Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 68

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000040024 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Х овогт Б-ийн Б /pегистрийн дугаар ОН..../,19... оны ...дугаар сарын ...-ний өдөр Увс аймагт Түргэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Дархан-ус суваг” ХК-д орон сууц, хэрэглэгчийн албанд засварчин ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын .... дугаар баг ..................................тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багт байрлах “Номгон” зочид буудлын ариун цэврийн өрөөнд иргэн *****“Huawei P20 lite” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.Бийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Номгон” зочид буудлын ариун цэврийн өрөөнд иргэн Л.Ж-ын гээгдүүлсэн “Huawei P20 lite” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хохирогч Л.Ж хэрэг бүртгэлтэд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “Би Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын тамгын газарт нягтлан ажилтай бөгөөд манай байгууллага 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймагт шинэ жилээ хийхээр болоод 20 орчим хүмүүс ирсэн. ...Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Номгон” зочид буудалд орсон бөгөөд тэндээ мөн баярласан. Тухайн буудлын ариун цэврийн өрөө орж нөхөр Сүхбат руу залгаж яриад өөрийн биеийг янзлах гээд өөрийн эзэмшлийн Huawei P20 lite  маркийн гар утсаа ард байх тавиур дээр тавиад гарахдаа мартаад гарсан. Тухайн буудал нь ариун цэврийн ганцхан өрөөтэй бөгөөд миний дараа орсон гэх залууг сэжиглэж байгаа ба тэр залуу гаднаас орж ирсэн хүн гэж буудлын үйлчлэгч хэлж байсан юм. Би өөрийн гээгдүүлсэн гар утсаа буцаан хүлээн авсан учир одоо надад гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Л.У-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Гаднаас үл таних 27-28 насны орчим хар куртиктэй залуу Дархан дэлгүүрийн 5 давхарт манай байгууллага нийлсэн гээд халамцуу орж ирээд өрөө авъя гэж хэлэхээр нь өрөө байхгүй талаар хэлэхэд за тэгвэл би ариун цэврийн өрөө орох гэсэн юм гэж надад 500 төгрөг өгсөн бөгөөд орох гэтэл гар утсаа ариун цэврийн өрөөнд мартсан гэх эмэгтэй ороод гарч ирээгүй байсан тул тухайн залуу надаас кофе авч уугаад сууж хүлээсэн ба тухай эмэгтэйг гарсны дараа шууд зөрж ариун цэврийн өрөөнд орсон. Гарч ирээд кофегоо ганц хоёр балгаж байгаад гараад явсан. Тэгээд тухайн эмэгтэй гар утсаа ариун цэврийн өрөөнд мартсан талаар хэлэхээр нь чиний араас нэг залуу орсон араас нь гүйгээрээ гэж хэлээд гадаа хяналтын камер харахад тухайн залуу 18-ын буудал чигтэй явж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Г.Г-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “Камерт бичигдсэн залууг танина гэж хэлж чадахгүй, зүс мэднэ. Би 2013 оны үед Дархан сумын 2 дугаар багт амьдарч байсан ба манай гудамжинд амьдардаг байсан залуу мөн байна. Тус залуу надаас 2 насаар ах байх ёстой ба нэрийг нь ***** гэж дууддаг байсан, би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн залуу ДДСТӨХК-д ажилладаг бөгөөд хааяа тухайн байгууллагын ажлын хувцастай явж байдаг байсан. Би “Номгон” гэх буудалд таарсан бөгөөд би таниад гар барьсан чинь надад нэг кофе авч өгөөд гарч тамхи татчихаад орж ирээд сууж байтал манай найз орж ирэхээр нь би найз руугаа гарсан ба тэгээд буудалд орж ирэхэд нөгөө залуу явсан байсан.” гэх мэдүүлэг[4],

“Номгон” зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[5],

 

Huawei P20 lite загварын гар утсыг Б.Б өөс авч, хохирогч Л.Жаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[6],

 

Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Л.Ж эзэмшлийн ...Huawei p20 lite маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны байдлаар 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],

 

Б.Б ийн мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Б ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Л.Жмэдүүлэг[9]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 4-6 тал

[2] Хавтаст хэргийн 8-10 тал

[3] Хавтаст хэргийн 11 тал

[4] Хавтаст хэргийн 12 тал

[5] Хавтаст хэргийн 23 тал

[6] Хавтаст хэргийн 28-30 тал

[7] Хавтаст хэргийн 18-29 тал

[8] Хавтаст хэргийн 33-34 тал

[9] Хавтаст хэргийн 10 тал