| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2020/0037/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/51 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/51
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг ,
Прокурор Б.Батсүх,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б,
Шүүгдэгч Б.Б.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1918007610573 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.А
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.А-нь 2019 оны 10 дугаар сарын 29- ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Оргил” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах төв асфальтан зам дээр ***** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”/ гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч З.З.Б-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шилбэ, шаант ясны битүү хугарал, баруун чихэнд шарх, өвдөгний үений холбоосын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.А-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 11-12 цагийн хооронд эгчийгээ Улаанбаатар хотоос тосохоор автовозал руу явахдаа нэгдүгээр эгнээд явж байгаад хажууд явж байсан пронтерийг гүйцэт түрүүлсэн. Тэр үед эхнэр маань хажуугаар чинь хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь жолооны хүрдээ зүүн тийш эргүүлсэн. Энэ үед хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан. Гэмшиж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:” Б.Г.А-гийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Б.Г.А-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй”
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.А-нь 2019 оны 10 дугаар сарын 29- ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Оргил” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах төв асфальтан зам дээр ***** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”/ гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч З.З.Б-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шилбэ, шаант ясны битүү хугарал, баруун чихэнд шарх, өвдөгний үений холбоосын гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г.А-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918007610573 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч З.З.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр...00 цаг өнгөрч байхад би тэднээс салаад гэртээ харихаар таксинд суугаад таксинаас Оргил худалдааны төвийн орчим байх замын гарцтай хэсгийн орчим буугаад тухайн гарцаар замын шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлд явах урсгалыг өнгөрөөд хуучин Дарханаас шинэ Дархан чиглэлд явах урсгалыг зам хөндлөн гарах гэхэд замын 1 дүгээр эгнээнд явж байсан портер машин намайг зам гарах гэж байхад хурдаа сааруулж надад зам тавьж өгсөн. Ингээд би замын голд ирэхэд нөгөө зогсож зам тавьж өгсөн портер машины араас 1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээнд шилжин орж ирсэн одоо таньдаг болсон жолооч Б.А-нь унаж явсан цангийн өнгийн суудлын машинаараа намайг мөргөж миний баруун хөлийг гэмтээсэн нь үнэн. Жолооч Б.А-нь портер машины араас явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийж 2 дугаар эгнээ рүү шилжин орж ирээд намайг мөргөх үедээ намайг зам хөндлөн гарч явааг анзаараагүй мөргөсөн байх гэж бодож байна... Тиймдээ ч би зам хөндлөн гарахдаа замын гарц гэсэн зураастай хэсгээр мөн замын голд татсан олсны зөвшөөрөгдсөн хэсгээр зам гарсан”” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч О.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2019 оны 10 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд хадам эгч Дарханбаярыг нөхөртэй нь тосох гээд манай нөхөр Г.А-гийн хамт ***** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота королла маркын машинтай гэрээсээ гараад замдаа Магнолиа дээр зогсож Б.А-нэг тамхи авчихаад хөдлөөд явж байснаа нэг портер гүйцэж түрүүлсэн чинь урд хүн харагдахаар хүн гээд орилсон. Б.А-машиныхаа рүллийг дараад нөгөө хүн машины баруун талаар мөргүүлээд газар унахаар бид буугаад эмнэлэг рүү дагуулаад явсан... Тухайн хохирогч осолд орохдоо Оргил худалдааны төвийн тэндэх замын голоор татсан олсны онгорхой хэсэг болох гарцаар зам хөндлөн гарч яваад манай нөхрийн жолоодож явсан машинд мөргүүлж осол гаргасан болно.” гэх мэдүүлэг /хх 44-46/,
Гэрч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Одоогоос 2-3 хоногийн өмнө шиг санаж байна осол гаргасан оройноо Б.Б.А-над руу утсаар яриад ахаа таны машиныг би жодоодож яваад хүн мөргөөд гэмтээчихлээ гэж ярихад нь мэдсэн... Ослын улмаас тээврийн хэрэгсэлд маань айхтар учирсан гэмтэл хохирол байхгүй учраас тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор Г.А-гаас нэхэмжпэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно” гэх мэдүүлэг /хх 50-51/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын сарын 04-ний өдрийн 925 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1. 2.З.З.Б-гийн биед баруун шилбэ, шаант ясны битүү хугарал, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй мөргөгдөх, цохигдох үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 69-70/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын сарын 02-ний өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.З.З.Б-гийн биед 11-р сарын 04-ний өдрийн 925 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүй өвдөгний үений холбоосын гэмтэл тогтоогдлоо.
2.Өвдөгний үений дотор коллатерал холбоос проксималь хэсэгтээ бүрэн урагдалттай. Энэ төвшинд дунд чөмөгний дотор булуу хэсэгт ясны хэмт эдийн хавантай тойгны дотор даруулган холбоос хунирч тахиралдсан суналттай гэсэн нь өвдөгний үений холбоосын гэмтлийг харуулна
3.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4.З.З.Б-гийн биед учирсан битүү шилбэ, шаант ясны битүү хугарал. баруун чихэнд шарх, өвдөгний үений холбоосны гэмтэл нь эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос дээш буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах буюу хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтанд нөлөөлөхгүй учир өмнө тогтоогдсон гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” /хх 75-76/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“....Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага М№ 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна... Техникийн стандартын хэмжээнд техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй байсан байна...Осол үйлдэгдэх үндсэн шалтгаан нь тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалаагүй байна. /хх 56-57/,
Дархан-Уул аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт:
1.Тоёота королла маркийн***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Б.А- нь жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
2.Явган зорчигч З.З.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
3.Дархан-Уул аймгийн Авто тээврийн мэргэшсэн инженер *****гийн 2019 оны 11-р сарын 06-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд жолооч *****овогт Г.А-гийн жолоодож явсан Т/Кролла маркийн***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй гэж дүгнэлт гаргасан байна.
4.Уг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь *****овогтой Б.А-нь тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн учир уг зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн.
5.Иргэн *****овогтой Б.А-нь ЦЕГ-ийн бүртгэл хяналтын төвийн санд 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр жолооч болсон В ангилалтай, 1262594 тоот жолооны үнэмлэх хүчинтэй гэсэн төлөвтэй байна” /хх 87-88/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/,
Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх 12/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14/,
Хохирогч З.З.Б-гийн өвчний түүх /хх 26-35/,
8645 СЭҮ улсын дугаартай Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 52-54/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 90-91/,
Шүүгдэгч Б.Г.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 120/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Б.А-нь 2019 оны 10 дугаар сарын 29- ний өдрөөс 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 16.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”/ гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч З.З.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.А-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч З.З.Б- эм, эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, асрагч хөлсөлсөн гэрээний төлбөр, өмгөөлөгчийн хөлс, шатахууны зардалд нийт 8.203.267 төгрөг нэхэмжилсэн ба эмч нарт өгсөн-500000 төг, Хагалгааны зардлаас Нийгмийн даатгалын сангаас олгосон -1697813 төг, Ор хоногийн төлбөрт даатгалын сангаас олгосон 431766 төг, Е март дэлгүүрээс футболк 10900 төг, Оргил худалдааны төвөөс саван, шампунь, алчуур авсан 10100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс-1000000 төг нийт 3650560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Асаргааны зардал-640000 төгрөгийг И.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, 2020 оны 01 сарын цалингийн зөрүү 492642 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг урьдчилан тооцох боломжгүй, Мөнх лүн толгой эмийн сангаас -2883300 төгрөгийн эм авсан гэх баримт нь хэн гэдэг эмчийн заавраар ямар эм юунд зориулж авсан нь тодорхой бус, Шатахууны зардал 360000төгрөг нь мөн адил ямар машинд хийсэн нь тодорхойгүй байх тул нийт 1775942 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй
Нэхэмжлэлийн шаардлага- өвдөгний үений эгц зураг-35000 төг, Зураг ВС хэсэг-32000 төг, МRI зураг-290000 төг, ор хоног-76194 төг, хагалгааны зардал-578937 төг, Агар шим эмийн сангаас авсан эм тарианы зардал-128000 төг, шим тариа-3900 төг, Сувилал-525000 төг, эм тариа, өвдөлт намдаах тариа-118400 төг, галт тэрэгний зардал-46400 төг, эм тариа-73300 төг, 2019 оны11 сарын цалингийн зөрүү-262683 төг, 2019 оны 12 сарын цалингийн зөрүү-490642 төг, Зочид буудал-100000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан байх тул үнэлж нийт 2.762.456 төгрөгийг иргэний хариуцагч Б.Б.Б-аас гаргуулж З.З.Б-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Б.Б- иргэний нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хариуцагч Б.Б.Б- хохирогч З.З.Б-д 2.320.000 төгрөг, шүүгдэгч Б.Б.А-нь 450.000 төгрөг нийт 2.770.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.А-нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 114/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.
Шүүх шүүгдэгч Б.Г.А-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А-нь торгох биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.З.Б- 82066267 төгрөг нэхэмжилснээс 2762456 төгрөг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3650569 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1793242 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт иргэний хариуцагч Б.Б.Б- 2320000 төгрөг, шүүгдэгч Б.Б.А-450000 төгрөг тус тус төлснийг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ