Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

    2020         01         30                                  2020/ШЦТ/174

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Эрдэнэ,

Шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Чийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00969 0378 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь 2019 оны 11 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уут, савны хамт нийт 942.3 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС15-Н 4 дүгээр байрны 48 тоотод болон биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.               /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч О.Ч нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Шүүгдэгч О.Чийн биед 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн:

"...өмдний баруун талын халаасанд өвс байгаа гэж хэлсний дагуу түүний халаасыг үзэхэд Terra cannabis infused гэсэн бичиглэл бүхий хар өнгийн дугуй сав байх ба онгойлгож үзэхэд дотор нь шаргал өнгийн нунтаг ургамал мэт зүйл байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч, албаны цахилгаан жин дээр жинлэхэд 51.3921 грамм байв. ...О.Чийн биедээ авч явсан хар өнгийн цүнхэнд үзлэг хийхэд урд талын жижиг цахилгаантай халааснаас хоёр талдаа харлаж бохирлогдсон тугалган цаас мэт зүйл байсныг хураан авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоолгохоор ШШҮХ-нд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов" гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-9/,

 

-О.Чийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

О.Чийг Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн олон төрлийн /MOP, MET, КЕТ, HER, AMP, ТНС/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий "Multi-Drug Screen Test Cup" тест ашиглах талаар танилцуулж, тестний битүүмжлэлийг О.Чт тестийг өгч, шалгуулан задлуулж, биологийн дээж өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад татгалзах зүйл байхгүй гэснээр ЭХХШТХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь 5 минутын дараа харахад 5 дугаартай ТНС багананд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, О.Чийн шээсийг битүүмжлэн ШШҮХ-д хүргүүлэхээр тогтов гэх  тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 10-12/,

 

О.Чийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС15-ийн 4 дүгээр байрны 48 тоотод хойшлуулшгүйгээр нэгжлэг хийсэн

"...Миний Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн өвс гэрт байгаа би зааж өгье гэж хэлээд 48 тоот байрны коридорт байх хувцасны шкафыг онгойлгон 2 дахь тавиур дээр нь байх Тазар шим" гэсэн бичиглэл бүхий тагтай шилэнд ургамал зүйлийг хандалж тавьсан, мөн доод тавиур дээр нь гялгар уутны ёроолд ногоон өнгийн ургамал мэт зүйл хийсэн байсныг зааж өгсний дагуу хураан авлаа. Мөн том өрөөнд орж.., буйдангийн хажууд байх цагаан өнгийн цаасан торыг заагаад өвс байгаа гэж хэлсний дараа цагаан өнгийн цаасан торыг онгойлгож үзэхэд хар, улаан, цэнхэр өнгийн 3 ширхэг торонд тус тусад нь савласан шаргал өнгийн ургамал мэт зүйл байв. Дээрх гялгар ууттай ургамал бүхий зүйлсийг авахад зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл хийсэн байв. Уг цагаан өнгийн тортой ургамал мэт зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хураан авав.., том өрөөний зурагтны тавиур дотор тамхины хайрцаг дотор хуульсан 10 төгрөг, каннабис ургамлын тоос хийж байсан хар өнгийн хуванцар сав байгаа гэж хэлсний дагуу дээрх эд зүйлсийг хураан авава.., 00-ын өрөөнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд ашигладаг гар аргаар хийсэн бонго гэж зүйл байгаа гэж хэлсний дагуу заалгаж хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 13-27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6593 дугаартай:

...TERRA гэсэн бичигтэй хар өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйл, дотор талдаа ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон нугалж эвхсэн цаас, сахалын хутга /притка/-ны хугархай тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. 2 талдаа харлаж бохирлогдсон тугалган цаас мэт зүйлээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн "О.Ч" гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 35-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6592 дугаартай:

О.Чийн оршин суух Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС15-Н 4 дүгээр байрны 48 тоотод нэгжлэг хийж хураан авсан “Газар шим" гэсэн бичиглэл бүхий шилэнд хандалж хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл бүхий шингэн зүйл, улаан өнгийн гялгар торонд хийсэн ургамал мэт зүйл, хөх эрээн өнгийн гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, хар өнгийн гялгар торонд хийсэн ургамал мэт зүйл, кип лок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, гялгар ууттай /амыг нь боосон/ ургамал мэт зүйл, дотор талдаа тоос мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн хуванцар сав, ВОНЕМ гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн AJ3196517 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт, дотор талдаа харлаж бохирлогдсон 0.5 литрийн багтаамжтай хуванцар сав, AV3069426 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. "Дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-47/,

 

Шүүгдэгч О.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, Төв аймгийн Борнуур сум руу ганцаараа эгчийнхээ Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж хар өнгийн гялгар уутаар дүүрэн Каннабис ургамал түүж ирсэн. Би гэртээ ирснийхээ дараа Төв аймгийн Борнуур сумын нутгаас түүж ирсэн Каннабис ургамлаа бага багаар нь өөрөө хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдаж, гэртээ байсан бүх Каннабис ургамлаа хураалгасан гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/,

 

-нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Чийн хувийн байдлын талаарх НДЕГ-ийн архивын мэдээлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78-91/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Тус хэрэгт оролцогч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.

 

Нийслэлийн Прокурорын газраас О.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч О.Чийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шээснээс мансуураалах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашигласан тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч О.Чийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисийг боловсруулж байгаа арга, үзүүлэх нөлөөг нэмэгдүүлсэн өөр нэршлийн бодис гаргаж авахаар бэлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1, 7.2, 7.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх саналыг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигийн хэмжээ зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уут савнуудын хамт 942.3 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй ургамал, дотроо каннабис өвсийн тоосоор бохирлогдсон хар өнгийн дугуй хэлбэртэй хуванцар сав, дотор талдаа харлаж бохирлогдсон 0.5 литрийн багтаамжтай хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, ВОНЕМ гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг зэрэг эд зүйлсийг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, хуйлж соруул мэт болгосон AJ3196517 серийн дугаартай 10 төгрөгний дэвсгэрт, AV3069426 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгний  дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад хүргүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунбаатарын Ч ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.Чийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа уут савнуудын хамт 942.3 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй ургамал, дотроо каннабис өвсийн тоосоор бохирлогдсон хар өнгийн дугуй хэлбэртэй хуванцар сав, дотор талдаа харлаж бохирлогдсон 0.5 литрийн багтаамжтай хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, ВОНЕМ гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг зэрэг эд зүйлсийг устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, ВОНЕМ гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцагт хийсэн хуйлж соруул мэт болгосон AJ3196517 серийн дугаартай 10 төгрөгний дэвсгэрт, AV3069426 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгний  дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад хүргүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ