Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 39

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Б.Э, Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Б.Э, М овогт Б.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008160010 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 42 настай, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол ................. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Д овогт Б.Э,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол .......... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М овогт Б.Л,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Э, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э, Б.Л нар нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Макс караокед маргалдаж улмаар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Б.Э өгсөн: “...Ц.Э эгч караоке орж сууя гээд бид гурав Макс караоке ороод 0.5 литрийн хараа архи, ус ундаа аваад нийтийн караокед суусан. Тэгээд Л бид хоёр муудалцаад Л намайг үсдээд толгой руу зөндөө цохисон. Би үсдүүлж даруулсан байхдаа гараа явуулж түүнийг мөн адил үсдээд арай хийж гарыг нь тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй, эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 100/,

 

Б.Л өгсөн: “...Б.Э хоолой боож байснаа нүүрийг минь маажаад үсдээд толгойг минь шал мөргүүлээд хоёр хөл рүү өшиглөөд зодсон, ...би түүний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, “...хохирол төлбөр нэхэмжлэхгүй, эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлт /хх-ийн 101/,

 

Гэрч С.Э “...богино болон урт куртиктай эгч нар хоорондоо зодолдоод байсан. Хажууд нь байсан эгч тооцоог нь хийгээд хаяад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

Гэрч Ц.Э: “...намайг тооцоо хийж байхад тэр хоёр сууж байсан. Буйдангийн хажуугийн харанхуй өрөө байсан болохоор яг хэн хэнийг яаж түлхэж байсныг хараагүй. Би энэ хоёрыг найзууд болохоор нь арай ч хоорондоо зодолдохгүй байх гэж бодоод хүүхэд хичээлээсээ ирээд түлхүүргүй гэртээ орж чадахгүй байна гэхээр нь гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 984 дугаартай “...Б.Э биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүрний цус хуралт, зулгаралт, нэг шүдний хазах эмтрэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 982 дугаартай “...Б.Л биед дух, зүүн шанаа, баруун зүүн хацар, хамар, дээд  уруулын баруун дээд хэсэг, доод эрүү, баруун сарвуу, баруун гарын 5-р хуруу, зүүн шуунд зулгаралт, саруун сарвуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э, Б.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг багасгаж тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, сарын орлогын хэмжээ, ам бүлийн байдал зэргийг харгалзан 9 сарын хугацаанд төлөөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нар харилцан эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б.Э, М овогт Б.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б.Э, М овогт Б.Л нарт тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Л нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД