Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 821

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н ” ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: “С” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага Ашигт малтмалын газрын Кадастрын хэлстийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №306 дугаар шийдвэрээр “С” ХХК-д олгосон 343.38 га ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Н ” ХХК-ийн газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , гуравдагч этгээд “С” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б , түүний өмгөөлөгч Г.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Н ” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д******* аймгийн Б******* сумын нутаг Т******* багт Мод үржүүлэн тарих чиглэлээр 400 га газрыг 005******* газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж байгаа болно. Уг газрыг Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2012 оны А/67 тоот шийдвэрээр 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан болно. Гэтэл 

Ашигт малтмалын газарт 2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан аж ахуйн нэгжид уг талбайг XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгож, ингэхдээ манай компанийн 005******* тоот газар эзэмших гэрчилгээгээр эзэмшиж буй талбайтай давхцуулан олгосон байсныг манай компанийн хувьд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олж мэдээд холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон. 

Ингээд бид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу уг талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* тусгай зөвшөөрөл давхцуулан олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасан болно. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны 1/937 тоотоороо манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн тул бид мөн энэхүү тоотыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.

Уг нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-******* тоот өргөдлийн дугаар бүхий талбайд Д******* аймгийн Засаг дарга хуулийн хүрээнд уг талбайг олгох боломжгүй тухайгаа 2015 оны 10 дугаар сарын 15-ны 1/4492 тоотоороо тухайн үед Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг. Мөн 2015 оны 10 дугаар сарын 06-ны Д******* аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр хурлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн С ХХК-ийн талбай нь манай компанийн талбайтай давхацсан тул олгох боломжгүйг тогтоогоод дэмжих боломжгүйгээ илэрхийлэн Д******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Мөн 2016 оны 01 дүгээр сард Д******* аймгийн шүүхэд “С” ХХК нэхэмжлэл гарган Д******* аймгийн Засаг даргын уг тусгай зөвшөөрлийг авахад хуулийн хүрээнд санал өгсөнд дэмжээгүй нь хууль бус гэж нэхэмжлэл гаргаад, энэ асуудлаар манай компанийг мөн уг шүүхээс дуудаж гэрчийн мэдүүлэг авч бид ч уг талбайг давхцалтайг нь үзүүлээд үүний эцэст “С” ХХК нь шүүхээс нэхэмжлэхээ буцаан татсан байдаг.

Уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл давхцуулан олгосноор манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бидний хийсэн бүтээсэн үгүй болох дээрээ тулаад байна. Иймд манай компанийн талбайтай давхцуулан олгосон “С” ХХК-ийн Х\/-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрийн ХХ/-******* хайгуулын тусгай зөвшөөрөлд ногдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4-т заасныг баримтлан аймаг, сумын Засаг даргын тусгай саналыг авах ёстой. Харин аймаг, сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газарт саналаа явуулах талаар хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад байх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мөн л 2 удаа дэмжихгүй санал ирүүлсэн. Үүнийг шүүх хуралдааны  тэмдэглэлээс нь мэдэх бүрэн боломжтой байсан боловч уг шүүх хуралдааны  тэмдэглэлийг лавлаагүйгээс улбаалан цааш дэмжигдээд явсан байна. 

Хавтаст хэрэгт байх баримтуудаас тус газарт санал дэмжигдээгүй байтал санал дэмжигдсэн болгож, нэхэмжлэгчийн газартай давхцуулан тусгай зөвшөөрөл олгогдсон. Иймд эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын Их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргаж нийтэд зарласан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“С” ХХК нь Д******* аймгийн Б******* сумын нутаг Сүүлт толгой нэртэй 343.48 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгүүлсэн байна.

Тус компанийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, хүсэлтэд дурдсан талбайд зураг зүйн шүүлт хийж үзэхэд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6/7166 албан тоот бичгээр санал авахаар Д******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн.  

Д******* аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авч, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1/4492 албан тоотоор Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тул дэмжихгүй санал ирүүлсэн. 

“С” ХХК-аас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон нутгаас дахин санал авах хүсэлтийг манай байгууллагад гаргасны дагуу Д******* аймгийн Засаг даргад 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6/1023 тоотыг хүргүүлсэн. 

Д******* аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/615 тоотоор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолоор дэмжсэн саналыг ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг үндэслэн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр хайгуулын XV-тоот тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн болно. 

Иймд “Н ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нотлох баримт шинжлэн судлах болон тайлбар мэдүүлгүүдээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 306 дугаартай шийдвэр нь хууль зөрчөөгүй гэдэг нь  тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ашигтай байдлаар тайлбар хийж тушаалыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах захиргааны байгууллага нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тодорхой заасан байдаг. Иймээс Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл биш юм. 

Мөн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналын хувьд дэмжээгүй байхад нь “техникийн алдаа гаргаж дэмжсэн мэтээр бичсэн” гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь орон нутгаас ирж байгаа саналыг манай байгууллага тодруулах зохицуулалт байхгүй. Сумын Засаг даргын хурлын тогтоолыг саналдаа хавсаргаж ирүүлээгүй. Зөвхөн манайхаас явуулсан албан бичгийн дагуу дэмжсэн эсэх санал явуулдаг.

Мөн гуравдагч этгээд нь өргөдлийн дагуу манайхаас тусгай зөвшөөрлөө авсан болно. Иймээс гуравдагч этгээдийг буруутгах үндэслэл байхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон Засаг даргын саналын харгалзан тусгай зөвшөөрөл олгосон. Иймээс уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.  

Нэхэмжлэгч компани нь тухайн газартаа үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Их хурлаас 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн солбицлын тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргаж нийтэд зарласан. Үүний дагуу манай компани 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д******* аймгийн Б******* сумын нутагт орших Сүүлт толгойт нэрт газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө тухайн үеийн нэрээр Ашигт малтмалын газарт өгсөн. 

 Улмаар Ашигт малтмалын газраас анхан шатны шүүлт хийж Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.2.2,17.2.3-т заасан шаардлагыг тус тус  хангасан болохыг тогтоосон. 

Үүний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан журмын дагуу орон нутгаас санал авах ажиллагааг хийж, орон нутгаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаартай шийдвэрээр манай компанид XV-******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Эндээс харахад манай компанид тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын газраас ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа байхгүй, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгосон. 

Түүнчлэн Ашигт малтмалын газраас манай компанид тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар анхан шатны шүүлт хийсний дараа орон нутгаас санал ирүүлсэн байх бөгөөд тухайн цаг үед “Н ” ХХК-нд газар эзэмшүүлсэн байсан эсэх талаар огт дурдаагүй. 

Иймд манай компанийн эзэмшиж байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл хууль ёсны тусгай зөвшөөрөл мөн. 

Эдгээрээс гадна нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна. “Н ” ХХК нь Ашигт малтмалын газарт хандсан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/08 дугаартай албан бичгээр гомдол гаргасан байх ба уг гомдлыг төрийн захиргааны байгууллага хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн хариуг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/937 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

“Н ” ХХК уг хариуг мэдсэн байх боломжтой хугацаа нь тус компаниас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын огноо 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж тэмдэглэгдсэн байгаагаар тодорхойлох боломжтой байх бөгөөд гэтэл нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 42 дугаартай албан бичгээр гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасан дээд шатны захиргааны байгууллага, эсхүл уг гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэсэн зохицуулалтыг зөрчиж 83 хоногийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу байна. Энэ тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байгаа тайлбараараа хуулийг мушгисан байдлаар тайлбар хийж байна. Мөн аймаг, сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа саналыг харгалзан хариуцагчид санал илгээдэг. Гэхдээ тухайн татгалзсан гээд байгаа хурлын хувьд “Н ” ХХК-тай огт холбоогүй хурал болсон. Гэтэл нэхэмжлэгч үүнийг  өөрт ашигтай байдлаар тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тайлбарт хэлэгдэж байгаа зүйлс нь нотлох баримтаар нотлогдоогүй. 2007 оноос хойш маш их мод тарьсан нөхөн сэргээлт явуулсан гэдэг нь тодорхойгүй. Хэзээний ямар зураг нь тодорхой биш зургуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.  

Мөн 17598 болон ******* гэсэн дугаартай тусгай зөвшөөрлүүдтэй залгаа буюу баруун хойноосоо зүүн урагш чиглэсэн жалганы хэсэгт уурхай ажиллаж байгаа нь сансрын зургаас харагдаж байгаа. Бусад талбайтай маргахгүй захдуу хэсэг газарт маргаан үүсгээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй харагдаж байна. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 306 дугаар шийдвэрийн XV-******* хайгуулын тусгай зөвшөөрөлд ногдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 306 дугаар шийдвэрээр “С” ХХК-д олгосон 343.38 га ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Н ” ХХК-ийн газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон тул шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчид Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 107 дугаар захирамжаар  400 га газрыг мод үржүүлэн тарих, нөхөн сэргээх, тарималжуулах зориулалтаар олгож, № 005******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ  олгож, тус сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № А/67 дугаар захирамжаар  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгажээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дээрх сумын Засаг даргын захирамжуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч уг захирамжууд нь тус шүүхээс шаардсаны дагуу Д******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 1/240, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № 1/338 тоот албан бичгүүдээр албажиж ирсэн тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн болно.

Мөн нэхэмжлэгч нь анх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №128/ШЗ2016/9721 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 128/ШЗ2016/10131 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №128/ШЗ2017/1081 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Ашигт малтмалын кадастрын хэлстийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 306 дугаар шийдвэрээр  гуравдагч этгээдэд Д******* аймгийн Б******* сумын Сүүлт толгой гэх газар 343.38 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №ХV-******* дугаар  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгожээ. 

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар 53 орчим га хэмжээгээр давхцаж байгаа болох нь Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 04/2648 тоот албан бичгээр ирүүлсэн кадастрын зураг , “Г*******” ХХК-ийн зургийн боловсруулалт  зэргээр нотолж байх бөгөөд хэргийн оролцогч нар давхцлын талаар маргаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий газарт газар эзэмших эрх цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид түрүүлж үүсжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 11.1.7-д “ашигт малтмалын тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэжээ.

Дээрхээс дүгнэвэл Ашигт малтмалын кадастрын хэлтсийн дарга нь /хуучин нэрээр/ маргаан бүхий газар /талбайд/ эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бусад этгээдэд газар эзэмшүүлсэн эсэхийг хяналгүйгээр гуравдагч этгээдэд давхацуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлсэн байхад уг эрхийг нь хязгаарлаж гуравдагч этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг давхцуулж олгосон нь буруу байна.

Харин Д******* аймгийн Засаг даргаас тус аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас нийт 2 удаа санал авч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр хуралдааны № 04 дүгээр тогтоол,  2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар хуралдааны № 03 дугаар тогтоолуудаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй, Д******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 26 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж, аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөн дэмжсэн саналыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс дээрх аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын дэмжсэн саналтай холбогдуулж маргаагүй тул шүүхээс дээрх захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 63 дугаар зүйлийн 63.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31.3-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч: “Н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Ашигт малтмалын кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 306 дугаар шийдвэрээр “С” ХХК-д олгосон 343.38 га ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “Н ” ХХК-ийн газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б. МӨНХ-ЭРДЭНЭ