| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0003/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 08
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008420577 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Б-ын Б-т /РД:.../, 19.... оны ... дугаар сарын ..-ний өдөр ...............аймгийн .................. суманд төрсөн, .............настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “ Өег гурил ” ХХК-д худалдааны төлөөлөгч, нярав ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 17 дугаар байрны 77 тоотод хувийн маргааны улмаас нөхөр Б.Н-ыг хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул
D:\GOOMARAL\2020 Goomaral\Sh.Ts togtool\hyalbar\bayrdelger.docx
аймгийн Дархан сумын Өргөө баг 17 дугаар байрны 77 тоотод иргэн Б.Ныг хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн “..Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай ял дээр тохиролцсон.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
-Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...манай эхнэрийн найз эмэгтэй О, манай эхнэр тэгээд танихгүй 2 залуутай нэг өрөөнд сууж байсан бөгөөд буудалд дахиад архи ууцгаасан. Тэгээд би “комфорт” зочид буудлаас яаж гарснаа санахгүй байна, нэг сэрсэн чинь гэртээ байсан бөгөөд манай гэрт манай эхнэр, О 2 байсан. Би босож ирээд О-ыг нэг шил архи аваач миний толгой өвдөөд байна гэж хэлээд О-аас нэг шил архи авхуулаад тэр архийг нь манай эхнэр О бид 3 хувааж уусан. Нэг сэрэхэд би эхнэртэйгээ маргалдаж байсан манай эхнэр Б.Н уурандаа гэрийн гал тогооны шургуулганаас хутга авч ирээд миний цээжний зүүн тал, бүсэлхийн баруун дээд тал руу нэг нэг удаа хатгасан юм. Тэгээд шархнаас нь цус гараад байхаар нь би арчиж цэвэрлээд унтаж амраад маргааш нь эмнэлэг дээр очиж үзүүлсэн юм. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.Н-ын биед цээжний зүүн тал, бүсэлхийн баруун талын шархнууд тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Н-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1 дугаар шинжээчийн дүгнэлт[3],
-Яаралтай тусламжийн хуудас[4] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн бариултай ажлын хэсэг дээрээ 8 ширхэг бөөрөнхий нүхтэй “ying gling” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн бариултай ажлын хэсэг дээрээ 8 ширхэг бөөрөнхий нүхтэй “ying gling” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хэргийн 3-7 тал
[2] Хэргийн 10-11 тал
[3] Хэргийн 17-18 тал
[4] Хэргийн 19-20 тал