Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0415/З |
Дугаар | 221/МА2021/0034 |
Огноо | 2021-01-08 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0034
Б.У нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Э, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З гаргасан давж заалдах гомдлоор, Б.У нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.У 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын Б.У холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 709 дүгээр шийдвэрээр:
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын Б.У холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд, Зөрчлийн болон Төсвийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тушаал, шийдвэрийн хэрэгжилт”-ийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааг хамруулан шалгалт хийж илэрсэн зөрчилд нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгуулах тухай” 32/67 дугаар акт тавьсан.
Уг шалгалтаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Б.Б нь иргэн Б.У 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нас барсан нөхөр Д.Б нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж ирүүлснийг хүлээн авч, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож батламж олгон, тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн ба түүний буруутай үйлдлийн улмаас улсад ...... төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул байцаагч Б.Б уг төлбөрийг төлүүлж, нэхэмжлэгч Б.У Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож шийдвэрлэсэн.
Мөн дээрх актаар Д.Б нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар нөхөн тооцсон нь хүчингүй болсон тул түүнд үндэслэн олгосон ......дугаар батламж ч хүчингүйд тооцогдох байхад шүүх тухайн батламжийг одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
2.2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс мөрдөгдсөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан ба Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “даатгуулагч нас барсан бол шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох”-оор заасан, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд,...” хэсгийг удирдлага болгон иргэн Б.Ууганзаяагийн 16 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндсөн байна гэж үзэж актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б.У нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн одоог хүртэл Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь хэсгийн “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг авч байгаа тул хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар “даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон” тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох атал нэхэмжлэгч Б.У өөрийн нөхөр Д.Б 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нас барснаас хойш 7 хоногийн дараа буюу 11-ний өдөр талийгаачийн нэрээр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлгийг бөглөн, түүний өмнөөс гарын үсэг зурсан болох нь ........ дугаар мэдүүлгийн маягт, нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “...Д.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг нөхөн тооцож олгосон баталгааны хуудас өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул үүнд нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад үл нийцнэ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актаар хууль зөрчиж, нэхэмжлэгчид илүү олгосон ........ төгрөгийг буруутай албан тушаалтан болох Д.Б төлүүлэхээр шийдвэрлэснээс бус нэхэмжлэгчээс шаардаагүй, өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан, энэ хүрээнд ч акт тогтоогдсон болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг болно.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бичиг баримтыг уг хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн өөрөө бүрдүүлэхээр, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ”, 6.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална” гэж тус тус заасан бөгөөд энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, газрын дарга нарт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 дүгээр албан бичгээр өгсөн чиглэлд “…иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд дээрх хуулийн дагуу тухайн нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол хүчингүйд тооцно. Энэхүү чиглэлийг хэрэгжүүлэхдээ тухайн иргэний нас барсны гэрчилгээнд бичигдсэн нас барсан огноог иргэд, /даатгуулагч/-аас гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдлийн огноо болон нөхөн даатгалын бүртгэлийн програмын огноотой тулган шалгаж, шийдвэрлэж ажиллах”-ыг мэдэгджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баталгааны хуудас нь цаг хугацааны хувьд энэхүү чиглэл ирэхээс өмнө гарсан ч, хуулийг нэг мөр хэрэглэх хүрээнд дээд шатны байгууллага, тэр дундаа хуулиар эрх олгогдсон этгээдээс ирүүлсэн чиглэлийн дагуу цаг хугацааны хувьд өмнө нь бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн баталгаажилтын хуудас олгосныг хүчингүйд тооцсоноор нэхэмжлэгчийн хувьд тэжээгчээ алдсан тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу бус харин Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу олгогдоно.
Нэхэмжлэгч Б.У 18 хүртэлх насны хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх маргаан бүхий актын улмаас зөрчигдөхгүй, харин олгогдох тэтгэмжийн хэмжээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосноос тодорхой байдлаар багасна.
Иймд “…энэ хэргийн тухайд нас барсан иргэний ажилласан жил, тэтгэврийн асуудлыг бус түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд олгосон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг хөндөж байгаа…” гэх дүгнэлт үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл зохих хуульд зааснаар олгогдох зүй ёсны тэтгэмжийн хэмжээ өмнө нь олгогдож байснаас буурах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актын Б.У холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН