Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/55

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1918007660007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ганцаараа оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчим ******* тоотод иргэн А.А.М-ийг плитаны хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Б.Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “10 дугаар сард манай дүү эхнэртэйгээ ирсэн юм. Бид нэг шил архи авч ууж дуусаад, дахин нэг шил архи авч уугаад, согтсон байна лээ. Манай дүү машин авсан гэхээр нь машин авахынхаа оронд гэр авахгүй яасан юм бэ гэснээс болж бид хоёр маргалдаж, зуухны аман дээр байсан хагархай плитагаар дүүгээ цохисон. Сүүлд нь эмнэлэг дээр очиход хоолой ам нь гэмтсэн байсан” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчим ******* тоотод хохирогч А.А.М-тэй “машин авахын оронд гэр авсангүй” гэдгээр маргаж, хүний халдашгүй байх эрх эрх чөлөөнд санаатайгаар халдан плитаны хагархай шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б.Э-ы үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918007660007 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

Хохирогч А.А.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Шарын голоос эхнэр Я-гийн хамт Дарханд ирсэн. Тэгээд Дарханд ирээд толгойтод байдаг Б.Э- ахын очоод бид 2 архи уусан. Яг хэдэн шил архи уусан гэдгээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт ирчихсэн дусал залгуулаад хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 12/,

 

            Гэрч Б.Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2019 оны 10 сарын 29-ний үүрээр унтаж байхад 03 цаг 51 минутанд миний утас руу төрсөн дүү А.М-ийн эхнэр******* залгаад “А.М-гийн биенээс цус гараад байна” гэж хэлэхээр нь би нойрондоо утсаа салгачихаад эргээд******* рүү залгаад яасан бэ гэхэд А.М-гөөс цус гараад байна гээд уйлаад байхаар нь би нөхрөө сэрээгээд гэрт нь очиход манай дүү орон дээрээ хэвтчихсэн хоолой амыг нь боочихсон, тэр нь цус нэвтэрчихсэн байна. Тэгээд 103 дуудсан” гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

            Гэрч А.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зурагтын ард байх******* тоотод байх том ах Б.Э-гийн гэрт Т-, Э- бид 3 гэрт манай дүү А.М-, хамтран амьдрагч Я- гэх хүүхэн, Б.Э- эгч 3 байсан. Дүү А.М- хүзүүгээрээ подволк ороочихсон цус болчихсон хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх 15/,

 

            Гэрч Б.Я- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би унтах гээд хэвтэж байсан чинь Б.Э- ах А.М-ийг та 2 машин авч байхын хооронд гэрт амьдраад гэр авахгүй гэсэн чинь А.М- би гэрт амьдардаггүй хүн гээд маргалдсан. Тэр үед шөнийн 02 цаг орчим болж байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад Б.Э- ах зуухныхаа хажуу талд байсан плитаг аваад А.М- рүү шидсэн чинь толгой хавьцаа хагараад А.М-ийн хүзүүнээс цус гарсан” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

Шинжээч эмч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ир үзүүртэй зүйлийг шидэхэд шарх нь 2 захаараа зулгаралт бүхий дотогшоо гүн нэвтэрсэн, гурвалжин хэлбэртэй байдаг. А.А.М-ийн биед хүзүүний дээд хэсэгт төвөнхийн харалдаа 10-4 цагийн байрлалд ташуу 6 см орчим мэс заслын 9 оёдол бүхий шархны зах ирмэгээр улаан шаргал өнгийн тав тогтсон, харалдаа доод хэсэгт хүзүүний баруун талаас хүзүүний урд хэсэг хүртэл үргэлжилсэн хагас дугуй хэлбэрийн 24 см орчим урттай мэс заслын 22 ширхэг оёдол бүхий зах ирмэгээр шаргал өнгийн тав тогтсон тэгш бус шархтай байсан. Тус шарх нь ир үзүүртэй зүйлийг барьж байгаад цохисон эсвэл зүссэнээс болж үүсэх боломжтой шарх байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 928 дугаартай дүгнэлт:

1.2.А.А.М-ийн биед хүзүүнд шарх, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1-2 хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 26-27/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,

Шүүгдэгч Б.Б.Э-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, хохирогч А.А.М-ийн өвчний түүх /хх 46-54/, шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл болон бусад үл хөдлөх хөрөнгөтэй эсэх тодорхойлолтууд /хх 58-61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 82/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Шүүгдэгч Б.Б.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 04 цагийн орчим ******* тоотод иргэн А.А.М-ийг плитаны хагархайгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

            Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч А.А.М- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй /хх 12/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Э- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б.Э- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний хэдий хэмжээний орлого олдог зэрэг нь тогтоогдохгүй байгаа нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэл болсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плитаны хагархайг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Б.Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плитаны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ТӨМӨРХҮҮ