Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00679

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.*******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ЗХУ-ын Эрхүү хотод эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1984 онд төгсөөд 1984 оны 09 сарын 06-ны өдрөөс Баянхонгор аймгийн Геологи гидрогеологийн эдийн засагч нягтлан бодогчоор 1996 оны 12 сарын дуустал ажиллаж байсан. Энэ хугацаанд Геологи гидрогеологийн экспедицид нь Геологи шинжилгээний Баянхонгор хувьцаат компани болж өөрчлөгдсөн юм. Энэ хугацаанд ажиллаж байсан лавлагааг гаргуулахад Геологи гидрогеологийн экспедицид нь гэж гарсан байгаа тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд миний Баянхонгор дахь Геологи гидрогеологийн экспедицид 1984 оны 09 сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал  эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхийн хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, орлогын баримт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 09 сарын 01-ний өдрийн 601 дүгээр лавлагаа, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологи гидрогеологийн экспедициын даргын 1984 оны 10 сарын 04-ний өдрийн 79 дүгээр тушаал, 1992 оны 04 сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбарууд,1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

З.******* нь 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор дахь Геологи гидрогеологийн экспедицид эдийн засагч нягтлан бодогчоор байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 09 сарын 01-ний өдрийн 601 дүгээр лавлагаа, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Геологи гидрогеологийн экспедицийн даргын 1984 оны 10 сарын 04-ний өдрийн 79 дүгээр тушаал, 1992 оны 04 сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбарууд, 1984 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******ийн 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор дахь Геологи гидрогеологийн экспедицид эдийн засагч нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаар хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ