| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/05395/И |
| Дугаар | 5690 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 5690
| 2016 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2016/05690 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг *тоотод байрлах Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Н* тоотод байрлах “М” ХХК /РД:**********/-д холбогдох
Гэм хорын хохирол 33,040,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э Д.М, иргэдийн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Л.Ц, Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын дэргэдэх гудамж төсөл хэрэгжүүлэх нэгж нь 2013 оны Засгийн газрын тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-ийн захиалгаар Чингэлтэй дүүрэгт баригдаж байсан барилга дээрээс “М” ХХК-ийн ашиглаж байсан дүүжинт өргүүрийн суман төмөр унаж, замаар зорчин явсан автомашины дээрээс унасны улмаас төсөл хэрэгжүүлэх нэгжийн жолоочоор ажиллаж байсан Бгийн амь нар эрсдэн, амь үрэгдсэн. Үүний улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь талийгаачийн ар гэрийхэнд 36 сарын тэтгэмж 32.400.000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Уг шийдвэртэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж 640.000 төгрөг төлсөн. Иймд 33,040,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Ажил олгогч нөхөн төлбөрийг төлөх ёстой гэсний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Иргэний хуулийн 513 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасны дагуу гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулахаар мөнгийг нэхэмжилж байгаа. Өмнө нь төлсөн төлбөр бол талийгаачийн ар гэрт төлөх ёстой төлбөр байсан. Үүнийг өмнөх шүүх шийдсэн байгаа. Одоо гэм буруутай этгээдээс нөхөн төлбөрийг гаргуулах асуудал яригдаж байгаа учраас манай талд хамааралгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр ажил олгогч нь олгох ёстой гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь өөрсдийнх нь олгох ёстой нөхөн төлбөр байгаа юм. Гэвч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал нь энэ төлбөрийг хохирогчийн ар гэрийнхэнд олгоогүй байна. Шүүхийн шийдвэр гарчихсан байхад манайхыг төлөх үүрэгтэй гээд мөнгийг төлөхгүй байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг манай тал төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.
Нэхэмжлэгч тал нь төлсөн төлбөр гэж байгаа боловч төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Татаж авсан хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан байгаа хариуцагч тал тухайн гэм хэрэг болох үед хохирол төлбөрийг төлсөн талаарх баримт байгаа. Нийт 226.342.200 төгрөгийн үнэтэй 2014 оны 12 дугаар сард ашиглалтад орсон 2 ширхэг, 2 өрөө байрыг талийгаачийн ахын нэр дээр өгсөн. 64.000.000 төгрөгний үнэтэй 2 ширхэг гражийг талийгаачийн охин эхнэр, ах дүү нарт нь өгсөн. Оршуулгын зардал 10.000.000 төгрөг, бэлнээр 100.000.000 төгрөгийг тус тус хүлээн авсан баримтууд татаж авсан хэрэгт байгаа. Нийт 396.342.200 төгрөгийг талийгаачийн ар гэрт манай тал тухайн үед төлж барагдуулсан. Бид хохирлоо төлсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгж нь гэм хорын хохиролд 32.400.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 640,500 төгрөг, нийт 33.040.500 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хуулинд зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөрийг ажил олгогч нь олгох ёстой манайх ажил олгогч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
“М” ХХК-ний захиалгаар Чингэлтэй дүүрэгт баригдаж байсан барилгын гүйцэтгэгч “М” ХХК-ний ашиглаж байсан дүүжинт өргүүрийн сум төмөр 2014 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр aвто замаар зорчин явж байсан НЗД-ийн дэргэдэх Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн 31-39 УНР улсын дугаартай автомашины дээр унасны улмаас төсөл хэрэгжүүлэх нэгжийн жолоочоор ажиллаж байсан Б.Бгийн амь насыг хохироожээ.
Хохирогч Б.Бгийн ар гэр, “М” ХХК, “М” ХХК-тай тохиролцон сэтгэл санааны болон бодит хохирол, оршуулгын зардалд нийт 396,342,200 төгрөгийг хүлээн авсан байна./х.х-ийн 71 тал/
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3144 тоот шийдвэрээр Гудамж төсөл хэрэгжүүлэгч нэгжээс “... 36 сарын цалинтай тэнцэх буюу 32,400,000 төгрөг” гаргуулж нэхэмжлэгч Ц.Бд /талийгаач Б.Бгийн эхнэр/ олгохоор шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар хэргийн оролцогч нь “шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх” үүргийг хүлээдэг атал нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн ********* тоот албан бичгээр болон нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар “...гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, туслалцаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хавтас хэрэг авагдсан бичгийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч “М” ХХК-аас 33,040,500 төгрөг гаргуулах Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас 33,040,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Гудамж төсөл хэрэгжүүлэх нэгжийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 323,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
З.БАЯРМАА