Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 172

 

2020        03          04                                   2020/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч З.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн З.О д холбогдох эрүүгийн 2011000930063 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн З.О , 1978 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчид Г-11 гудамжны 94 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч З.О  нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокед С.Отгонбаяртай маргалдан улмаар түүний толгойн ар хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хохирогч С.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд би найз Амартүвшинтэй хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл” нэртэй нийтийн караокед орж суусан. Уг газарт ороод тус бүр 2 пиво уугаад юм ярьж суусан. Оройн 22 цагийн орчимд санагдаж байна бүжгийн талбай руу нь гараад бүжиглэж байхдаа тэнд үйлчлүүлж байсан үл таних эмэгтэйг сууж байхад нь очоод бүжиглэхээр урьтал хажууд нь байсан 40 орчим насны намхан нуруутай махлаг эмэгтэй согтуу байсан бөгөөд над руу хандаж чи миний найзыг бүжиглэхээр урьдаг хэн бэ гээд шууд агсарсан байдалтай хэлэхээр нь би уучлаарай тэгвэл больё гэж хэлээд өөрийнхөө сууж байсан өрөө рүү явсан. Уг асуудлаас 10 орчим минутын дараа би ганцаараа тамхилахаар гартал үүдэнд нийтийн заалны хэсэгт нөгөө найзыг нь бүжиглэхээр урилаа гээд дургүйлхээд уурлаад байсан эмэгтэй үгийн зөрүүгүй пивоны шилээр миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохичихсон. Тэр үед караокег ажиллуулж байсан хүн харчхаад шууд цагдаа дуудаж уг эмэгтэйг барьж өгсөн. Тухайн үед миний толгой хагарсан учир би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан...” мэдүүлэг /хх 5-7/,

Гэрч И.Хишигсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгтэл удалгүй Отгонбаяр нь өрөөнөөсөө гараад явж байхдаа Оюунжаргалын ширээний хажуугаар зөртөл Оюунжаргал нь ууж байсан шилтэй пивоороо Отгонбаярын толгой руу нэг удаа цохисон. Тухайн үед пивоны шил нь хагараагүй ба Отгонбаярын толгой хагараад цус гарсан. Би тэр хоёрт хандаж яахын хоорондоо уулзаад учраа олчих уу гэтэл Оюунжаргал яахын цагдаагаа дууд гээд өөрөө хашгичаад байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1073 дугаар дүгнэлтэд: “...С.Отгонбаярын биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 14-15/,

Шүүгдэгч З.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...нөгөө Уранчимэгтэй яриа өдөөд байсан залуу өөрийнхөө өрөөнөөс гараад манай ширээн дээр ирэхээр нь би түүнд хандаж чи ер нь яах гээд байгаа юм, цаашаа яв гэж хэлээд ширээн дээр байсан ууж байсан шилтэй пивоо аваад түүний толгойн ар дагзны зүүн хэсэгт нэг удаа цохьчихоод шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 21-23/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 24/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар тогтоол /хх 34/, шүүгдэгч З.О ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 31/, хохирогч С.Отгонбаярын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 32/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.О  нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” караокед С.Отгонбаяртай маргалдан улмаар түүний толгойн ар хэсэгт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч С.Отгонбаярын “...би ганцаараа тамхилахаар гартал үүдэнд нийтийн заалны хэсэгт нөгөө найзыг нь бүжиглэхээр урилаа гээд дургүйлхээд уурлаад байсан эмэгтэй үгийн зөрүүгүй пивоны шилээр миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохичихсон...” мэдүүлэг /хх 5-7/, гэрч И.Хишигсайханы “...Тэгтэл удалгүй Отгонбаяр нь өрөөнөөсөө гараад явж байхдаа Оюунжаргалын ширээний хажуугаар зөртөл Оюунжаргал нь ууж байсан шилтэй пивоороо Отгонбаярын толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 11-12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1073 дугаар дүгнэлт /хх 14-15/, шүүгдэгч З.О ын  “...ширээн дээр байсан ууж байсан шилтэй пивоо аваад түүний толгойн ар дагзны зүүн хэсэгт нэг удаа цохичхоод шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 21-23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Отгонбаяр нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч З.О  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч З.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч З.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн З.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч З.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН