Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч:  Г.Уянга,

Шүүгдэгч Ж.Ж.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-т холбогдох эрүүгийн 2018000480036 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, “ ******* ” ХХК-д авто цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Ж.О-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ж.Ж.О- нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” караокед иргэн Г.Г.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ж.Ж.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Ж.О- нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” караокед хохирогч Г.Г.М-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ж.Ж.О-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018000480036 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

            Хохирогч Г.Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед би найз Ж.О-, М-, Б-, У-, Ц-, Э-нарын хамт Эзэнт гүрэн рестораны хажуу талын караокед орсон. Тэгээд эрэгтэйчүүд нь 0.75 литрийн архи, пивонууд авсан бөгөөд эмэгтэйчүүд нь огт уугаагүй, тэгээд сууж байгаад би жаахан муудсан. Тэгээд караоке дотор юу болсныг санахгүй байгаа, нэг мэдсэн би гадаа зогсож байсан бөгөөд нүүр, ам, хамар маань цус болчихсон манай найз Ж.О- өөдөөс хараад зогсчихсон уучлалт гуйгаад бид 2 баахан юм ярьсан. Тэгэхэд би Ж.О-ыг намайг цохисныг мэдсэн. Юунаас болоод яагаад маргалдаад ямар учир шалтгааны улмаас Ж.О- намайг цохисныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 7/,

            Гэрч Н.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой найзуудаараа уулзахаар болоод Г.М-, Ж.О-, М-, Б-, У-, манай нөхөр Э-бид нар эзэнт гүрэн рестораны хажууд Микс нэртэй караоке орсон бөгөөд бөөнөөрөө нэг шил архи, хүний нэг нэг пиво авсан. Тэгээд ууцгаасан бөгөөд би бие давхар учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэр үед Г.М- яагаад байгаа нь мэдэгдэхгүй, удирдлага авч шидээд байсан. Тэгсэн М- “зүгээр байгаа ч ээ, би ч гэсэн бармен хийж байсан, хэцүү байдаг юм аа” гэсэн чинь Г.М- “чам шиг хүмүүс ийм ажил хийдэг юм” гээд сонин юм яриад ойлголцохгүй байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Г.М- М-, Ж.О- хоёртой маргалдаад М- заамдсан. Ж.О- дундуур нь ороод салгасан чинь Ж.О- руу дайраад, тэгээд Ж.О- Г.М-гийн нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгээд Г.М- газар унаад хацар, хамарнаас нь цус гарсан. Тэгээд У- бид хоёр Г.М-г аваад 00 ороод нүүр амыг нь угаалгаад тэгээд тэндээс тооцоогоо хийгээд гарсан” гэх мэдүүлэг /хх 11/,

            Гэрч А.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой би, манай нөхөр Ж.Ж.О-, Г.М-, Мө-, Б-, Ц-, Э-бид нар Эзэнт гүрэн рестораны хажууд нэг караокед орсон, тэгээд нэг шил архи, бас пиво аваад зөвхөн эрэгтэйчүүд нь ууцгаасан бөгөөд эмэгтэйчүүд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд 20-30 минутын дараа бид нар дуулаад сууж байхад Г.М- микрофон авч шидсэн, тэр үед бид нар нийх юм бодоогүй. Тэгсэн дахиад хэсэг байж байгаад удирдлага авч шидэхэд ресепшин эгч орж ирээд та нар юу шидээд байнаа гэсэн чинь Ж.О- уучлалт гуйгаад гаргасан. Тэгээд М- “одоо хэдүүлээ асуудал үүсгэхгүй гаръя, ийм ажил хийх хэцүү байдаг юм аа” гэсэн чинь Г.М- “чам шиг юмнууд л ийм ажил хийдэг юм” гээд стакан аваад шидсэн. Тэгээд Мөнхтулга, Г.М- хоёр заамдалцаад Ж.О- очоод больцгоо гээд Ж.О- Г.М-г очоод аргадах гэсэн чинь юунаас болсныг мэдэхгүй, Ж.О- Г.М-гийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгсэн Г.М-гийн ам хамарнаас нь цус гарсан. Тэгээд Ц- бид 2 сандраад Г.М-г аваад 00 руу оруулж нүүр амыг нь угаалгасан” гэх мэдүүлэг /хх 13/,

            Гэрч Х.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Г.М-, М-, Б-, Ц-, Ж.О-, У- бид нар эзэнт гүрэн рестораны хажууд караоке ороод архи, пиво захиалж уусан. Тэгээд 00 цаг болоод караоке хаах дөхөөд бид нар гарах гэж байсан чинь Г.М- нилээн согтчихоод сонин сонин үйлдэл гаргаж гаргаад удирдлага авч шидээд байсан. Тэгсэн Мөнхгулга зүгээр байгаа ч ээ гэсэн чинь хэсэг сууж байснаа дахиад шилэн стакан аваад шидсэн. Тэгээд Мөнхтулгатай маргалдаад дахиад Ж.О- руу дайраад байсан. Тэгсэн Ж.О- нүүр рүү нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Г.М-гийн хамарнаас цус гараад Цэ-, У- хоёр 00 руу аваад орсон” гэх мэдүүлэг /хх 15/,

            Гэрч Х.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой Г.М-, Энх- А-, Б-, Ц-, Ж.О-, У-о бид нар Эзэнт гүрэн рестораны хажууд караоке орсон. Тэгээд 0.75 литрийн архи, бас пиво авсан. Тэгээд ууцгаасан бөгөөд эмэгтэйчүүд уугаагүй. Тэр үед караоке гацсан чинь Г.М- микрофоноо шидсэн чинь ресепшин эгч орж ирээд уурласан. Тэгээд гарцгаая гээд байж байхад Г.М- стакан аваад Ж.О- руу зүглүүлээд шидчихсэн, гэхдээ оноогүй. Тэгээд гаръя гэж хэлээд аваад гарах гэсэн чинь намайг заамдаж байгаад нэг удаа алгадаад 2 удаа нүүр рүү цохисон. Тэгээд Ж.О- боль гээд намайг авч гарах гээд хаалганы тэнд зогсож байсан чинь Г.М- араас “пизда та нар л ийм ажил хийнэ, гөлөгнүүд” гээд байсан. Тэгсэн Ж.О- уурлаад эргэж хараад Г.М-гийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх 17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Г.Г.М-гийн биед дээд эрүүний духны сэртэнгийн болон зүүн нүдний ухархайн доод хананы зөрүүтэй хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Г.Г.М-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй” /хх 20-21/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Ял шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 39/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 40/, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх 42/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх 43/,

Хохирогч Г.Г.М-гийн амбулаториор үйлчлүүлэгсдийн картын хуулбар /хх 44-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ж.Ж.О-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ж.Ж.О-т оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ