Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 83

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч А.С,

Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н овогт У.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000120035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, ............ тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт У.А,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.А нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, ............ тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр А.С-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч А.С-ийн  “...би хаагуур явсан гэдгээ нөхөртөө хэлсэн боловч итгэхгүй уурлаад байхаар нь маргалдсан. Тэгэхээр нь аавындаа очоод хоночихьё гэж бодоод гэрээсээ гарч явах гэтэл  хойноос нөхөр гарч ирээд хувцаснаас чирж оруулаад миний гарнаас татаад гар дээрээ өргөөд ор руу шууд шидчихсэн юм. Унахдаа нүүрнийхээ баруун хөмсөгний дээд хэсгээр орны толгой мөргөөд унасан. Босоод иртэл нүүр рүү 2-3 удаа алгадаад унагаасан. ...ер нь манай нөхөр архи уухаараа ааш араншин ихтэй түргэн ууртай, гар хүрч байсан. Гэхдээ би ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээд цагдаад болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Н “...би А-ын гэрт унтаж байсан чинь эхнэр нь үүрээр 5 цагийн үед согтуу орж ирсэн, ...2-3 удаа эхнэрийнхээ нүүр хэсэг рүү алгадсан чинь эхнэр нь уйлаад орилоод тэр хоёр муудалцаад хэрүүл хийгээд байсан. Тэгснээ С зүрх өвдөөд байна гээд А долоогоны ханд өгөөд хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Л.С-ын “...С-ийн 2 нүд хавдаад тагларчихсан хөхөрсөн зүүн талын шанаа нь улайчихсан нилээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаартай “...А.С-ийн биед тархи догилт, нүүр, зүүн далан дахь цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. А.С-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 оноо буюу бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

У.А, хохирогч А.Сг нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/, Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч У.А хохирогчийг ор руу шидэж, нүүр рүү нь алгадах зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч У.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.С нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тогтмол орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт У.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н овогт У.А-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД