Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 234

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байр 6 тоот хаягт бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 7 дугаар байрны 6 тоотод түр оршин суух, Олхонууд овогтой Хомбоогийн Болдмаа /РД:ШБ66111302/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байр 6 тоотод оршин суух, Их боржигон овогтой Сэмжидийн Дэмбэрэл /РД:ШЗ64011576/

            Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байр 6 тоотод оршин суух, Их боржигон овогтой Дэмбэрэлийн Энхбаяр /РД:УК91051210/ нарт холбогдох,

            Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Дэмбэрэлийн тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээд Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Болдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Болдмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дэмбэрэл бид хоёр 1992 оноос нэг гэрт орж, амьдрах хугацаанд Дэмбэрэл нь хүү бид хоёрыг зоддог байсан тул 2006 оноос салаад би аав ээж дээрээ очсон байгаа. Тэр үед хүү маань насанд хүрээгүй байсан хэдий ч Дэмбэрэлээс ямар нэгэн дэмжлэг туслалцаа авч байгаагүй. Дэмбэрэл бид хоёрын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 21 дүгээр байрны 06 тоот хаягтай орон сууцыг улсаас хувьчилж өгсөн тул өөрт болон хүүдээ ноогдох хэсгийг гаргуулж авмаар байна. Би одоо хамтран амьдрагчтай байгаа. Энэ гэрлэлтийн асуудал шүүх дээр 3 жил болж байна. Би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан боловч Дэмбэрэлийн зүгээс шүүх хуралдааныг хийлгэхгүй байсаар байгааг би ойлгохгүй байна. Дэмбэрэл нь тэжээн тэтгүүлэх хүнд өвчтэй байсан бол нийгмийн халамжийн төвд бүртгэлтэй байх ёстой байгаа. Би Дэмбэрэлд зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан тул зүүн чих сонсголгүй болсон. Иймд гадаад руу эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүрэн татгалзаж байгаа гэв.

            Хариуцагч С.Дэмбэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би эхнэртэйгээ 1986 оны өвөл танилцаж, улмаар гэр бүл болсон. Эхнэр маань 2006 оноос тусдаа амьдархаасаа өмнө сэтгэл санаа нь тогтворгүй болсон юм. Үүнийг нь би хэдийгээр хэсэг хугацаанд тэвчсэн боловч тэр байдлаараа үргэлжилж болохгүй байсан тул дураараа өөрийнхөөрөө нэг хэсэг яваад үзэг гэж бодоод чи яв гэснээр үүнийг хүлээж байсан мэт надтай юу ч яриагүй явсан. Миний хувьд энэ 6 жилийн хугацаанд нэг өдөр л эмэгтэй хүний сэтгэл ухаарлаар эргээд ирэх байх гэж өдийг хүртэл хүлээсэн. Эхнэр маань надаас хүүг маань тусгаарлан авч явсаар хүүхдийн өсч торних орчин, сэтгэл санааны байдал, сурч боловсрох ирээдүйг дордуулан хүүхдийн эрхийг зөрчсөн. Түүгээр ч барахгүй хүүг маань надаас хөндийрүүлэн уулзуулахгүй байхыг хүсэмжлэн надад хүнд байдал тохиолдоод байхад ч гадаадад байгаа гэх мэтээр худлаа ярьж байлаа. Энэ байдлыг нь ч би ойлгоод хүүхдийн сэтгэл санааг наана цаана болгоод яахав гэж бодоод хүүхэдтэйгээ ч уулзаагүй, утсаар ч ярихгүй тэвчдэг болсон юм. Үүгээрээ Х.Болдмаа нь надаас салаагүй байж, эцэг байх эрхийг хязгаарлаагүй байхад миний эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2,129.1.3 дахь хэсгийг зөрчиж, намайг олон жилийн хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд оруулсан юм. Үүнээс болж эрүүл мэнд ч их муудсан. Эхнэр маань нэхэмжлэл гаргахаас өмнө миний гарын үсэг, зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр миний нэр дээр байсан хувьцааг шилжүүлэн авсан ба өөрийнх нь эд хөрөнгийн байдал тодорхойгүй байна. Х.Болдмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь  эхнэр өөрөө надаас тусдаа амьдрах нөхцөл байдал, шалтгааныг бий болгосон, уг байр нь миний аав, ээжийн байр бөгөөд бидэнд гэр бүр болоход тусгайлан зориулж өгөөгүй, шударга ёсны үүднээс авч үзэхэд Х.Болдмаа нэхэмжлэх эрхгүй, ямар ч оролцоо байхгүй юм. Авна гээд байгаа байрыг “ энэ траншейнд чинь амьдрахгүй” гэж хэлснийг бодохоор өгч чадахгүй байна. Эхнэр бид хоёрын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан салах ноцтой шалтгаан үүсээд байгаа зүйлгүй ба эхнэрийн тухайн үеийн сэтгэл санааны байдал өөрчлөгдсөн, тусдаа амьдрах нөхцөл байдал арилсан болов уу. Миний хувьд эхнэртэйгээ хамтдаа амьдрахад зан харьцаа бусад зүйлд өөрийгөө өөрчлөх, залруулахад татгалзах зүйлгүй, тавих шаардлагыг нь боломжоороо хүлээн авахад бэлэн байна. Одоо миний бие сахрын болон түүнээс шалтгаалсан бөөрний мөн даралт ихсэх өвчтэй болсон ба үүнийг ч эхнэр маань мэдэж байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хуралдааныг түдгэлзүүлэн, эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                                      

Нэхэмжлэгч Х.Болдмаа нь хариуцагч С.Дэмбэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Дэмбэрэлийн тэжээн тэтгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгч Х.Болдмаа нь хариуцагч С.Дэмбэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “ Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “ Гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно” гэж заасны дагуу гэрлэлт, дундын өмчийн маргааныг хамтад нь шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж  болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.” гэж заасны дагуу энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч С.Дэмбэрэлд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт /2 хавтас хх116/-аар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.  

Зохигчид 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү Д.Энхбаяр төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хавтас хх4/, Д.Энхбаярын иргэний үнэмлэхний хуулбар /1 хавтас хх5, 2 хавтас 44/, талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг гэрлэгчдийн дундын хөрөнгө тул өөрт болон хүү Д.Энхбаярт оногдох хэсгийг хариуцагчаас гаргуулахыг шаарджээ.

Харин хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...гэрлэлтээ цуцлуулахгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан салах ноцтой шалтгаан байхгүй, уг байр нь миний ээж, аавын байр бөгөөд бидэнд гэр бүл болоход тусгайлан зориулж өгөөгүй, Болдмаа нэхэмжлэх эрхгүй. Би сахарын болон түүнээс шалтгаалах бөөрний мөн даралт ихсэх өвчтэй болсон тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу эвлэрүүлэх хугацаа өгөхийг хүсч байна” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “....хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно. ” гэж заасны дагуу хэрэгт хариуцагчийг хүндээр өвчилсөнийг нотолсон гэх эмнэлэгийн магадлагаа хх1-21, 49, 173-174, 182-183, 198/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх1-22/, зарлагын баримт /хх1-59, 175, 184/, Говь ХК-ний ажилчдын эмчлэх эрхийн карт /хх1-81-111/, Монголын өмгөөлөгчдийн холбооны тодорхойлолт /хх1-114,172, 188/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх1-186/, Хан-Уул дүүргийн тодорхойлолт /хх1-187/, Шүүх шинжилгээний үндэсний төвийг томилсон шүүгчийн Захирамжид хариуцагч гомдол гаргасанаар тус заалт хүчингүй болсон  20 дугаартай Шүүхийн тогтоол /хх1-31-32/ зэргээр хариуцагчийг хүндээр өвчилсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт “Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.” гэж заасны дагуу шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан гэдэг нь 4137 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамж /хх1-16/, 328 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай Шүүгчийн захирамж /хх1-17/ болон гэрлэгчид 2006 оноос хойш хамтын амьдралаар амьдраагүй, тусдаа амьдарсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт “Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.” гэж заасны дагуу хамтран өмчлөх дундын өмчийг хуваах асуудлыг шийдвэрлэв.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “ Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хувиарт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.”, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна.” гэж тус тус заасны дагуу дээрхи Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 тоот, улсын бүртгэлийн Ү-2206003624 дугаартай 28 м.кв 2 өрөө орон сууцыг талуудын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэдэг нь Орон сууцыг хувьчилсан байдал /хх1-6/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх1-4/, Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын тодорхойлолт /хх1-57/, талуудын тайлбараар үндэслэлтэй байх тул Хөрөнгө үнэлгээний төвийн дүгнэлтээр /хх1-37-40/ тодорхойлсон 69.000.000 төгрөгийн үнэлгээтэй дээрхи орон сууцнаас ногдох /69.000.000: 3 х 2/ 46.000.000 төгрөгийг хариуцагч С.Дэмбэрэлээс гаргуулан Х.Болдмаа, Д.Энхбаяр нарт олгох нь зүйтэй байна. 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед үнэлгээний талаар маргаагүй байна.

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

      Хариуцагч С.Дэмбэрэл нь нэхэмжлэгч Х.Болдмаад холбогдуулан тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн эмнэлэгийн магадлагаа / хх1-21, 49, 173-174, 182-183, 198/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх1-22/, зарлагын баримт /хх1-59, 175, 184/, Говь ХК-ийн ажилчдын эмчлэх эрхийн карт /хх1-81-111/, Монголын өмгөөлөгчдийн холбооны тодорхойлолт /хх1-114,172, 188/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн тодорхойлолт /хх1-186/, Хан-Уул дүүргийн тодорхойлолт /хх1-187/, Шүүх шинжилгээний үндэсний төвийг томилсон шүүгчийн Захирамжид хариуцагч гомдол гаргасанаар тус заалт хүчингүй болсон  20 дугаартай Шүүхийн тогтоол /хх1-31-32/ болон тайлбараар нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 2603002523 дугаартай дансанд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дэмбэрэлээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Болдмаад олгов.

Харин хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна. /хх1-67/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

        1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогтой Хомбоогийн Болдмаа /РД:ШБ66111302/, Их боржигон овогтой Сэмжидийн Дэмбэрэл /РД:ШЗ64011576/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 6 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг болох 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийг хариуцагч С.Дэмбэрэлээс гаргуулж, нэхэмжлэгч Х.Болдмаа, гуравдагч этгээд Д.Энхбаяр нарт олгосугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй гэдгийг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ