Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 32

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч С.Ц,

Шүүгдэгч Ө.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ө.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001310571 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 3-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ө.Б 19...... оны ............. сарын сарын ...........-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын техникч мэргэжилтэй, “Болд төмөр ерөө гол” ХХК-д баяжуулахын машинист ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............. дугаар баг, Мангирт ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаа ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархын сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн 413 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн С.Ц “Samsung S4 Zoom” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.”  гэв.

 

Эрүүгийн 1918001310571 дугаартай хэргээс:

 

Хулгайд алдагдсан гар утсыг Ө.Б хураан авч хохирогч С.Ц хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт үзлэг хийсэн “...2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 16 минут 6 секундэд Нэгдсэн эмнэлгийн дотор мэдрэлийн тасгийн 413 тоот өрөө рүүхар хөх өнгийн куртик, хар хөх өнгийн жинсэн өмд, малгайтай саарал цамц, ягаан үдээстэй ногоон өнгийн пүүз өмссөн 20 орчим настай эрэгтэй ороод, уг өрөөнөөс12 цаг 16 минут 10 секундэд  гарч явсан байв.” гэх тэмдэглэл[2],

 

Хохирогч С.Ц мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 10 хоногийн хугацаатай хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд би  2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дотрын тасгийн эрхлэгч эмч *****уулзах гээд өрөөнөөсөө гарч явсан. Тэгэхдээ өрөөндөө өөрийн гар утас Samsung S4 Zoom маркийн гар утсаа орхиод гарсан. Эмч ирэхгүй болохоор нь буцаад өрөөндөө ороод гар утсаа авах гэхэд байхгүй, өрөөндөө хайгаад олдохгүй байхаар нь сувилагчийн утсаар залгахад миний утас холбогдохгүй байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн С.Ц эзэмшлийн Самсунг S-4 zoom маркийн гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 350.000 /гурван зуун тавин  мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],

 

Яллагдагч Ө.Б мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр үед манай найз М Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Би очно гэж хэлээд очсон боловч аль өрөөнд байгааг нь асууж чадаагүй юм. Би утсаараа асуух гэсэн боловч миний утас нэгжгүй байсан. М эмнэлгийн өрөөнүүдээр шагайж хайж яваад нэг өрөө рүү шагайтал хүнгүй байсан. Тэгсэн ширээн дээр нэг гар утас байхаар нь хүн харж байгаад аваад гарсан. ...Буруу үйлдэл хийснээ ухамсарлан ойлгож байна..” гэх мэдүүлэг[5],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ө.Б холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

          Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархын сумын 13 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн 413 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан иргэн С.Ц “Samsung S4 Zoom” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Ө.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан хугацаандаа хохирогчид учруулсан 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ө.Б нь өөрийгөө өмгөөлж “Эхнэр хүүхэдтэй болсон. Дахин алдаа гаргахгүй шударгаар амьдрах болно. Хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ө.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ө.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, хоёр зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцох, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ө.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, хоёр зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэг Ө.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож нийт 56 цагийг хасаж, биечлэн эдлэх ялыг 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 25-27 тал

[2] Хавтаст хэргийн 6 тал

[3] Хавтаст хэргийн  36-38 тал

[4] Хавтаст хэргийн 9-10 тал

[5] Хавтаст хэргийн 48-49 тал

[6] Хавтаст хэргийн 52-65, 68-83 тал