Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 62

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт Н.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006820591 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагааны .................. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнө тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг болох 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 ны 12 дугаар сарын 02-ны өдрийн 216 дугаартай шйитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Л овогт Н.С,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.С  нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвиндалай зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Ж.М, Д.Д нартай архидан согтуурч улмаар Ж.М-ын Самсунг Жи-3 маркийн гар утас, иргэн Д.Д-ын Эл Жи К-7 маркийн гар утсыг утсаар ярьчхаад өгье, цэнэглүүлээд буцаагаад аваад ирье гэж хэлэн авч, нийт 430,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ж.М-ын “...тэр эрэгтэй Даваажав бид хоёрт нэрээ Цэдэндамбаа гэж танилцуулан Арвиндалай буудалд өрөө авчихсан байгаа, гурвуулаа манай өрөөнд орж жаахан юм ярьж сууя гэж хэлэхээр нь Даваажав бид хоёр дагаад явсан. Тэгээд бид  гурав 202 тоот өрөөнд нэг шил архи хувааж уугаад сууж байтал тэр эрэгтэй надад ах нь эхнэртэйгээ жаахан таарамж муутай байгаа юм, утсаа өгч байгаа ч эхнэрээсээ уучлалт гуйх гэсэн юм гэж хэлээд миний Самсунг Жи-3 маркийн гар утсыг аваад гарсан. Тэгээд удалгүй орж ирээд ах нь буудлын ажилтанд бууз жигнэж бай гээд хэлчихлээ гэж хэлсээр орж ирсэн. Тэгээд миний утсаар хэнтэй ч юм бүү мэд ярьж байснаа ах нь үүдэнд жигнэсэн бууз аваад ирье гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд Д бид хоёр 10 минут орчим хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гараад үүдний ажилтнаас асуухад саяны хөгшин ах дансанд мөнгө орчихлоо, АТМ ороод мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Гэж хэлсэн. Тэр эрэгтэй тэгж хэлэн гарч явахдаа манай найз Д-ын Эл Жи К-7 загварын гар утсыг миний эзэшлийн утас байгаа юм, өгчих гэж хэлээд аваад явсан байсан” /хх-ийн 09-10/, “...хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,

 

Хохирогч Д.Д-ын “...буурал толгойтой хөгшин надтай таараад үсчин хаана байдаг вэ гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хөгшинд үсчин зааж өгөхөд тэрээр та хоёрт маш их баярлалаа би энэ Арвиндалай буудалд байрлаж байгаа юм. Та хоёртой танилцаж болно биздээ, манай өрөө рүү орж архи ууя гэж хэлсэн. Тэгээд найз М бид хоёр тэр залуугийн байрлаж байгаа өрөө рүү орж 1 шил архи хувааж уусан. Өдөр 12:00 цагийн орчим тэр залуу миний гар утсыг гуйгаад эхнэртэйгээ яриад өгье гэж хэлээд авсан. Миний утсаар ярих гэтэл миний гар утас унтарсан. Тэр үед тэр залуу утсыг чинь буудлын ресепшин эмэгтэй дээр цэнэглүүлье гээд аваад гарсан. Удалгүй орж ирээд утсыг чинь цэнэглүүлэхээр өгчихлөө гэж хэлээд М гар утсыг гуйж аваад гадаа гараад утсаар ярьчхаад ороод ирье гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. М бид хоёр тэр залууг хүлээж өрөөндөө нийлээд суусан. Тэгээд М бид хоёр тэр залуугийн араас гартал тэр залуу байхгүй байсан ба би буудлын ажилтнаас манай өрөөнөөс гарч явсан залуу хаана байна гэж асуухад тэрээр хэлэхдээ “надад цэнэглүүлж байсан гар утсаа аваад саяхан гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд би алдсан гар утсаа олж авахаар цагдаад хандсан. Миний гар утас Эл Жи К-7 загварын хар, хөх өнгийн утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/, “...хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 100/,

 

Гэрч Б.М “...55 орчим насны эрэгтэй над дээр ирээд миний утсыг  цэнэглээд өгөх боломж байна уу гэхээр нь цэнэглэж өгсөн. Тэгээд тэр залуу өрөө рүүгээ ороод удалгүй гартаа саарал өнгийн утас барьчихсан гарч ирээд үүдэнд утсаар яриад зогсоод байсан. Тэгээд өрөө рүүгээ дахин ороод удалгүй гарч ирээд Хаан банк хаана байдаг вэ, миний цэнэглэж байгаа утсыг өг гэж хэлээд утсаа аваад гараад явсан. Тэгээд удалгүй 202 тоот өрөөнөөс халамцуу хоёр  залуу гарч ирээд сая манай өрөөнд бид хоёртой цуг байсан залуу хаашаа явсан бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэр ах банк орж мөнгө авна гээд гараад явсан гэж хэлсэн чинь өө тэр залуу бид хоёрын утсыг аваад явсан байна гээд  араас нь гараад явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч Ж.С “...Би тэр залууд 10,000 төгрөг халааснаасаа гаргаж өгөөд тэр гар утсыг авсан. Тэр залуу надаас мөнгө аваад цаашаа явсан. Би тэр залуугаас авсан гар утсыг зээ охин Аминад бэлэглэсэн. Одоо А охин маань Казахстан улсад сурч амьдарч байгаа. Би тэр утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гар утас гэж мэдэлгүй авсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “...Самсунг Жи-3 маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 180,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “...Эл Жи К-7 маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 250,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Н.С-ын үйлдэл нь бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 430,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд Н.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ж.М, Д.Д нар нь хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өндөр настай эхийн хамт амьдардаг, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэх амлалт, хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан нийгмээс  тусгаарлахгүйгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт 31 хоног цагдан хоригдсон байх ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцоход энэ тогтоолоор оногдуулсан 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн байна.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Л овогт Н.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Л овогт Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 /хоёр зуун дөчин найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.С-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 248 цагаар тооцон эдлэх ялаас хасч, оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД