Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 53

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н.Г- холбогдох эрүүгийн 1918007850588 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Н.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Н.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06- нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал 2 дугаар баг, “Гурван сэртэн” гэх газарт амьдрах монгол гэртээ өөрийн төрсөн охин болох 3 сартай Г.Г.А-тэй хамт нэг оронд унтаж байхдаа нөмөрч байсан хөнжлөөрөө бүтээж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Н.Н.Г-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө гарсан хэрэгт цагдаагийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгчөөр албан бичгийн дагуу томилогдсон. Шүүгдэгч нь өөрийнхөө охиныг болгоомжгүй амь насыг нь хохироосон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Н.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06- нд шилжих шөнө гэртээ өөрийн төрсөн охин болох 03 сартай Г.Г.А-ийг өвөртлөж унтахдаа нөмөрч байсан хөнжлөөрөө бүтээж хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Н.Г-гийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918007850588 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

            Гэрч З.З.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүү Н.Г-гийнд орж ачаа харж байгаад 19 цагийн орчим гэртээ орж амарсан. Намайг ороход манай ач Г.А- ямар нэгэн зовиургүй, уйлсан зүйд байхгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-нний өглөө манай бэр О- гүйж орж ирээд хүүхэд эндсэн байна гэж хэлэхээр нь урд гэр лүү гүйгээд ороход хүүхдийн бие нь хөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

            Гэрч Н.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн 3 сартай Н.Г-гийн Г.А- гэдэг охин нь манай эмнэлэгт хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 23-ний өдөр үзүүлсэн.Тухайн өдөр би гэрт нь өөрөө очиж үзэж байсан. Тухайн хүүхдэд үзлэг хийхэд бол эрүүл саруул ямар нэгэн өвчингүй хэвийн бойжиж байсан бөгөөд энэ талаар би эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан өнгөтэй дэвтэрт тэмдэглээг хийсэн. ...Мөн Госхот өрхийн эмнэлгийн давхар хяналтанд үзүүлдэг юм байна лээ. Хамгийн сүүлд гэвэл Госхот өрхийн эмнэлгийн эмч О- гэдэг хүн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үзээд явсан гэж нас барсан хүүхдийн эцэг Н.Г- өнөөдөр бид нарыг ирэхэд хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 22/,

 

            Гэрч С.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн эмэгтэй надад охин Г.А-ийгээ ямар нэгэн өвчин зовиургүй, хэвийн байсан, эрүүл бойжиж байгаа гэж мөн батлан хэлж байсан. Тухайн үед би Г.А-ийг өлгийдсөн байж их зузаан хөнжлөөр хучиж гэрт нь ганцааранг нь үлдээсэн байгааг хараад санаа зовсондоо ээж болон эмээ З.Д- нарт нь яагаад ийм жоохон хүүхдийг ганцааранг нь харгалзах хүнгүйгээр үлдээж байгаа юм бэ, өлгийдөөд, давхар дээрээс нь хөнжлөөр хучсан байна. Бага насны хүүхэд өнхөрч орноос унах, дэрэндээ шигдэх, гэнэт хөжилдөө бүтээгдэх гээд олон эрсдэл байна, битгий ингэж хүүхдээ ганцааранг нь орхиж бай гэж хэлэхэд харин тийм ээ гээд ээж эмээ 2 нь инээж байсан ба ойлголоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх 44-46/,

 

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унтахдаа орны гэрийн хана талд нөхөр Н.Г-, дунд нь охин Г.А-, охины нөгөө захад би гэсэн байрлалаар унтсан. Охин маань хөхөө хөхөж байгаад шөнө сэрээд уйлахаар нь би сэрж хөхийг нь хөхүүлээд би орны гол хэсэгт унтаад охиноо орны баруун захад гаргаж унтуулсан. Нөхөр анх унтсан байрандаа унтаж байсан. Ингээд шөнө хэдэн цагт гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, охин дахин сэрээд уйлагнаад байхаар нь ахиж хөхүүлээд уйлагнахаа болиход нь би аавыг сэрээж охиноо аавд тэврүүлээд өөрөө хэвтсэн. Аав нь охиноо хэсэг бүүвэйлж байгаад буцаж охиноо орны голд хэвтүүлээд халууцаад байгаа юм болов уу гэхэд охиныхоо өлгийг тайлж дээгүүр нь цээж хэсгийг нь хөнжлөөр хучсан. Тэгсэн удалгүй охин ахин сэрээд уйлаад байхаар нь би босоод охиноо өлгийдөөд охиндоо хөхөө хөхүүлтэл охин маань хөхөө идэж байгаад унтаад өгөхөөр нь нөхөр бид хоёр охиноо голдоо хэвтүүлээд унтсан. Түүнээс хойш хэн хэн маань ахин сэрээгүй ба өглөө 06 цаг 30 минутын алдад би сэрээд үхрээ саах гэхэд охин сэрээгүй унтаж байгаа бололтой толгой нь зүүн мөр лүүгээ буюу аав руугаа харсан байхаар нь охиноо хуурайлах санаатай өлгийг нь тайлтал охины бие нь хүйтэн болсон, ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь сандраад нөхрөө сэрээж охин ямар ч хөдөлгөөнгүй болсон байна мэдрэлгүй болоод бие нь хөхөрсөн байна, яагаад ийм болсон юм бол гэж хэлтэл нөхөр босоод сандраад мэдэхгүй гээд нөхөр маань гэрээсээ гүйж гарч хадам аавынд орж хэлээд хадам аав ээж хоёр нөхрийн хамтаар гүйж орж ирж үзээд яаж байгаа юм бол, яагаад ингэдэг юм бол, түргэн эмч дууд гэхэд би Орхон сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд эмч ирж охиныг маань үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Өнгөрсөн шөнө би 3 дахиа сэрээд охиноо хөхүүлж дуусаад охиноо унтсаны дара би хөхөө охиныхоо амнаас аваад унтсан. Тэгэхээр охиноо нөхөр бид хоёрын хэн нэгэн нь унтаж байхдаа нойрондоо хөнжлөө нөмрөхдөө охиныхоо дээгүүр нь санамсаргүй хучаад л ийм зүйл болчихсон юм уу гэж л бодож байна.. .” гэх мэдүүлэг /хх 50-51/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай  “...Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй, талийгаач нь хэвийн тээгдэж эрүүл төрсөн нярай болно. ...Талийгаач нь ам хамар дарагдсанаас хурц амьсгал бүтэж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 110-115/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №93/19 дугаартай “...Нүүдэл овоггой Н.Г- нь сэтгэцийн Шизоаффектив эмгэгтэй боловч өвчин нь намжимал байдалтай байгаа тул болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай...өвчин сэдэрсэн тохиолдолд хэрэг хариуцах чадваргүй.” гэм магадлагаа /хх  69/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 6511 дугаартай “...Өлгий дээр илэрсэн цус нь Н.Н.Г-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна “ гэх шинжээчийн дүгнэлт /хх 64/,

 

Шинжээч эмч Д.Өлзийхишигийн “...Н.Н.Г-гийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийхэд Н.Н.Г-н сэтгэцийн дээрх эмгэг намжмал байдалтай байсан учраас дээрх хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Н.Н.Г- нь хэрэг хариуцах чадвартай байсан гэж үзэхээр байна” гэх мэдүүлэг /хх 74/,

 

Шинжээч эмч Э.О- “...Хүүхдийн ам хамрын хэсэг нь эхийн хөх буюу жижиг талбайтай зүйлээр дарагдах үед хамар уруулын хэсэгг дарагдсаны улмаас тод цайсан ором гардаг. Харин Г.Г.А-ийн хувьд цогцосны гадна үзлэг хийхэд биеийн гадна хэсэгт ил харагдах шарх гэмтэлгүй, нүүр болон хамар, уруулын хэсэгт илт харагдах дарагдсан гэх ором байгаагүй ээ. Тиймээс Г.А- нь том талбайтай буюу хөнжил мэт зүйлээр хамар ам дарагдсаны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байх боломжтой юм” гэх мэдүүлэг /хх 119/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

Г.О-ийн төрөлтийн болон нярайн түүх /хх 121-132/,

Шүүгдэгч Н.Н.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 144-149/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Н.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06- нд шилжих шөнө монгол гэртээ өөрийн төрсөн охин болох 3 сартай Г.Г.А-тэй хамт нэг оронд унтаж байхдаа нөмөрч байсан хөнжлөөрөө бүтээж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Г-г болгоомжгүй үйлдлээрээ хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Н.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б.Д- хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Н.Н.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Н.Г- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүүхдийн өлгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Г-г болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Н.Н.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Н.Г- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүүхдийн өлгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Г-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ