| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0456/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/67 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/67
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Д.Д.Г-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Ж.Ж.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 1918006730491 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1 оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 04 дүгээр сарын 18- ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 164 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 132 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн хорих 435 дугаар ангиас 01 жил 05 сар 02 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ж.Г-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Ж.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, “Дархан зах’’-ын урд талд байх “Дархан-Сэлэнгийн авто вокзал” дээр иргэн Д.Д.Г-ийг -намайг загналаа хэмээн толгойн тус газарт нь чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Д.Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны зах дээр хоол зардаг юм, энэ хүн Сэлэнгийн буудлын машинуудын дэргэд согтуу архи, ундаа барьсан, хүмүүстэй маргалдаад явсан, би автобусны буудал дээр сууж байхад, араас чулуу ирээд толгой хага цохисон, тэгээд эмнэлэг дээр очсон, тэр өдөр нь цагдаад бариад өгсөн. Би хүүхдүүдээ дуудсан, нэлээн цус алдсан, өвчин намдаах эм тариа хийлгэсэн, тархины зураг авахуулж чадаагүй, 180,000 гэдэг юм байна лээ. эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн, толгой хатгаж өвдөөд байгаа, зовуур ихтэй, өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, “Дархан зах’’-ын урд талд байх “Дархан-Сэлэнгийн авто вокзал” дээр хохирогч Д.Д.Г-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ж.Г-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918006730491 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Яллагдагч Ж.Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр би Сэлэнгэ рүү явах гээд бирж дээр байж байгаад хоол зардаг эмэгтэйтэй юм ярьсан чинь уурлаад байхаар нь чулуу аваад шидсэн чинь толгойг нь оносон. Өөр зүйл болоогүй. Тэр эмэгтэйг би танихгүй” гэх мэдүүлэг /хх 25-26/,
Хохирогч Д.Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ явдаг хуучин зогсоолын тэнд хашаан дээр суугаад хуушуураа зараад сууж байсан чинь миний толгой дээр тас гээд юм цохихоор нь харсан чинь чулуу газар унаж байсан. Тэгээд харахад согтуу эрэгтэй би чулуу шидсэн юм яадаг юм гээд зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч, эмнэлэг ороод толгойдоо 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх 9/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 827 дугаартай дүгнэлт:
1.2.Д.Д.Г-ийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх 17-18/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн №06/20 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа:
1.Шүүгдэгч Ж.Ж.Г- нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй байна.
2.Шүүгдэгч Ж.Ж.Г- нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай болно.
3.Шүүгдэгч Ж.Ж.Г- нь Оюуны хүндэвтэр хомсдол өвчний улмаас Сэлэнгэ аймгийн сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг болно” гэх дүгнэлт,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /02/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-04/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 05/,
Хохирогч Д.Д.Г-ийн яаралтай тусламжийн хуудас /хх 14-15/,
Шүүгдэгч Ж.Ж.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27-48/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 53-57 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, “Дархан зах’’-ын урд талд байх “Дархан-Сэлэнгийн авто вокзал” дээр шалтаг шалтгаангүйгээр хохирогч Д.Д.Г-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Ж.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Д.Д.Г- эмнэлэгт хэвтсэний төлбөр 300000 төгрөг, эмнэлгийн шинжилгээ хийлгэсний төлбөр 8000 төгрөг, толгойн КТГ зураг авахуулахад 180000 төгрөг, унааны зардал 10000 төгрөг, нийт 498000 төгрөг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхэд нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “эмнэлэгт 300000 төгрөг төлж хэвтэв” гэх баримттай санхүүгийн баримт хавсаргаж ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЗ/1236 дугаартай Шүүгчийн захирамжаар урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Нээлттэй 445 дугаар хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсноос анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл 52 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Г-ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын 416 цагийн ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.Ж.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 416 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ж.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Ж.Г-ын цагдан хоригдсон 52 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 416 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон эдлэх ялд нь оруулан тооцож, ялыг эдэлсэнд тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д.Г- иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.Г-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ