Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 49

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогчийн өмгөөөгч Ж.Туяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,

Шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006850001 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Буян захад ноён бууз хэрчсэн гурилын цехэд ажилтай, ам бүл-8, нөхөр 6 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.З /РД: ТБ87032105/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.З нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Найрамдлын гудамжинд 73-66 ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Л “...Би тухайн осол болох үед ач хүү А машины зүүн урд талын суудалд сууж явсан. Итгэлт хүнсний дэлгүүрийн урд талын автомашины зам дээр буугаад зам гарах гээд явж байхад тухайн автомашин ирж мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч Г.А “...эмээ Л нь зөв талын буюу урд талын хаалгаар буусан. Тухайн үед миний бие арын толиндоо харахад ямар ч тээврийн хэрэгсэл байгаагүй тул та машин алга, та ингээд буучих гээд эмээдээ хэлээд буулгаад 1 метр гаран хөдлөөд явтал араас машины сигнал дуугарсан. Тэр үед ард сууж явсан эгч арагшаагаа цонхоор хараад яанаа ээжийг чинь машин мөргөчихлөө гэж хэлэхээр нь буугаад хартал цагаан өнгийн приус 20 маркийн эмэгтэй жолоочтой машин зүүн тал руу урсгал сөрөөд зогсчихсон байсан. Эмээ маань газарт ёо ёо гээд хэвтэж байсан. Тэгээд би эгч А рүү залгаад эмээ машинд дайруулчихлаа гэж хэлэхэд эгч маань гарч ирээд түргэн дуудаад удалгүй ирээд аваад явсан. Гаднаас нь ил харахад ямар нэгэн шарх сорви байхгүй, духан дээрээ жаахан товойчихсон зүүн талын гараараа нуруу хэсэг газраа дараад ёолоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 685 дугаар “...Б.Л биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн битүү хугарал, дух, чамархай, шанаа, баруун, зүүн бугалга, шуу тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машинд мөргүүлэх үед хүчтэй цохигдох, унах үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

 

2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “...Жолооч Н.З нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлэг 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12-р бүлгийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/,

 

2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-70/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 27-28/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай, 1, 3, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан удаа дараагийн дүгнэлтүүд өмнөх дүгнэлтүүдээ бататгасан, тухайн үед хурд хэтрүүлээгүй учраас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцжээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийг хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч зорчин явсан тээврийн хэрэгслээсээ бууж зам хөндлөн гарах үед шүүгдэгч тээврийн хэрэгслийн толь хэсгээр хохирогчийг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл байдал үзэгдэх орчин, бусад байдалд өөрийн дотоод ухамсраар дүгнэлт хийж тогтоосон хязгаарын дотор бусдын болон өөрийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй хэмжээнд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан явах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл суурингийн дотор 60 км цаг хурдтай явна гэж заасан нь байж болох дээд хурдыг тогтоосон заалт ба жолооч нөхцөл байдалд тохируулан 0-60 км хурдтай явах үүрэгтэй.

 

Шинжээч нар дүгнэлтдээ шүүгдэгчийг 60 км цагаас дээш хурдтай явсан гэж дүгнээгүй байх ба харин тухайн нөхцөл байдалд тохирсон хурдтай яваагүй, осол гэмтэл тохиолдох нөхцөл үүссэн үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна гэж дүгнэжээ.

 

Хэдийгээр хохирогч гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан буруутай байх боловч шүүгдэгч хохирогчийг мөргөхгүй хэмжээнд хурдыг тохируулж, зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас хохирогчийг мөргөн унагаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Н.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Л нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой 572,846 төгрөгийн баримт ирүүлснийг шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Н.Золжаргал нь нөхөн төлсөн байх тул шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Түнхний хиймэл үе хийлгэх хагалгаа хийлгэхэд шаардагдах төлбөр, асаргаа сувилгаатай холбогдох зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн, хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд материаллаг хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь 3-11 насны 6 хүүхэдтэй байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч орлого олох боломжтой, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг рентген зургийг зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД