Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 38

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч С.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ганхүдэр-Орд ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт,  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С.И,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.И нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 1-6 тоотод оршин суух Ш.О гэрт  нэвтэрч Тошиба маркийн 21 инчийн телевизорыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 120,000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ш.О өгсөн: “...орой 19:40 цагийн үед эхнэр бид хоёр ажлаа тараад гэрт иртэл манай гадна хаалга онгорхой байсан ба орж хартал гэрийн эд зүйл эмх цэгцтэй,  харин зурагт алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. Би алдсан зүйлээ буцаан авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч А.О “...би өөрөө тус өдөр ломбарданд ажиллаж байсан. Гэтэл 12:30 цагийн үед С.И гэх залуу жолооны үнэмлэхээрээ Тошиба брэндийн 21 инчийн хар өнгийн зурагт 50,000 төгрөгөөр тавьсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...Тошиба маркийн 21 инчийн ЛСД өнгөт зурагт 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 120,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10/, 

 

Шүүгдэгч С.И “...тухайн айлын хаалга  гаднаас нь төмөр саарал өнгийн цоожоор цоожилсон байсан. Тэгэхээр нь би нэг л удаа татахад цоожны цүүц нь тахийгаад хаалга нь онгойсон. Би тухайн байшин руу орсон, ...миний машин эвдрээд яаралтай мөнгөний хэрэг болоод хулгайн гэмт хэрэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, өмнө өр авлагатай байсан учраас зурагтыг авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж гэж мэтгэлцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдэгт  оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлахыг ойлгох ба шүүгдэгч С.И нь өмчлөгчийн эзгүйд, хүн байнга амьдрах зориулалттай, цоожтой байшингийн цоожийг татаж онгойлгон нууцаар сэм орж, бусдын эд хөрөнгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байна. Өр авлагатай байсан байлаа ч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халдсан үйлдлийг хууль тогтоогч “хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч С.И хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгчээс зурагтыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгчид зурагтыг барьцаалан олгосон зээлийг буцаан төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.И эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У “..шүүгдэгч С.И нь 20 настай тул өсвөр насны хүн гэж үзэх үндэслэлтэй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж энэ хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн сэдэл, зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд” хамаарах ойлголт ба  18 насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт 18 нас хүрснээс хойш ял шийтгүүлж байгаа тохиолдолд бие, физиологи, сэтгэхүйн хувьд илт сул  зэрэг тохиолдолд 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж болохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч С.И нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 10 сар 26 хоногтой байсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэсдэлгүй байна.

 

Шүүгдэгч С.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Б овогт С.И-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.И-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД