Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 159

 

2020       02          28                                   2020/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

            хохирогч Л.Ганзориг,

            шүүгдэгч Р.Б , түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Р.Б д холбогдох эрүүгийн 1911019830028 дугаар хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарнууд овгийн Р.Б , 1984 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, Молор Гэгээ ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул голын гудамж 91-68 тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 412-61 тоотод хаягт бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Р.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 19ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 36 дугаар байрны гадна хохирогч Л.Ганзоригийн бусдад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн GSM 19Т /ЖМС 19Т/ загварын 2 ширхэг нийт 5.850.000 төгрөгийн үнэ бүхий магнатометрийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Л.Батзоригийн нэхэмжилсэн мөнгийг төлнө...” гэв.

Хохирогч Л.Батзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би өөрт байсан хайгуулын багажийг зарахаар шийдээд Мөнхтөрд хэлэхэд би зараад өгье гээд 2019 оны 2 дугаар сард миний багажуудыг авсан. Тухайн үед Мөнхтөр 9 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон. Түүнээс хойш Мөнхтөртэй ярихад хүнд зарахаар болсон гэж байсан боловч мөнгө өгөхгүй, холбоо барихгүй байсан. Сүүлдээ Мөнхтөр утсаа авахгүй болохоор нь дахин дахин залгаж байгаад утсаар холбогдоход миний зүс таних Баттулгад зарахаар өгсөн байсан. Баттулгатай ярьж асуухад би зараад өгнөө гэж хэлсэн. Би 9 сая төгрөгөөр зарахаа хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд би 5.850.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар хэлсэн, хүсэлтээ бичиж өгсөн байгаа. Зах зээлийн үнэлгээ биш гэж үзэж байна. Иймд Баттулга надад 5.850.000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 3.150.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,

Хохирогч Л.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сард миний бие өөрийн соронзон хайгуулын 2 ширхэг багажийг тус бүрийг нь 4.5 сая төгрөг буюу нийлүүлээд 9 сая төгрөгөөр зарахаар шийдэж, энэ талаараа өөрийн найз Мөнхтөрд хэлж байсан бөгөөд тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн турш Мөнхтөр нь надтай утсаар ярьж багажийн шинж, байдлын талаар асууж тодруулж байсан бөгөөд тухайн үед надад би багажийг чинь хүнд зарахаар болсон, 2-3 хоногийн дараагаар мөнгийг чинь өгчих байхаа” гэж хэлж байсан бөгөөд 2-3 хоног өнгөрөх үед мөнгө маань орж ирээгүй бөгөөд би Мөнхтөрд хандаж “чи ямар хүнд миний багажуудыг зарсан юм бэ, тэр худалдаж авсан хүнийхээ утасны дугаарыг өгөөдхөө би өөрөө ярья” гэж хэлэхэд надад Мөнхтөр нь Баттулга гэх миний нэгэн танилын дугаарыг өгсөн бөгөөд би Баттулгатай ярихад надад “...Эрдэнэтээс удахгүй мөнгө орж ирнэ, мөнгө орж ирэхээр нь би чамд багажуудын мөнгийг өгнө...” гэж хэлсэн бөгөөд би мөн итгээд хүлээсээр байгаад нэг мэдэхэд бүтэн сарын хугацаа өнгөрсөн ... ингээд багаж ч байхгүй, мөнгө байхгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд 2019 оны 05-06 сард санагдаж байна фейсбүүкийн “Монголын геофизикчдийн холбоо” гэх нэртэй групп дээр Ганбаатар Гүнтэвсүрэн гэх нэртэй хаягтай хүн миний 2 багажийг худалдаж авсан бололтой “зарна” гэсэн зарлал байршуулсан байсан бөгөөд би тус зарын дагуу Ганбаатар гэх хүнтэй өөрийн биеэр очиж уулзахад үнэхээр миний Мөнхтөрд өгсөн 2 багаж маань мөн байсан бөгөөд, уг багажуудыг хаанаас авсан, мөн хэдээр зарах гэж байгаа талаар асуухад надад би уг багажуудыг Баттулга гэх найз маань 7 сая төгрөгийг барьцаанд тавиад явсан боловч утсаа авахгүй, болохоор нь би тус багажуудыг зарах гэж байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 15-17/,

Гэрч Г.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...харин орой нь Баттулга над руу залгаад “чи үүнийг аваад 7 сая төгрөг өгчхөөч, Мөнхтөрд мөнгөний хэрэг гараад байна, би Мөнхтөрийг танайх руу явуулчих уу, 7 сая төгрөг түр өгөөд уг багажуудыг 7 хоногийн хугацаатай барьцаанд авчих, хэрэв тохирсон хугацаанд нь Мөнхтөр мөнгөө өгөхгүй бол чи наад багажаа цааш нь зарж мөнгөө гаргаж аваарай гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн ба Баттулга манайд 2 багажаа аваад хүрээд ирсэн ба надаас 7 сая төгрөг аваад багажуудаа үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Д.Мөнхтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд Ганбаатар нь тус 2 багажийг худалдаж авахаар болсон бөгөөд Ганбаатар нь тухайн үед Баттулга бид хоёрт удахгүй манай Эрдэнэт үйлдвэрт багаж нийлүүлж байгаа бөгөөд тус багажуудыг нийлүүлсний дараагаар Эрдэнэтээс мөнгө орж ирэх үед мөнгийг нь төлж болох уу одоогоор надад бэлэн мөнгө алга гэж хэлэхэд тухайн үед болно, болно гэж хэлээд багажаа Баттулгад хариуцуулж үлдээгээд тухайн үед явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД1-20-010 дугаар үнэлгээний тайланд: “...GSM-19T маркийн, хөдөлгөөнт хэмжүүрийн, серийн дугаар 1024060, 2014 онд Канад улсад үйлдвэрлэгдсэн, 2015 онд худалдаж авсан Магнетометр нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 5.850.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 34-35/,

Шүүгдэгч Р.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Одоогийн байдлаар миний бие Ганзоригт тус багажуудын мөнгө болох 9 сая төгрөгийг төлөх болно...” гэх мэдүүлэг /хх 29-31/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, шүүгдэгч Р.Баттулгын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх 48-53/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40, 42, 44/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 19ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 36 дугаар байрны гадна хохирогч Л.Ганзоригийн бусдад зарж борлуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгсөн GSM 19Т /ЖМС 19Т/ загварын 2 ширхэг нийт 5.850.000 төгрөгийн үнэ бүхий магнатометрийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, хохирогч Л.Ганзоригийн “...Баттулга гэх миний нэгэн танилын дугаарыг өгсөн бөгөөд би Баттулгатай ярихад надад “...Эрдэнэтээс удахгүй мөнгө орж ирнэ, мөнгө орж ирэхээр нь би чамд багажуудын мөнгийг өгнө...” гэж хэлсэн бөгөөд би мөн итгээд хүлээсээр байгаад нэг мэдэхэд бүтэн сарын хугацаа өнгөрсөн ... ингээд багаж ч байхгүй, мөнгө байхгүй хэсэг хугацаа өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх 15-17/, гэрч Г.Ганбаатарын “...Баттулга манайд 2 багажаа аваад хүрээд ирсэн ба надаас 7 сая төгрөг аваад багажуудаа үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч Д.Мөнхтөрийн “...багажаа Баттулгад хариуцуулж үлдээгээд тухайн үед явж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 25-26/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЧД1-20-010 дугаар үнэлгээний тайлан /хх 34-35/, шүүгдэгч Р.Баттулгын “...Одоогийн байдлаар миний бие Ганзоригт тус багажуудын мөнгө болох 9 сая төгрөгийг төлөх болно...” гэх мэдүүлэг /хх 29-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Р.Баттулгыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Л.Ганзориг нь нийт 9.000.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Р.Б  нь 5.850.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 3.150.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Лхагваагийн Ганзориг /вс85101713/-т олгуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Р.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 4 сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Мөн шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн хохирлоо төлж барагдуулах үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Р.Б д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Р.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овгийн Р.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б ас 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Лхагваагийн Ганзориг /вс85101713/-т олгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б д 4 /дөрөв/ сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Р.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН