Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 842

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 1998 онд “З*******” ХХК-иас элс, хайрга, дайрга үйлдвэрлэх цехийн тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны/хуучнаар/ даргын 2000 оны 5 сарын 15-ны өдрийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд 73 га талбай бүхий хайрганы уурхайн эдэлбэрт 2299А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хайрга авсан газартаа нөхөн сэргээлтийг хийх гэрээг Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулж, 200 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний нөхөн сэргээлт хийсэн газраа акт үйлдэн хүлээлгэж өгч холбогдох бичиг баримтыг бүртгүүлэн Ашигт малтмалын газарт хандан хүсэлт гаргасныг шийдвэрлэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны а/46 дугаар тушаалаар уг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээх болсон тухай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 6/4659 дүгээр албан мэдэгдлийг ирүүлсний дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэхээр бэлтгэж байх үед буюу эрх сэргээсэн тушаалын хуулбарыг хүссэн албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өгсөн.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7/3671 дүгээр албан бичгээр манай компанийн 2299А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон тухай хариу мэдэгдсэн.

Энэхүү хариу албан бичигт дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан ба ямар шалтгаанаас болж манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба бид тус байгууллагын шийдвэрийн дагуу үүргээ хүлээж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон байхад ямар ч хууль зөрчөөгүй зохих журмын дагуу сэргээгдсэн манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрээ хүчингүй болгож байгаа үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг ба энэ хуульд захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд заавал тус иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэж сонсгох ажиллагааг явуулах уг ажиллагааг явуулаагүй тохиолдолд тус шийдвэр нь хууль бус шийдвэр болох тухай зохицуулсан байхад төрийн захиргааны байгууллага яагаад хуулийг биелүүлж ажиллахгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Сонсголон нэртэй 73 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 2299А тусгай зөвшөөрлийг анх “Б” ХХК-д олгосон байна. 

“Б” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн Сонсголон нэртэй 73 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 2299А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/1017 дугаар албан бичгээр ирүүлсэн “Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр цуцалсан.

Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хяналт-шинжилгээ хийсэн дүгнэлтийн дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг тооцон шийдвэрлэх тухай А/46 дугаар тушаалаар “Б” ХХК- ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 28 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн , бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдаж тус газар дээр ажилласан.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг тооцон шийдвэрлэх тухай шийдвэрээр Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх үндэслэлтэй тухай дүгнэлтийн дагуу “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн тушаалыг хууль зөрчсөн зөрчил болохыг хяналт шалгалтын ажлын тайланд дурдсан байна.

Дээрх ажлын тайланд дурдсан асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тушаал гарч зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгож чиглэл өгсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” мөн “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана", 7 дугаар зүйлийн 7.1-д “Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ...7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлж, биелэлтийг хангаж дараах шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалаар гаргахдаа Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Иймд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Сонсголон нэртэй 73 га талбайд ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 262 дугаар шийдвэрээр цуцалжээ. Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрт гомдол гаргаж байгаагүй байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийсэн тайлан” гаргасан ба “Б” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтэс дүгнэлт үйлдэх эрх бүхий нэгж мөн эсэх, энэ чиг үүрэг Эрх зүй, хуулийн хэлтэст хамааралтай тул уг асуудлыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгуулах шаардлагатай талаар тус тайлангийн 8.3-ын 4-д дурджээ.

Дээрх тайланд үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 дүгээр тушаал  гаргаж тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т зааснаар эрхэлсэн асуудлын хүрээн дэх агентлагийн үйл ажиллагааг нэгтгэн удирдах Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд нийцсэн бөгөөд уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.  

Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буй агентлагийн дарга буюу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгасан 2016 оны а/46 дугаар тушаалаа 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалаар хүчингүй болгосон нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;” гэж тус тус заасантай нийцжээ. 

Дээрх 2016 оны а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй бөгөөд харин урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хэрэглэх шаардлагагүй юм. 

Харин хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг явуулах учиртай байжээ.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцалсан “Баярскоснтракшн” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалаар сэргээсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэсэн хуулийн заалтад нийцээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул сонсох ажиллагаа явуулаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэгэнт цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сэргээх ойлголт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг хууль зөрчин сэргээсэн тушаалаа хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН