Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2015

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Чинтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00635 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Г.Чинтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мфикскапитал” ХХК, “Капитрон банк” ХХК-нд холбогдох

 

            Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат

                                                                                              С.Ялалт

                                                                                              Х.Идэрбулган

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                          Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, Г.Чинтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Чинтуяа миний бие Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт "Мфикскапитал" ХХК-ийн барьж байсан "Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот 312 м.кв талбай бүхий таун хаусыг захиалан худалдаж авахаар тохиролцож, улмаар 2007 оны 8 сарын 20-ны өдөр 7 тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ" нэртэй гэрээг “Мфикскапитал” ХХК-тай байгуулсан. Гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Харин “Мфикскапитал” ХХК-ийн зүгээс таун хаусыг барьж, миний эзэмшилд шилжүүлэх үедээ зураг төсөвт өөрчлөлт орж 66 м.кв талбай нэмэгдэж 378 м.кв болж өөрчлөгдсөн тул нэмэгдсэн талбайн үнийг төлөхийг шаардсаны дагуу 40 920 ам.долларыг нэмж төлснөөр нийт 231 491 ам.доллар буюу 299 526 010 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “Мфикскапитал” ХХК-ийн зүгээс өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргахад шаардагдах арга хэмжээг авахгүй, чирэгдүүлж, эрх, хууль ёсны aшиг сонирхлыг маань зөрчиж байгаа тул үнийг нь төлж худалдан авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 48А байрны 3 тоот байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хариуцагч “Мфикскапитал” ХХК нь нэхэмжлэгч Г.Чинтуяа миний захиалгаар барьсан таун хаусыг 2010 оны 5 сарын 12-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилгаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлж, 000106168 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Улмаар “Мфикскапитал” ХХК нь “Капитрон банкнаас “Параскай” ХХК-ийн авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр "Зээлийн барьцааны гэрээ" нэртэй гэрээг Капитрон банктай байгуулж, тус банкны барьцаанд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсаны дотор миний захиалсан таун хаусыг барьцаалсан болохыг олж мэдлээ. Капитрон банк болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ" нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн тойруу, 48А байрны 3 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан  хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2010 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Г.Чинтуяа миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, “Мфикскапитал” ХХК нь надад мэдэгдэлгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч Капитрон банкны барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд Капитрон банк болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ"-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 3 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч “Мфикскапитал” ХХК-ийн төлөөлөгч Б.Чинзориг шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Чинтуяа нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай 7 тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "Вlие sку" хотхон, 48А байрны 3 тоот орон сууцыг захиалан бариулж төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгч Г.Чинтуяаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "Вlие sку" хотхон, 48А байрны 3 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй ба нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна." гэжээ

.

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, Х.Идэрбулган нар тайлбарлахдаа:

Тус банк нь "Параскай" ХХК-тай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №08/150 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулж 600 000 ам.долларыг төслийн зээлийн зориулалтаар олгосон. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г дээр дурдсан компанитай байгуулж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Харин 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр "Мфикскапитал" ХХК-тай 08/150 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулж, уг гэрээгээр "Параскай" ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж 48А байрны 1-4 тоот, 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцуудыг барьцаалсан юм. Энэхүү барьцааны гэрээ, түүнийг бүртгүүлсэн бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болох үндэслэл үүсээгүй байна. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж баталгаажуулах ёстой байдаг. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банкны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болгосон. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж буй хэрэг юм. Гэтэл “Мфикскапитал” ХХК нь иргэн Г.Чинтуяатай 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “Мфикскапитал” ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 56.11 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Чинтуяаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 48а байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000106168 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014163 дугаартай 378 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 48а байрны 3 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 725 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мфикскапитал” ХХК-аас  1 655 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чинтуяад олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие Орон сууц захиалгаар барих гэрээгээр тохиролцсон орон сууцны үнэ 193 440 ам.долларыг 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлж дуусгасан. Уг барилгыг 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулах тухай Улсын комиссын акт гарсан. Орон сууцыг миний эзэмшилд мөн 2010 оны 10 дугаар сард шилжүүлэн өгсөн. “Мфикскапитал” ХХК-ийн зүгээс ч нэмэгдсэн талбайн үнийг төлж дуусгахаас өмнө орон сууцыг миний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Гэтэл шүүх "Мфикскапитал" ХХК-д Г.Чинтуяа нь захиалсан орон сууцныхаа үнийг бүрэн төлж дуусгахаас өмнө "Мфикскапитал" ХХК нь түүний захиалсан орон сууцыг Капитрон банкны барьцаанд бариулсан байх тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Миний мөнгөн хөрөнгөөр барьж бий болгосон эд хөрөнгийг “Мфикскапитал” ХХК бусдын барьцаанд тавих байтугай өөрийн нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах эрхгүй, ийм ч учраас Мфикскапитал ХХК уг байдлаа хүлээн зөвшөөрч "өмчлөгчөөр тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг маань хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1, 56.1.4-д заасан хэлцэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч Капитрон банкны зүгээс улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж маргаж байгаа боловч Г.Чинтуяа миний бие өөрийн захиалгаар бариулсан орон сууцныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “Мфикскапитал” ХХК-д холбогдуулан гаргаж байгаа нь “Мфикскапитал” ХХК-иас өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа зүйл огт биш тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан нэг этгээдээс нөгөө этгээдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжихтэй холбоотой харилцааг зохицуулсан заалт хамаарахгүй юм. Гэтэл Капитрон банкны барьцаанд “Мфикскапитал” ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бариулсны улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд байдалд хүрсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэсний дагуу дээрх барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 3 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргасан болно. “Мфикскапитал” ХХК нь анхнаасаа өмчлөх эрхгүй байсан, үүнийгээ ч өөрөө мэдэж байсан тул миний зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээнд заавал тусгах зүйл болон гэрээний хэлбэрийн шаардлагыг зааж өгсөн ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Уг хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Барьцааны гэрээ байгуулах үед шаардлага гаргах боломж, эрх зүйн үндэслэл бүрдсэн байсан, уг барьцаа эд хөрөнгөтэй холбоотой Г.Чинтуяагийн эрх, шаардлага, зөвшөөрлийн талаар тусгаагүй, ийнхүү тусгаагүй явдал нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.1 дэх заалтын "хууль зөрчсөн", 56.1.8 дах заалтын "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэх үндэслэлээр барьцааны гэрээний нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байна. Мөн “Мфикскапитал” ХХК нь барьцааны гэрээний буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үр дагавар үүсгэхийг үнэн санаанаасаа хүсээгүй, орон сууцны өмчлөгч байх ёстой этгээд хожим мэдэж, шаардлага гаргана гэдгийг мэдэж байсан ч үүргийг хэсэгчлэн гүйцэтгэсний дараа барьцаа хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлүүлнэ гэж тооцож барьцааны гэрээг хийсэн байх тул Иргэний хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээр дурдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ .

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа нь хариуцагч “Мфикскапитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-нд холбогдуулан “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот 312 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, “Капитрон банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ"-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 3 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Мфикскапитал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Капитрон банк эс зөвшөөрөн маргажээ. 

 

1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа нь хариуцагч “Мфикскапитал” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа амины орон сууцны барилгын Б-1-2 блокийн 312 м.кв талбайтай байрыг захиалан бариулахаар тохиролцсон байна. / хэргийн 5 дугаар тал/

 

Зохигчид орон сууцны талбайн хэмжээ бодит гүйцэтгэлээр гэрээнд зааснаас нэмэгдсэн, нэхэмжлэгч Г.Чинтуяа орон сууцны үнэд 231 491 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд уг нөхцөл байдал нь талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар давхар нотлогджээ. / хэргийн 8 дугаар тал/

  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч буюу ажил гүйцэтгэгч “Мфикскапитал” ХХК гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн буюу гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч буюу захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

 

Гэтэл ажил гүйцэтгэгч “Мфикскапитал” ХХК нь захиалагч Г.Чинтуяагийн захиалгаар барьж гүйцэтгэсэн “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот байрыг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогджээ.  

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан тул нэхэмжлэгч Н.Чинтуяа нь 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн болох “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот 378 м.кв талбайтай орон сууцыг өөрийн өмчлөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэхийг хариуцагч “Мфикскапитал” ХХК-аас шаардах эрхтэй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.Чинтуяаг маргааны зүйл болж байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь зөв болжээ.   

 

2. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, үр дагаврыг арилгуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа дээр дурдсан өмчлөх эрхийг шилжүүлэн авах шаардлагаас гадна маргааны зүйл болж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч Капитрон банкны барьцаанд тавьсан нь үйл баримтад үндэслэн хариуцагч нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, барьцаанаас чөлөөлүүлэх замаар үр дагаврыг арилгуулахаар шаарджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “Мфикскапитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот 378 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

                                                                      /хэргийн 53 дугаар тал/

 

“Капитрон банк” ХХК болон “Параскай” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Мфикскапитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаанд “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот орон сууцыг зээлийн барьцааны гэрээ байгуулан барьцаалжээ. /хэргийн 54-59 дүгээр тал/

 

 “Капитрон банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ" нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь нэхэмжлэгч Г.Чинтуяагийн өмчлөлд шилжээгүй байсан байх тул хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч Капитрон банк барьцааны зүйл болох уг орон сууцыг өөр этгээдийн өмчлөлийн зүйл байх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар бөгөөд “Мфикскапитал” ХХК нь тухайн үед өөрийн өмчлөлд байгаа “Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот байрыг бусдад барьцаалуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Г.Чинтуяа нь “Мфикскапитал” ХХК нь Капитрон банктай 2010 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулах үед тухайн байрны өмчлөгч болоогүй байсан байх тул хариуцагч Капитрон банк болон “Параскай” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Мфикскапитал” ХХК-ийн Хөх тэнгэр" хотхоны барилгаас 48А байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан "Зээлийн барьцааны гэрээ”-г   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Н.Чинтуяад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх үүсээгүй байна. 

 

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч Г.Чинтуяаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 3 тоот байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

 

Харин шүүх хуулийн зарим зүйл заалтыг оновчтой баримтлаагүй байгааг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                        

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2016/00635 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 56.11…”гэснийг “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4…” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Чинтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Г.Чинтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

 

                                         ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД                                

 

                                                                                    Ц.ИЧИНХОРЛОО