| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0044/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 72
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008070003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехник-гагнуурчин мэргэжилтэй, “Таван-Од” ХХК-д жолооч ажилтай, Дархан сумын 5 дугаар баг, ........... тоотод оршин суух,
Урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.С,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Сүхбат нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 13 дугаар байрны 1 дүгээр орцны 3 давхарт Б.Б-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Б “...гэртээ орох гээд орц руугаа ороод шатаар өгсөж явахад 3 давхарт нэг согтуу залуу утсаар хүнтэй яриад зогсож байсан. Би хажуугаар нь гарах гээд зөрчих үү гэхэд утсаар яриад намайг тоохгүй байхаар нь би холдооч ээ гээд хажуугаар нь зөрөөд гарсан чинь нөгөө залуу яасан гэнээ гээд араас дуудахаар нь харин яасан гэнээ гээд эргээд харсан чинь шууд намайг нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би түүний хоёр гарын шуунаас бариад авсан чинь зөрүүлээд намайг заамдаад боогоод буланд шахсан. Би боолгуулаад манараад унахад миний толгой руу өшиглөөд байсан. Ингэж өшиглүүлээд хэсэг ухаан балартаж ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэргэхэд манай аав Б ирчихсэн 3 давхрын 11 тоотод амьдардаг Шамбий гэдэг хочтой А гэдэг хүүхэн ирчихсэн байсан. ...Миний духны баруун дээд хэсэг хагарч 6 ширхэг оёдол тавиулсан. Мөн зүүн талын шанаа хавдаж хоёр чих хавдчихсан байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11/, эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б-ын “...хүү минь гарч яваад нэг их удаагүй 10 минутын дараа орцонд хүмүүс орилолдоод байгаа чимээ шуугиан сонсогдохоор нь би ганцаараа гэрээсээ гарч гурван давхар руу буухад гурван давхар гэрэлгүй байсан ба зүүн буланд хоёр хүн нэг нэгнийгээ заамдчихсан байдалтай зогсож байхаар нь хөөе юу болж байна гэхэд С.С гэх залуу над руу хүрээд ирсэн. Тэгсэн цаанаас нь манай хүү дух хэсэг нь ялз цохигдсон, баруун талын хацар нүд нь хавдчихсан байдалтай хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр С гэх өндөр залууд яагаад хүүхдийг минь зодчихов, яаж байгаа юм бэ гэхэд танай хүү чинь эхлээд намайг доор шатан дээр сууж байхад өшиглөсөн ш дээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Н.Э-ийн “...би тэр 3 давхарт болсон үйл явдлыг сонссоноос биш нүдээрээ хараагүй. Ямар ч байсан хоёр хүн нэг нэгийгээ харааж зүхээд зууралдаж ноцолдоод зодоон хийгээд байгаа бололтой сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Ш.Б-ийн “...би цагдаа руу өөрийнхөө утсаараа 13 дугаар байрны 01 дүгээр орцны 3 давхрын хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Т.Т-ын “...Б гэх залуутай уулзахад намайг 3 давхрын зүс таних залуу хажуугаар нь зөрөх үед надтай маргалдаад зодчихсон гэж хэлсэн. ...Б гэдэг залуугийн зүүн хөмсөгний дээр нь шалбарч зулгарсан байдалтай байсан. Дээд билүү доод уруул нь хавдчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Э.А “...С.С надтай дүрсээ хараад ярьж байхад нэг хүн зам тавьж өгөөч пизда минь гэж ярьж байгаа нь сонсогдсон. Тэгсэн С чамд зам тавьж өглөө, чи энэ байрны босс юм уу, атаман юм уу гэсэн зүйл ярьсан. Тэгсэн нөгөө залуу хоёулаа үзчих үү гээд байгаа нь сонсогдож байсан. ...хүнтэй маргалдаад эхлэнгүүтээ утсаа халаасандаа хийчихсэн бололтой дүрс нь харагдахгүй, ярьж байгаа зүйл нь сонсогдоод байсан. ...Б гэдэг залуутай С заамдалцчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд хэлэхэд дээрээс Б аав, ээж нь гарч ирж таарсан. ...Б баруун шанаа орчим нь цус болчихсон л харагдсанаас биш өөр гэмтэл надад харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 964 дугаартай “...Б.Б биед духны баруун хэсгийн шарх, зүүн чихний дэлбэнгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
С.С нь “хохирогч гаднаас орж ирэхдээ нүүр ам нь нил цус болчихсон орж ирсэн, заамдсан болохоос зодоогүй, түүний биед учирсан гэмтлийг учруулаагүй” гэж байх боловч хохирогчийн аав, гэрч Д.Б “...хүү минь гарч яваад нэг их удаагүй 10 минутын дараа орцонд хүмүүс орилолдоод байгаа чимээ шуугиан сонсогдохоор нь гарсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Э “...би тэр 3 давхарт болсон үйл явдлыг сонссоноос биш нүдээрээ хараагүй. Ямар ч байсан хоёр хүн нэг нэгийгээ харааж зүхээд зууралдаж ноцолдоод зодоон хийгээд байгаа бололтой сонсогдсон” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б “...би цагдаа руу өөрийнхөө утсаараа 13 дугаар байрны 01 дүгээр орцны 3 давхрын хүмүүс зодолдоод байна гэж дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Иймд С.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэх боловч энэ талаар баримтаа ирүүлээгүй байх тул жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг зэргийг харгалзан 540 нэгжээр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 540 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С.С-д 540 /таван зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож 90 нэгжээр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан 540 нэгжээр торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД