| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0048/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 65
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч М.Б, Ю.М, тэдний өмгөөлөгч З.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт М-ын Б, Й овогт Ю-ын М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000420011 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт М-ын Б /регистрийн дугаар ТА..../, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар ........................... тоотод оршин сууж хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Монгол Улсын иргэн, Й овогт Ю-н М /регистрийн дугаар ТД......./, 19.... оны ... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Дэлгэрэх тэнгэр алтай” нийтийн авто зогсоолд харуул ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар баг ..................................тоотод оршин сууж хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 3 жил тэнсэж хянан харгалзсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М.Б, Ю.М нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны урд байрлах нийтийн авто зогсоолоос иргэн Н.Хгийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би Ю.М ахтай утсаар яриад танай гражид байгаа машинаас нэг юм солиод авъя гэж ярьж байгаад найзын хамт М ахын ажиллаж байсан гражид очиж*****улсын дугаартай приус-20 маркын машинаас нүүрсэн янданг нь тайлж аваад оронд нь өөр хуучин яндан тавьсан. Тэгээд М ахад 100.000 төгрөг өгсөн. Маргааш өглөө нь*****гэх залууд нөгөө яндангаа 400.000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй шударгаар хөдөлмөрлөнө. Хохирогчид янданг нь өгөөд хохирлыг бүрэн барагдуулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.М мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 1 цагийн орчим М.Б над руу залгаад ахаа нөгөө асуудал чинь юу болж байна гэсэн. Би арай болоогүй байна гэж хэлээд ажил дээрээ байж байхад шөнийн 2 цагийн үед М.Б дахин залгаад ахаа дүү нь приус-20 маркын машинаас нэг юм тайлж аваад танд 100.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд Б гражид ирээд*****улсын дугаартай приус-20 маркын машинаас нүүрсэн янданг нь тайлж аваад оронд нь өөр хуучин яндан сольж тавьсан бөгөөд надад 100.000 төгрөг өгсөн. Саяхан охин маань хөлний хагалгаанд ороод надад мөнгөний хэрэгцээ их байсан болохоор М.Бийн гуйлтыг зөвшөөрөөд хамт хэрэг үйлдсэн. Би Бийн өгсөн 100.000 төгрөгийг буцааж өгсөн. Б хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2018000420011 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл[2],
Нийтийн авто зогсоолын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох, хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол[3],
Хохирогч Н.Хгийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 22 цаг орчимд би өөрийн *****улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото приус-20 маркийн автомашинаа хуучин хорооллын 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх автомашины гражид оруулаад хойд талын хаалганы харалдаа байрлуулаад машиныхаа түлхүүрийг манаачид нь өгчхөөд гарсан. Тэгээд маргааш өглөө 10 цагт машинаа авах гээд граж руу ороход машин миний байрлуулсан газраас өөр газар байрлуулсан байхаар нь юу ч бодолгүй машинаа унаад гараад явахад хэвийн биш юм шиг чимээ гараад байхаар нь захын ард байх засварын газрын яаман дээр гаргаад харахад янданг солиод өөр муу яндан орлуулаад хийчихсэн байсан. Тэгээд би гражны харуулаас ийм явдал болсон та мэдэж байна уу гэхэд харуул үгүй би мэдэхгүй байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг[4],
Гэрч***** хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед манай найз Б над руу залгаад машин чинь байгаа биз дээ хоёулаа хамт нэг тийшээ яваад ирье 20-30 минут л болно удахгүй гэхээр нь за гээд гэрээс нь очиж аваад “Дархан-50” цогцолборын ертөнцийн зүгээр урд талд байх доошоо ордог граж руу би машинтай зогсоход Б за удахгүй хүлээж байгаарай гэж хэлээд машинаас багаж авч гражны харуул бололтой 40 орчим насны ахтай уулзаад нэг жижиг өрөө рүү явж орсон. Тэгээд би машиндаа хүлээгээд сууж байтал 30 гаруй минутын дараа Б 2 ширхэг бөөрөнхий хэлбэртэй төмөр барьж ирээд за явья болчихлоо гээд барьж явсан зүйлээ машины арын суудлын шалан дээр тавьсан. Тэгээд гражаас гараад шууд Бийг гэрт нь хүргэж өгөөд шууд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрч байхад зүс мэдэх Б гэдэг залуу манай гэрт ирээд приус-20 машины яндан өгье гэхээр хаана байгаа юм үзэж харья гэхэд машин дотроосоо яндан гаргаж ирж харуулсан. Тэгээд би 400.000 төгрөгөөр авна гэхэд за тэгье гэхээр нь мөнгийг чинь данс руу чинь шилжүүлье гээд дансны дугаарыг нь аваад мобайл банкаар шилжүүлэхэд Б гэх хүний нэртэй данс байсан тэгээд би 400.000 төгрөг шилжүүлэхэд Б дансанд орчихлоо гээд явсан.” гэх мэдүүлэг[6],
Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “...иргэн Н.Хгийн эзэмшлийн тоёота приус-20 маркийн*****улсын дугаартай суудлын авто машины нүүрсэн яндан 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],
Яллагдагч М.Бийн мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...М ах бид хоёр хохирогчид машиных нь янданг буцаан хүлээлгэн өгсөн. Энэ хэргийг М ахтай хамтран үйлдсэн. Намайг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. М ах бид хоёр ярилцаж байгаад энэ хэргийг үйлдсэн. Мөнгөний хэрэг гараад энэ хэргийг үйлдсэн юм.” гэх мэдүүлэг[8],
Яллагдагч Ю.Мын мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Энэ хэргийг Бтой хамтран үйлдсэн. Намайг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. Б бид хоёр ярилцаж байгаад энэ хэргийг үйлдсэн. Б над руу утсаар яриад ахаа надад нэг приус 20 машины яндан хэрэгтэй байна машиндаа тавьж үзье гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлээд Бийг дуудсан юм. Тэгээд энэ хэргийг үйлдсэн.” гэх мэдүүлэг[9],
Шүүгдэгч М.Б, Ю.М нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М.Б, Ю.М нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Б, Ю.М нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 9 дүгээр байрны урд байрлах нийтийн авто зогсоолоос иргэн Н.Хгийн эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б, Ю.М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч М.Б, Ю.М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч М.Б, Ю.М, тэдний өмгөөлөгч З.Энхтуяа нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Б, Ю.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Б, Ю.М нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Шүүгдэгч М.Б, Ю.М нар нь хохирогчид учруулсан 340.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2 жилийн хорих ял,
Шүүгдэгч Ю.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын сарын хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч М.Б, Ю.М нарын өмгөөлөгч З.Энхтуяа “шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул заавал хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү." гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б, Ю.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.
Шүүгдэгч М.Б, Ю.М нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Ю.М нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч М.Б, Ю.М нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б, Ю.М нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх,
Шүүгдэгч Ю.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б, Ю.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гражийн дотор талын бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М-ын Б, Й овогт Ю-ын М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч М.Бт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б, Ю.М нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б, Ю.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 3-6 тал
[2] Хавтаст хэргийн 7 тал
[3] Хавтаст хэргийн 43-44 тал
[4] Хавтаст хэргийн 12-13 тал
[5] Хавтаст хэргийн 17 тал
[6] Хавтаст хэргийн 18 тал
[7] Хавтаст хэргийн 24-25 тал
[8] Хавтаст хэргийн 34 тал
[9] Хавтаст хэргийн 40 тал
[10] Хавтаст хэргийн 45-84 тал