд 10.344.880 төгрөг, ХААН банкны зээлийн үлдэгдэл 8.856.377 төгрөг, нийт 19.201.257 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь насанд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан байх тул хохирогч нь Э.Д нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогчоос гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 206-229 дүгээр талд авагдсан баримтууд нь талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой баримтууд байх бөгөөд шүүх тооцож үзэхэд 9.334.380 төгрөг байх тул шүүгдэгч С.Саас уг төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрт 700.000 төгрөгийг шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны үеэр төлсөн тул шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон 9.334.380 төгрөгөөс 700.000 төгрөгийг хасаж 8.634.380 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин талийгаачийг эмчилгээ хийлгэж байх үед нь зарцуулсан памперс, дусал тариа зэргийн 40.500 төгрөг, оршуулгын ажилд ашигласан чулуу, элс, цемент, машины хөлс, 11 машины жолоочийн хөлс зэргийн 320.000 төгрөг, талийгаачийн 49 хоногийн будаалга, ном хуруулах ажил зэргийн 650.000 төгрөг, нийт 1.010.500 төгрөгийн баримтыг хохирогчоос гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт авагдаагүй байна.

Мөн хавтас хэрэгт авагдсан ХААН банкны ЗГ/201843914240 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь Э.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Р.Э байх тул шүүгдэгч С.Саас зээлийн үлдэгдлийг төлүүлэх үндэслэлгүй юм.

Иймд хохирогч Э.Дын нэхэмжлэлээс талийгаачийн эмчилгээ, оршуулгын зардлын зарим хэсэг болох 1.010.500 төгрөг, ХААН банкны зээлийн үлдэгдэл 8.856.377 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 111/19 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 151/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 12/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь 56 настай, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа учраас хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч С.С нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 247-250, 2-р хх-ийн 1-4/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Саас 8.634.380 /найман сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Эын Д-т олгож, хохирогчийн 1.010.500 /нэг сая арван мянга таван зуу/ төгрөгийн, банкны зээлийн үлдэгдэл 8.856.377 /найман сая найман зуун тавин зургаан мянга гурван зуун далан долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР

                                                     ШҮҮГЧИД                                 Г.ГЭРЭЛТ-ОД

                                                                                                       З.ТӨМӨРХҮҮ