| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0047/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 66
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Ц.Э,
Шүүгдэгч О.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт О-ийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008570021 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт О-ийн Э /регистрийн дугаар ТА....../, 19...оны .......дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Дархан хүнс” ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр багт байрлах “Дархан” зочид буудал дотор иргэн Ц.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, уруулын шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ “...“Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим Эрдэнэчулуун бид хоёр утсаар ярьж байгаад “Мандухай” кафед уулзаад тэндээс гараад гараад Дархан зочид буудлын караокед архи, пиво хувааж уусан. Дахин 0.75 граммын архи аваад М ахыг дуудаад Э бид гурав архи ууж байгаад Эрдэнэчулуун бид хоёр үүд рүү гараад тамхилаад зогсож байтал Э гэнэт миний нүүр рүү цохисон. Би газар унаж босож ирээд Эрдэнэчулууныг яаж байгаа юм бэ гэж хэлээд дагуулаад бид хоёр 00 орсон юм. Ороод намайг хананд шахаад миний нүүр рүү 2 удаа цохисон тэгэхэд миний уруул болон хамарнаас цус гарсан. Би Э-д цохиулаад цусаа угаагаад гараад ирэхэд дахин миний нүүр рүү нэг удаа цохисон. Э-д зодуулсны улмаас миний хоншоор яс хугарсан Э-с эмчилгээний зардалд эхлээд 230.000 төгрөг, дараа нь 800.000 төгрөг, нийт 1.230.000 төгрөг авсан. Одоо Э-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.” гэв.
Эрүүгийн 191800857002 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 25, 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 21 цагийн орчим Э бид хоёр утсаар ярьж байгаад 380 айлын байранд үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” кафед уулзаад тэндээс гараад Дархан зочид буудлын караокед нэг шил 0.5 граммын архи, 2.5 литр нэг пиво хувааж уусан. Дахин 0.75 граммын архи аваад “Дархан” зочид буудлын караокед засварчин хийдэг Мөнхбаяр ахыг дуудаад Э бид гурав архи ууж байгаад би үүд рүү гараад салхилаад зогсож байсан чинь Э миний араас гарч ирээд гэнэт миний нүүр рүү алгадаад авсан. Тэгэхэд нь би газар савж унасан. Би унаж босож ирээд Э-ыг яаж байгаа юм бэ гэж хэлээд дагуулаад буцаад караоке руу орсон. Э бид хоёр 00 орсон юм. 00-н өрөөнд байхдаа ...намайг хананд шахаад миний нүүр рүү 2 удаа цохисон тэгэхэд миний уруул болон хамарнаас цус гарсан. Би Э-д цохиулаад цусаа угаагаад гараад ирэхэд Э М ах руу агсарч байсан бөгөөд дахиад миний нүүр рүү нэг удаа цохиод авахаар би текний араар орж нуугдсан бөгөөд удалгүй Э-ыг найз нь ирээд аваад гарсан. Тэгээд би гэртээ харьсан чинь миний уруул сэтрээд цус гараад байхаар нь би эмнэлэг ороод урууландаа 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 9-ний орой 21 цагийн орчим Э над руу залгаад Э бид хоёр Дархан зочид буудлын караокед байна та ороод ирээч гэж дуудсан. Караоке руу ороход Э, Э хоёр 0.75 граммын “Хар Чингис” архи ууж байсан. Ингээд бид гурав архи ууж дуулж байхад Э, Э хоёр босоод явсан. Удалгүй Э буцаж ирээд Э намайг цохичихлоо гэсэн. ...буудлын үүдэн дээр зогсож байхаар нь би очоод одоо гэртээ хариач гэж хэлэхэд Э доод уруул сэтэрсэн цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг[2],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай “...Ц.Э-ийн биед хоншоор ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, уруулын шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт[3],
Яаралтай тусламжийн хуудас[4],
Шүүгдэгч О.Э урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[5] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч О.Э холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр багт байрлах “Дархан” зочид буудал дотор иргэн Ц.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хоншоор ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, уруулын шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Э нь хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.Э-ы согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд учирсан хоншоор ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, уруулын шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч О.Э-с 1.230.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд сар бүр хоёр зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч О.Э-ы гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг найман сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт О-ийн Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-6, 7 тал
[2] Хавтаст хэргийн 8 тал
[3] Хавтаст хэргийн 13-14 тал
[4] Хавтаст хэргийн 15-16 тал
[5] Хавтаст хэргийн 27-34 тал