| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0150/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 161
2020 03 02 2020/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 1911030440039 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Цагаан гэрүүд овгийн Б.Б , 1996 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 2-21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 42 дугаар гудамжны 491 тоот хохирогч Б.Мөнх-Эрдэнийн хүн амьдрах зориулалттай орон байрны цонхыг нь хагалан нэвтрэн орж 380.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 68/,
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим манай ээж Р.Алтанцэцэг над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...манай гэрийн вакум цонхыг хагалж ороод гал тогооны стекэн дотор байсан 4 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга алдагдсан байсан. ...надад хүлээлгэж өгсөн 4 ширхэг мөнгөн аяга манай гэрээс алдагдсан 4 ширхэг мөнгөн аяга мөн байна. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 13-15/,
Гэрч Н.Болдбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хүүгийнхээ байшинг шалгах гээд гэр рүү нь ортол нойлын өрөөний жижиг вакум цонхыг хагалаад хулгайч орчихсон бололтой байхаар нь би хүүгийнхээ гэрийн эд зүйлсийг шалгахад гал тогооны өрөөний хоолны шүүгээн дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. ...манай хүүгийн бригадад ажилладаг Б.Б гэдэг залууг сэжиглэж байна. Учир нь манай хүүг эхнэр хүүгээ аваад хөдөө явсан, гэр нь эзэнгүй байгаа гэдгийг Баттөр мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн ЧД2-19-737 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Дунд, бага гарын шинэ цагийн 2019 оны 09 дүгээр салд авсан 4 ширхэг мөнгөн аяга нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 380.000 төгрөг үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хх 37-38/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...урьд нь хамт ажиллаж байсан Б.Мөнх-Эрдэнийн гэрт мөнгө зээлэх санаатай очсон юм. Тэгтэл тэдний гэрт ямар нэгэн хүн байхгүй болохоор нь би хэсэг хүлээж байгаад тэдний хашаа руу хаалга нь онгорхой байхаар нь ороод цонхны доор нь байсан нэг тоосгоор цонхыг нь хагалж гал тогоонд нь байсан 4 ширхэг мөнгөн аягыг авч гарсан. Би тэдний байшинг барилцаж байснаас гадна, тэдний гэрт очиж байсан болохоор мөнгөн аяга байдаг талаар мэддэг байсан. Би тэр 4 ширхэг мөнгөн аягыг Сүхбаатар дүүргийн Дамбын ойролцоо байх Халиун гэдэг ломбардад өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар 200.000 төгрөгт тавьсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, Халиун барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 59/, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдол саналгүй гэх хүсэлт /хх 70/, зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 42 дугаар гудамжны 491 тоот хохирогч Б.Мөнх-Эрдэнийн хүн амьдрах зориулалттай орон байрны цонхыг нь хагалан нэвтрэн орж 380.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 68/, хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “...надад хүлээлгэж өгсөн 4 ширхэг мөнгөн аяга манай гэрээс алдагдсан 4 ширхэг мөнгөн аяга мөн байна. Надад одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 13-15/, гэрч Н.Болдбаатарын “...хүүгийнхээ байшинг шалгах гээд гэр рүү нь ортол нойлын өрөөний жижиг вакум цонхыг хагалаад хулгайч орчихсон бололтой байхаар нь би хүүгийнхээ гэрийн эд зүйлсийг шалгахад гал тогооны өрөөний хоолны шүүгээн дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн ЧД2-19-737 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-38/, шүүгдэгч Б.Б ийн “...урьд нь хамт ажиллаж байсан Б.Мөнх-Эрдэнийн гэрт мөнгө зээлэх санаатай очсон юм. Тэгтэл тэдний гэрт ямар нэгэн хүн байхгүй болохоор нь би хэсэг хүлээж байгаад тэдний хашаа руу хаалга нь онгорхой байхаар нь ороод цонхны доор нь байсан нэг тоосгоор цонхыг нь хагалж гал тогоонд нь байсан 4 ширхэг мөнгөн аягыг авч гарсан...” гэх мэдүүлэг /хх 48-49/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч Б.Б д ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН